2021 оны ШИЛДЭГ 10 видео тоглоом


Хасбаатар | YOLO.MN
2021-12-20

Ковид-19 цар тахлын үеэр уналтад орох нь бүү хэл харин ч сэргэсэн салбар бол видео тоглоомын салбар. Ковидын шинэ давлагаа эхлэх бүрд дэлхий даяар хэчнээн хүн гэртээ “хоригдож” байгааг төсөөлөөд үз дээ. Тэр цаг хугацааг яагаад тэс өөр ертөнцөөр аялахад зарцуулж болохгүй гэж?

Энэ онд Indie төрлийн тоглоомууд хүч түрэн гарч ирж байгаа хэдий ч Halo, Metroid зэрэг франчайзууд ч эргэн ирсэн билээ.

Цааш олон зүйл нуршихгүйгээр энэ оны шилдэг арван видео тоглоомын жагсаалтыг та бүхэндээ танилцуулъя.

10. IT TAKES TWO

Энэхүү тоглоом нь хосын харилцааг аварч чадах цор ганц видео тоглоом ч байж мэднэ. Харилцаа нь нуран унаж салахын даваан дээр байгаа хосууд охиныхоо хүүхэлдэйн биед гацсанаар тоглоомын үйл явдал цааш өрнөнө. Хэрэв нэг тоглогчид алх оногдсон бол нөгөө нь хадаас барьж тогтоох хэрэгтэй. Хадаас хадахаас эхлээд хосын харилцааг аврахад хүртэл хоёр хүний хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатай ажээ. “Super Mario”-той адил хэдэн зуун тоглоом бий ч “It Takes Two” агуулга болон зохиолоороо аргагүй ялгарна.

9. SABLE

Хэдэн зуун бээр үргэлжлэх элсэн цөл. Элсэн манхны цаагуур нар жаргах хараа булаам зураглал. Галзуу загвартай хурдны мотоцикл. Энэ тоглоомд нүд баясгам зураглалууд бүгд бий. Ард түмнийхээ ёс уламжлалын дагуу хорвоо ертөнцтэй ганцаар танилцахаар явж буй охиныг тойрон үйл явдал өрнөх уг тоглоомоос чи стресс хайгаад ч олохгүй. Энд зөвхөн тайвшрал бас сэтгэлийн баясал л бий.

8. DEATHLOOP

Нэгэн арал дээрх найман хүнийг устгах даалгавартай хөлсний алуурчин Colt Vahn-ыг тойрон өрнөх уг тоглоом нь гоёмсог хэдий ч хааяа нүд халтирам. “Deathloop” гярхай, ажигч тоглогч нараа урамшуулах гэсэн мэт тоглоомын нууцад хэдий чинээ нэвтэрнэ, төдий чинээ баялаг түүхийг бэлдсэн нь цаанаа сэтгэл татам.

7. HALO INFINITE

“Master Chief” эргэн иржээ. Тоглоом сонирхогчдын дунд хэдийнэ танил болсон гайхалтай дүрийн түүхийг “Halo Infinite” дахин нэг хуудсаар баяжуулав. Шинжлэх ухааны уран зөгнөлт, нэгдүгээр биеийн буудагч төрлийн уг тоглоомд тээврийн хэрэгсэл жолоодож, нисэж, дайсны фронтын ард гарч дайны давлагааг ч эргүүлэх боломжтой юм.

6. RETURNAL

“Returnal”-д бид холын ирээдүйд үл таних гарагийг судлахаар илгээгдсэн Selene гэх бүсгүйн дүрээр тоглох ба уг гарагийг нээн илрүүлж, гүнзгий судлах явцад олон дахин үхэж тоглоомын эхлэл рүү буцаагдсаар байна. Анх энэ тоглоом тоглогчдод явцаа хадгалах боломж огт олгодоггүй байсан гээд л бод. Нэг удаагийн суултаар дуусгаад бос гэсэн үг шүү дээ.

5. HITMAN 3

“Hitman” франчайзын гурван цувралаас маргаангүй хамгийн шилдэг нь. Тэртээ 2000 онд эхний ангиа цацаж байсан уг франчайз энэ онд цацагдсан “Hitman 3”-аар он удаан жилийн түүхдээ цэг тавина гэдгээ мэдэгджээ.

4. CHICORY: A COLORFUL TALE

Өнгөн хэсэгтээ Chicory бол бийр барьсан өхөөрдөм нохойн тухай хөнгөн тоглоом. Гэсэн хэдий ч цаад санаа, утгын хувьд хүнд нэгийг бодогдуулж, хүүхдэд өөрийгөө болон өрөөл бусдыг хайрлах тухай сургаж чадах сурах бичиг. “Chicory: A Colorful Tale”-ийн ертөнц буддаг ном чинь байх болно. Моддыг ягаанаар, бүх байшинг цэнхрээр будсан ч болно. Будахгүй өнгөгүй үлдээх гэсэн сонголт ч бий. Гагцхүү бусдын амьдралд өнгө, баяр баясал нэмэх хүч тоглогч чиний гарт бий.

3. FORZA HORIZON 5

Задгай ертөнцөд өрнөх уралдаант тоглоомын өнгийг тодорхойлогч “Forza” франчайз эргэн ирээд зогсохгүй өнөөг хүртэлх хамгийн шилдэг бүтээлээрээ бидэнд барьж орхилоо. Хурдны зам, балчиг намаг, ой мод гээд хаана л бол хаана уралдах боломжтой. Хүрээлэн буй орчны дүрслэлийг төгс гээд хэлчихсэн ч буруудахгүй. Хэчнээн хурдан давхиж байсан ч нүдийг баясгасаар л байх болно.

2. INSCRYPTION

Онцгой содон хөзрүүд цуглуулж, адал явдлыг хурууныхаа үзүүрээр товшин мэдрэх боломжийг олгох тун ч содон тоглоом доо. Жижиг модон байшинд байх баг зүүсэн араатан аминд чинь заналхийлнэ. Амийг чинь аврах зүйлс бол ердөө л нэг дүрмийн дом, ярьдаг хөзөр хоёр. Харагдах байдлаараа 1990-ээд оныг санагдуулам уг тоглоом арга мэх, ур ухааныг чинь шалгана.

1. METROID DREAD

Хүмүүс “Nintendo” гэхээр Mario, Pikachu мэтийн өхөөрдөм хөөрхөн дүрүүдийг төсөөлдөг. Гэвч “Metroid” тоглоомын Samus Aran-ыг мэддэг нь ховор. Юутай ч Метро фрайнчайзаас олигтой бүтээл гарахгүй байсаар бараг л арван жил өнгөрсөн байсан учир “Metro Dread” ган тайлж орсон бороо мэт сайхан байв. Хааяа хааяа нурууны шар үс босгодог ч яг аймшгийн тоглоом гээд хэлчхэж болохооргүй уг тоглоом яах аргагүй энэ оны шилдэг нь байж чадлаа.

#Видео тоглоом #Time #2021