Хамгаалах байранд амьдардаг хүүгийн Сантад хаягласан зүрх шимшрүүлэм захидал


Сондор | YOLO.MN
2021-12-20

Хамгаалах байранд амьдардаг долоон настай хүүгийн Санта Клауст хаяглан бичсэн захидал нь олны сэтгэлийг хөдөлгөж, гунигт автуулжээ. Хүү хүчирхийллээс хамгаалах байранд ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд ээж нь захидлыг түүний цүнхнээс нь олж тус газрыг ажиллуулдаг эмэгтэйд үзүүлжээ.

Долоон настай Блэйк хүү жил бүрийн Зул сарын баяраар Сантад захидал бичдэг бөгөөд энэ жил бичсэн түүний захидлыг асран хамгаалах байрны эзэн эмэгтэй сошиалд байрлуулсан нь олон нийтийн зүгээс ийм их хандалтыг бий болгоно гэж төсөөлөөгүй байна.

Блэйк хүү зүрх шимшрүүлсэн захидалдаа өөрийн туулж өнгөрүүлсэн зарим зүйлээ тоймлон өгүүлжээ.

"Хүндэт Санта,

Аав маш их уурласан тул бид гэрээсээ явах шаардлагатай болсон. Бид бүхий л ажлыг хийдэг байв. Харин аав хүссэн бүхнээ авдаг. Ээж "Одоо явах цаг нь болсон. Хоёулаа айх шаардлагагүй, аюулгүй газар очно” гэж хэлсэн. Гэсэн ч би айсан хэвээрээ л байна. Би бусад хүүхэдтэй ярихыг хүсдэггүй. Та энэ Зул сарын баяраар ирэх үү? Энд /түр хамгаалах байрт/ бидний ямар ч эд зүйлс байхгүй. Та хэдэн ном, толь бичиг, луужин, цаг авч ирж болох уу? Би бас маш сайн аавтай болохыг хүсэж байна. Үүнийг ч мөн чадах уу?

Хайртай шүү, Блэйк” гэсэн байв.

Түүний захидал цахим ертөнцөөр тарж, олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөв. SafeHaven ашгийн бус хамгаалах байрны гүйцэтгэх захирал Кэтрин Жейкоб "Олон нийт ийм их анхаарал хандуулна гэж бид хэзээ ч төсөөлөөгүй" гэжээ.

Захидлыг нийтэлснээс хойш тус байранд байгаа хүүхдүүдэд зориулсан баярын бэлэг, үүнд Блэйкийн хүссэн бүх зүйл багтсан хандивууд цуглажээ.

Кэтрин Жейкоб Техас мужийн Даллас, Форт Уэрт хотын Таррант тойргийн бүх хэсэгт үйлчилдэг хамгаалах байрандаа ийм нөхцөл байдалтай байнга тулгардаг талаараа ярьжээ. "Бидний хувьд энэ бол байнга сонсдог түүх. Өнөөдрийн байдлаар манай хоргодох байранд 73 хүүхэд байна. Блэйк бол тэдгээр хүүхдийн нэг" гэжээ.

Судалгаагаар Техасын гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хэмээжээ.

Эх сурвалж: Today

#Сонин хачин #Санта