Tom Holland: Кино урлагаас завсарлага авч ГЭР БҮЛ зохиомоор байна


Миау | YOLO.MN
2021-12-17

Нээлтээ хийгээд удаагүй “Spider-Man: No Way Home” киноны гол дүр, жүжигчин Tom Holland кино урлагаас түр завсарлага авч, гэр бүл зохиомоор байгаа тухайгаа хуваалцжээ.

Spider-Man-ий дүрээр олонд танигдсан тэрээр ирэх оны хоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх “Uncharted” кинонд Америкийн нэрт жүжигчин асан Fred Astaire-ийн дүрийг бүтээхээр ажиллаж байгаа аж.

Гэсэн ч сүүлд “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ирээдүйд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах хүсэлтэй байгаа тухайгаа хуваалцсан юм. Тэрээр:

- “Би сүүлийн зургаан жилийн турш карьертаа хамаг анхаарлаа хандуулсаар ирсэн. Харин одоо бол түр завсарлага авч, гэр бүл зохиож, кино урлагаас өөр ертөнцөд юу хийж чадахаа сорьж үзмээр байна.

Би хүүхдэд хайртай. Аав болно гэхээс тэсэж ядаж байна. Би хүлээж чадна л даа. Угаасаа хэзээ нэгэн цагт аав болно. Гэхдээ л хүлээж тэсэхгүй нь ээ! Би ер нь хуримын ёслол эсвэл үдэшлэгт очсон ч хүүхдүүдийн ширээнд тэдэнтэй хөгжилдөөд л байж байдаг төрлийн хүн. Аав минь энэ тал дээр үлгэр жишээ хүн. Аавынхаа энэ талыг нь дуурайсан байх. Хэрвээ би кино урлагийн салбарт хөл тавиагүйсэн бол бага ангийн багш байх байсан байх” гэжээ. 

“Spider-Man: No Way Home” киноны продюсер Amy Pascal хэвлэлийнхэнд жүжигчин Tom Holland Spider-Man-ий дүрийг дахин гурван кинонд бүтээх болно гэдгийг мэдэгдсэн юм. Тэгвэл Tom энэ тухай:

- “Би Spider-Man-ий дүрийг бүтээх дараагийн залуу уран бүтээлчид зайгаа тавьж өгмөөр байна. Spider-Man ирээдүйд хэчнээн ихээр өөрчлөгдөж болох бол? Spider-Gwen, Spider-Woman ч гэж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Spider-Man-ий дүрийг одоогийн байдлаар гурван өөр жүжигчин бүтээгээд байна. Бид хоорондоо нэг их өөрцгүй. Тийм болохоор тэс өөр зүйл харна гэвэл миний зүгээс лав таатай хүлээн авна” гэжээ. 

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Spider-Man #Tom Holland