"СЭТГЭЛЭЭ ИЛЧЛЭХ амаргүй ч оролдлого хийгээгүйгээс ИЛҮҮ ДЭЭР юм"


Сондор | YOLO.MN
2016-10-27

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнтэй яаж ярилцаж дотно болох вэ?

Би түүнтэй яаж ярилцаж дотно болох вэ би түүнийг өөр хүнд алдмааргүй байна надад туслаач

Сайн байна уу? Би одоо 9-р анги. Энэ жил манай дээд ангид нэг хөвгүүн шилжиж ирсэн юм л даа. Нэг өдөр тэр манай биеийн тамирын цаг дээр орж ирж хамт тоглосон юм. Тэгээд би түүнийг харсан тэр өдрөөс хойш түүнийг харахаар ичээд эсвэл нэг мэдэхэд л бодоод сууж байх юм. Би түүнд сайн болчихсон юм шиг байна. Би түүнтэй яаж ярилцаж дотно болох вэ би түүнийг өөр хүнд алдмааргүй байна надад туслаач

ЗӨВЛӨГӨӨ: Тухайн хөвгүүний хийх дуртай зүйл, сонирхол хобби, юу үзэж туулсан зэргийг ярилцаарай

Чиний үеийн бүх л хүүхдэд хүнд татагдах үед нь сая дээр дурдсан шинжүүд илэрдэг.

Сайн байна уу, Захидал бичсэнд баярлалаа.
Хүн бүхэнд тохиолддог сайхан зүйлсийн нэг хайр дурлал чамд ирсэн бололтой. Чиний хүсэж байгаачлан түүнийгээ өөр хүнд алдмааргүй байгаа бол сэтгэлээ илчлэх оролдлого хийж түүнтэй ярилцаж үзэх замыг сонгоорой. Мэдээж энэ тийм ч амархан биш ч гэлээ огт оролдлого хийгээгүйгээс л хавь илүү дээр шүү дээ. Гэхдээ эхлээд чи түүнийг зүгээр л сонирхож байгаа эсхүл үнэхээр чин сэтгэлээсээ хайртай болсон эсэхээ нягтлаарай.  Чиний үеийн бүх л хүүхдэд хүнд татагдах үед нь сая дурдсан шиг шинжүүд илэрдэг. Өөртөө таалагдаагүй хүний дэргэд хэвийн мөртлөө өөртөө таалагддаг хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий гэж биеэ цэгнэх, хувцаслалтандаа хэт анхаарах зэрэг нь байдаг л хариу үйлдэл учраас ганцхан би л ингээд байна гэж санаа зовохгүй байх хэрэгтэй. Ярихын тухайд яриагаа сонирхолтой хийдэг зүйлсээс нь эхэлж ярих нь тохиромжтой. Тухайн хөвгүүний хийх дуртай зүйл, сонирхол хобби, юу үзэж туулсан зэргийг ярилцаарай. Учир нь эрэгтэй хүмүүс өөрийнх нь дуртай зүйлийг сонирхдог охидод тааламжтай ханддаг. Мэдээж чи хичээж байхад найз чинь ч бас хичээх хэрэгтэй. Чиний талаар сонирхдог, чамайг сайн сонсож чаддаг бол чи сайн найзтай болжээ!

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers