Хүүхэд хамгааллаар үүрэг хүлээгчдийг давтан мэргэшүүлэх сургалтын ЭРГЭН ТОЙРОНД


Т. Ундрах | YOLO.MN
2021-12-10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 09-11-ний өдрүүдэд салбарын удирдах ажилтнууд, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан нийтдээ 191 төлөөлөгч, албан тушаалтан, санхүүгийн ажилтнуудыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулж байна.

Ингээд уг зөвлөгөөнд оролцож буй салбарын мэргэжилтнүүдтэй ярилцсаныг хүргэе. 


Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, Э. Батбаяр

YOLOХүүхэд хамгааллаар үүрэг хүлээгчдийг давтан мэргэшүүлэх сургалт жил бүр зохион байгуулагдсаар ирсэн. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд завсардсан байна. Таны хувьд энэхүү зөвлөгөөнд хэд дэх жилдээ оролцож байна вэ?

- Би энэ үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байна. Хүүхэд хамгааллын салбарын бодлого, бүтэц, зохион байгуулалт, салбартаа хэрэгжүүлж буй хууль, дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтийн тухай хэлэлцэх, нөгөөтэйгүүр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны хууль журамд санал, дүгнэлт өгөх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг нэгдсэн журмаар хүргэх боломж бололцоог бүрдүүлэх ач холбогдолтой уулзалт болж байна гэж дүгнэлээ.

YOLOЯг энэ жилийн арга хэмжээний үндсэн зорилт нь юу вэ? 

- Нэгдүгээрт, манай салбарын бүтэц, зохион байгуулалт. Хоёрдугаарт, манай салбарын хэрэгжүүлж буй стратеги төлөвлөгөө. Гуравдугаарт, хууль эрхзүйн орчинд манай салбар хэрхэн ажиллах вэ. Дөрөвдүгээрт, урт хугацааны стратеги буюу 2030, 2040, 2050 онуудад манайх ямар чиглэлээр ажиллах вэ гэдэг талаар. Тавдугаарт, манай хүүхэд хамгааллын салбарын чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын санхүүгийн шинэчлэл буюу төсвийн хуваарилалтыг шинэчлэн ажиллах зохион байгуулалттай байна.

YOLOЭнэ үйл ажиллагаанд оролцож буй хувийн сэтгэгдлээс хуваалцвал.

- Ямартай ч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй нийт удирдлага, удирдах ажилтан, хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие биентэйгээ уулзаж чиглэл чиглэлээрээ нөхөрлөх тал дээр үр дүнтэй үйл ажиллагаа болж байна гэж дүгнэлээ. 


“Өнөр бүл” хүүхдийн төв - М. Өлзийчимэг

YOLOТаны хувьд энэхүү зөвлөгөөнд хэд дэх жилдээ оролцож байна вэ? 

- Би 2016 оноос өнөөдрийг хүртэл "Өнөр бүл" хүүхдийн төвийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Энэхүү зөвлөгөөнд хоёр дахь удаагаа оролцож байна. 

Энэ жил цар тахалтай хүнд цаг үед хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал нэлээн хүнд байгаа. Зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй хүн бүр энэхүү асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Тэгэхээр энэ жилийн арга хэмжээний гол онцлог бол хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэхэд чиглэсэн байх ёстой гэж хувь хүнийхээ зүгээс харж байна. 

YOLOЯг энэ жилийн арга хэмжээний үндсэн зорилт нь юу вэ? 

- Хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрхийн батлагдаж гарсан хуулийг хөрсөн дээр хэрхэн хэрэгжүүлэх, арга зүйгээр хэрхэн хангахад энэ үйл ажиллагааны гол зорилго оршиж байна. 

YOLOАсран хамгаалах төвд хүүхдүүд ирж буйн гол асуудал нь хаана оршиж байгаа юм бол? 

- Өнөөдрийн байдлаар "Өнөр бүл" төв 180 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт хүүхдүүдийн 60 гаруй хувь нь эцэг эхтэй хүүхдүүд. Тэгэхээр яагаад энэ асуудал хөндөгдөж байна вэ гэвэл сүүлийн үед залуу гэр бүлүүд гэр бүл төлөвлөлтийн талаар хангалттай хэмжээний мэдлэггүйгээсээ болж салж сарних, амьдралд хөл алдах, цаашлаад архины хамааралтай болох, хэрэг төвөгт орооцолдог. Энэ бүхний үр дүн нь хүүхэд дээр буудаг. Учир нь хүүхэд өнчирч, эцэг эх нь амьд байгаа мөртлөө амьдын хагацал үзүүлж байна шүү дээ. Энэ бол өнөөдөр бидний өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. 

Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль, бүр сургуулийн өмнөх боловсролоос эхлээд гэр бүл төлөвлөлтийн боловсрол олгох, хувь хүний үүрэг хариуцлага гэдэг зүйлийг багаас нь төлөвшүүлэхгүй бол хүнд байна. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайн байх ёстой. Мөн анхан шатны нэгж болох хороодын нийгмийн ажилтнууд амьдралд хөл алдаж буй залуу гэр бүлүүдийг олж илрүүлэх, тэнд хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг илрүүлэх, тэр хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой. 

Алдаа нь юу байна гэхээр хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийг хамгийн түрүүнд захирамж гаргаад, үнэлгээ хийгээд, үл хайхрах хэлбэрийн, бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна гэж үзэхээрээ шууд асрамж халамжийн төв рүү шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, эцэг эхтэй ажиллахгүй байна гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд эцэг эхчүүдийг яаж засаж залруулах вэ? Яаж амьдралд нь буцааж оруулж ирэх вэ? Яаж хүүхдийнхээ өмнө хүлээсэн, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байлгах вэ? Энэ тал дээр маш их ажиллах ёстой.


О. Лхагвасүрэн, хүүхдийн тусламжийн 1058 утасны үйлчилгээний төв

YOLOХүүхэд хамгааллаар үүрэг хүлээгчдийг давтан мэргэшүүлэх сургалт жил бүр зохион байгуулагдсаар ирсэн. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд завсардсан. Таны хувьд хэд дэх жилдээ оролцож байна вэ? 

- Би энэхүү арга хэмжээнд анх удаа оролцож байна. Энэхүү үйл ажиллагаа нь жил болгон зохион байгуулагдвал салбар дундын харилцаа холбоо сайжрах үр дүнтэй гэж харж байна. Энэ жилийн хувьд хууль эрхзүйн орчин сайжирч байна. Цар тахалтай холбоотойгоор хоцорсон үйл ажиллагаанууд үргэлжилж, урагшилж явах болно гэж бодож байна.

YOLOЭнэ үйл ажиллагаанд оролцож буй хувийн сэтгэгдлээс хуваалцвал.

- Мэдээж сэтгэл их өндөр байгаа. Ялангуяа нийгэм, хүүхэд хамгааллын салбарт ажиллахад мэргэжлийн ур чадвар их шаардагддаг учир хууль эрх зүйн талаар ерөнхий ойлголтуудыг авч чадаж байна. Цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байна гэж үзэж байна. 

#Мэдээ #Үйл явдал