Youth Power Vol.2: Асуудал ба залуусын шийдэл


YSC | YOLO.MN
2021-12-02

Сурвалжилга хийхээр зорьсон газартаа ирлээ. Өсвөр үеийн найзууд маань цагаан өнгөөр ижилсэж, цагийн зүүтэй уралдан хурлын танхимд цуглажээ. Тэд “Монгол Экологи” төвөөс зохион байгуулсан “Youth Power Vol.2” арга хэмжээнд оролцож байгаа нь энэ байв. YSC хөтөлбөрт хамрагдаж буй нийслэлийн 119, 12 дугаар сургуулийн оролцогчдоос гадна Ховд аймгийн Манхан, Хөвсгөл аймгийн Хатгал сумын 9-12 дугаар ангийн сурагчид уг үйл ажиллагааг зорин иржээ. Тэд арваннэгдүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн бүтээлч санаагаа хуваалцан, бие даан төсөл боловсруулж хоорондоо өрсөлдсөн юм.

Арга хэмжээг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэлсэн бөгөөд 2022 оныг залуусын жил болгон зарлаж буйг мэдэгдээд оролцогчдын асуултад хариулсан юм.

Энэ удаагийн “Youth Power Vol.2” арга хэмжээнд оролцсон 50 орчим сурагч эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, сэтгэлзүйн эрүүл мэнд, дээрэлхэлт, гар утасны донтолт зэрэг сэдвийн хүрээнд үүсэж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр зорьсон. Мөн салбартаа амжилттай ажиллаж буй залуусын төлөөлөл болсон YSC хөтөлбөрийн элч нар баг тус бүрийг чиглүүлж байсныг онцолмоор байна.

Хөгжөөнт тоглоомоор өглөөг эхлүүлж, Хөвсгөл, Ховд аймгаас ирсэн сурагчид “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” (YSC) хөтөлбөрт хамрагдсан сэтгэгдлээ хуваалцсанаар арга хэмжээ үргэлжиллээ. Түүнчлэн багаар ажиллах үйл явц эхэлсэн бөгөөд огт танихгүй хүүхдүүдийг нэг багт хуваарилсан нь тэдний хувьд шинэ сорилт болсон гэж орон нутгийн сурагчдын төлөөлөл хэлж байсан юм.

Төсөл бичнэ гэдэг мэдээж амаргүй тул анхан шатны мэдэгдэхүүн өгөхөөр YSC элч Т.Номин-Эрдэнэ энэ талаар сургалт, чиглүүлэг өгөв. Түүний дараа багууд анхны төслөө бичиж эхэллээ. Засаж сайжруулах зүйлсийг цаг тухай бүрд багийн менторууд зөвлөж байсан учраас оролцогчдын хувьд арай хялбар болж байх шиг санагдсан. Удалгүй “Өглөө”, “Амлая” зэрэг төслийг хэрэгжүүлсэн Э.Түвшин оролцогчдод бичсэн төслөө хэрхэн олон нийтэд хүргэх талаар илтгэл тавилаа. Бодож олсон санаагаа, боловсруулж төсөл болгосны дараа олон нийтэд хүргэх гэсэн том даваа гарч ирнэ.

Харин үүн дээр YSC элч Н.Ганжигүүр тусалж, төслөө хэрхэн pitch хийх талаар сургалт орсон билээ. Цоо шинэ туршлага олж авч буй оролцогчид маань сандрал, догдлол ихтэй байсан нь зогсоо зайгүй цагийн зүг харж байснаас мэдрэгдсэн юм. Ийнхүү долоон баг төслөө танилцуулж олонхын саналаар шилдэг багаа тодруулсан.

“Эрүүл зүрх, саруул судас” уриан дор нэгдсэн “Дөрвөлжин” баг Монгол Улсад тулгамдаж буй зүрх судасны өвчнийг онцолж, иргэдийг тогтмол үзлэг шинжилгээнд хамруулах талаар төсөлдөө тусгасан нь тэднийг ялагч болгов.

Тус багийн төлөөлөл “Томүжин” алтернатив ахлах сургуулийн сурагч Х.Энх-Учрал “Багийн ажиллагааны хувьд маш олон зүйл сурч авлаа. Мөн нэгхэн өдрийн дотор төсөл боловсруулах, хэрэгжүүлэх талаар цэгцтэй мэдлэгийг олж авсандаа баяртай байна” гэж ярьсан юм. Харин Ховд болон Хөвсгөл аймгаас ирсэн сурагчдын хувьд найзын хүрээгээ тэлж, үе тэнгийнхнээсээ урам зориг авсан талаараа онцлон ярьж байсан билээ.

Үйл ажиллагааны төгсгөлд Европын Холбооны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри уг арга хэмжээний тухай дөрвөн зүйлийг цохон тэмдэглэсэн юм.

Тэрээр “Нэгдүгээрт, үзэл бодлын хувьд ялгаатай олон хүн байгаа ч та бүхэн багаар ажиллах нь хэр чухал вэ гэдгийг ойлгожээ. Өөрсдийн онцлогт тулгуурлан багийн гишүүн бүр үүргээ хуваан авч байна шүү дээ. Хоёрдугаарт, өнөөдөр танилцуулсан бүх төсөлд “Боловсрол” гэх нэг ижил үг давтагдаж байсан. Ямар нэг байдлаар шинэ зүйлийг суралцах, мэдлэг олж авах тухай дурдсан нь нэн сайшаалтай байсны зэрэгцээ боловсрол олж авахаа хэзээ ч бүү зогсоогоорой. Гуравдугаарт, маркетингийн талаар ярьж байсан нь намайг гайхшрууллаа. Хэчнээн гоё санаа гаргаад түүнийгээ олон нийтэд хүргэж чадахгүй бол ямар ч үр ашиггүй болдог. Хамгийн сүүлд нь өөрчлөлтийн тухай бүх баг ярьсан. Аль ч салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд ямарваа нэг өөрчлөлт хэрэгтэй. Харин энд цугласан та бүхэн эдгээр өөрчлөлтийн эзэд юм шүү!” хэмээн ярьсан юм.

#Үйл явдал