"Ghibli" студийн фэнүүдэд таалагдах 5 ВИДЕО ТОГЛООМ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-11-30

“Ghibli” студи нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхэлдэйн кинонд тооцогддог "My Neighbor Totoro" (1988), "Howl's Moving Castle" (2004) зэрэг сонгодог бүтээлүүдийг туурвисан гэдгээрээ алдартай. Тэдний зохиолын санаа, дүрслэл зэрэг нь ямагт шинэлэг байдаг тул үзэгчдийн сайшаалыг хэдэн арван жилийн турш хүртсээр ирсэн. Энэ нь зөвхөн кино урлагийн салбарт ч биш видео тоглоомын салбарт идээшээд багагүй хугацааг үджээ.

Ингээд “Ghibli” студийнх шиг ид шидийн орчныг видео тоглоомын сандаа нэмэхийг хүссэн хэн бүрд дараах тоглоомуудыг санал болгож байна.

NI NO KUNI: WRATH OF THE WHITE WITCH

Цацагдсан огноо: 2011 оны арван нэгдүгээр сарын 17

Цуврал: Ni no Kuni

Платформууд: PlayStation 4, PlayStation 3, Nintendo Switch, Nintendo DS, Microsoft Windows

 

Энэ бол “Ghibli” студийн шүтэн бишрэгчид тоглоход хамгийн ойлгомжтой тоглоомуудын нэг. Анх PS3 дээр гарч байсан уг бүтээл 2019 онд нэрээ солин Switch дээр дахин гарсан. Тоглоомыг “Ghibli” студитэй хамтран бүтээсэн учраас гайхалтай дүрслэлтэй болсон гэгддэг. Тоглоомын түүхийн хувьд Оливер хэмээх залуу хүү ээжийгээ аврахын тулд ид шидийн ертөнцөөр аялал хийж буй аж.

BEHIND THE FRAME

Цацагдсан огноо: 2021 оны долдугаар сарын 25

Хөгжүүлэгч: Silver Lining Studio

Платформ: Android, Microsoft Windows, iOS, Macintosh

“Behind the Frame” бол харьцангуй сүүлд гарсан гоёмсог хийц бүхий видео тоглоом юм. Уран зураг бүр өөрийн гэсэн түүхтэй. Тэгвэл уг тоглоом “Ghibli” студийн дүрслэлээс санаа авсан учраас та бүхэнд дулаахан тохилог, яг л гэртээ байгаа мэт мэдрэмжийг өгөх аж. Зургийг амилуулдаг хамгийн гол зүйл бол өнгө будаг. Хүсэл тэмүүлэл дүүрэн зураачийн бүтээлийг бэлэн болгох нууц жорыг өөрөө хайна гэхээр сонирхолтой биш гэж үү?

WHAT REMAINS OF EDITH FINCH

Цацагдсан огноо: 2017 оны дөрөвдүгээр сарын 24

Хөгжүүлэгч: Giant Sparrow

Платформ: PlayStation 4, iOS, Microsoft Windows, Nintendo Switch, Xbox One

"What Remains of Edith Finch" бол Giant Sparrow-ийн хөгжүүлж, Annapurna Interactive-ээс нийтэлсэн 2017 оны адал явдалт тоглоом юм. Дээрх тоглоом Финчийн гэр бүлийн гишүүн Эдитийн дүрийн өнцгөөс өрнөдөг. Түүний гэр бүлд хараал хүрсэн гэж үздэг. Учир нь тэдний удмынхан дундаас үе бүрийн нэг гишүүнээс бусад нь ер бусын байдлаар насан эцэслэдэг. Эдит энэ бүхний учрыг олохоор гэр бүлийнхнийхээ түүхийг судалж эхэлдэг.

CONCRETE GENIE

Цацагдсан огноо: 2019 оны аравдугаар сарын 8

Хөгжүүлэгч: Pixelopus

Платформ: PlayStation 4

“Concrete Genie” бол Эш хэмээх залуу хүүгийн түүх юм. Тэрээр зурагт хайртай нэгэн бөгөөд үргэлж тэмдэглэлийн дэвтэр дээрээ зураг зурж явдаг. Нэгэн өдөр тэрээр танхай хүүхдүүдтэй таарч, тэдэнд дээрэлхүүлж зургийн дэвтрээ уруулдаг. Тарсан зургуудаа цуглуулах гэж яваад Эш нэгэн ид шидтэй амьтантай уулздаг. Луна гэх тэрхүү амьтан нь хүүгийн зурсан зургуудын нэгнийх нь амьд хувилбар болж таарна. Ингэж л тоглоомын түүх цааш өрнөдөг. Тоглоод үзвэл илүү сонирхолтой байх болно.

OKAMI

Цацагдсан огноо: 2006 оны дөрөвдүгээр сарын 20

Хөгжүүлэгчид: Capcom, Clover Studio, Ready at Dawn, HexaDrive

Платформ: PlayStation 4, PlayStation 2, Wii, PlayStation 3, Microsoft Windows, Xbox One, Nintendo Switch

Яг л “Ghibli” студийн бүтээл юм шиг мэдрэмж төрүүлэх Оками видео тоглоом нь Японы соёлоос сэдэвлэсэн ид шидийн түүхийг өгүүлдэг. Товч дурдвал уг тоглоомыг Японы ардын аман зохиолоос үндэслэн бүтээсэн. Аматерасү бол Японы нарны бурхан бөгөөд чонын дүртэй. Харин түүний өрсөлдөгч бол Орочи гэх чөтгөр. Тэрээр чөтгөрөөс эх орноо хамгаалах ёстой. Хэдий тоглоом ч гэсэн та бүхэнд байгальтай зохицон амьдрахын ач холбогдлыг ойлгуулахаас гадна өвөрмөц дизайн нь сонирхлыг чинь гарцаагүй татах биз.

Эх сурвалж: Game Rant

#Кино урлаг #Видео тоглоом #Ghibli