"Хотулун гүнж" киноны нээлт ирэх сард болно


Сондор | YOLO.MN
2021-11-29

Зураг авалт нь цар тахлын хүнд цаг үед болж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй "Хотулун гүнж" УСК ирэх сарын 3-ны баасан гарагт бүх кинотеатраар гарч эхлэх гэж байна.

Шүүдэр продакшн, VOO-ын хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК нь Юань гүрний үеийг харуулсан тулаант эпик төрлийнх бөгөөд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.

Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй хэмээн тодорхойлогдоод буй монгол кино "Хотулун гүнж"-ийн нээлт "Өргөө", "Cinemanext" кинотеатруудад болох аж.

Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм.

Сонирхуулахад, Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэсэн Хятад, Америкийн хамтарсан "The curse of the Turandot" буюу “Турандотын хараал” хэмээх кино саяхан нээлтээ хийжээ.

"Хотулун гүнж" кинонд зоригт Хотулун гүнж ба түүний шадар баатруудыг бага насных нь үеэс эхлэн дүрслэн үзүүлдэг бөгөөд иргэдийг гэр бүлээрээ үзэхэд зориулж элдэв хашхираан, хараал, цус үзүүлээгүй уран бүтээл болсноороо мөн онцлог аж.

"Хотулун гүнж" киноны трейлэр:

#Кино урлаг #Хотулун