Бат бөх хосын харилцааны нууц: Хайрын таван хэл


Х. Болормаа | YOLO.MN
2021-10-27

Хүн бүрийн хайраа илэрхийлэх болон хүлээн авах хэлбэр өөр байна. Гэхдээ эдгээрийг үндсэн таван төрөлд хуваан авч үзэх боломжтой гэнэ. Мэдээж таалагддаг хүнийхээ хайрын хэлийг таньснаар түүнтэй харилцахад илүү дөхөм байх болно. 

Хайрын хэлийг дараах таван төрөлд хуваана. Үүнд:

- Урмын үгс хэлэх

- Цагийг хамт өнгөрүүлэх

- Бэлэг бэлэглэх

- Халамжлан туслах

- Биеэр хүрэлцэх.


1. УРМЫН ҮГС

Энэ төрлийн хүмүүс магтаал, чин сэтгэлийн үгсийг өндрөөр үнэлдэг. Тэд хосын харилцаанд “Би чамд хайртай” гэдэг үгийг ихээр хэрэглэх, мөн сонсох дуртай бөгөөд сошиал медиагаар харилцахыг илүүд үздэг. Ийм хүмүүст хайр сэтгэлээ бичгээр болон амаар илэрхийлэх нь цагийг хамт өнгөрүүлэх, туслах зэргээс илүү үнэ цэнтэй санагддаг. Яагаад гэвэл уг үйлдэл нь тэдэнд өөрсдийг нь илүү их ойлгож, үнэлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна. 

2. ЦАГИЙГ ХАМТ ӨНГӨРҮҮЛЭХ

Тус бүлэгт хамаарагдах хүмүүс хамтрагчтайгаа цагийг аль болох их өнгөрөөхийг илүүд үздэг. Ингэснээрээ тэд илүү их хайрлагдаж байгаа мэдрэмж авдаг байна. Хэрэв чиний хосын харилцааны үнэт зүйлд юуг ч орхигдуулалгүй сонсох, бүрэн анхаарал хандуулах, нүүр тулсан ярилцлага хийх зэрэг багтдаг бол чи яаг одоо өөрийнхөө талаар уншиж байна. Харин хамтрагч чинь энэ төрлийн хүн шиг санагдаж байвал зурагт, гар утас болон бусад зүйлд сатаарахгүйгээр түүндээ бүхий л анхаарлаа бүрэн хандуулаарай.

3. ХАЛАМЖЛАН ТУСЛАХ

Халамжлан туслах хэсэгт хамаарах хүмүүс хамтрагчаа өөрсдийнх нь амьдралыг аль болох хөнгөвчилж өгөөсэй гэсэн хүсэлтэй байдаг гэж хэлж болох юм. Жишээ нь, чамайг өвдсөн байхад халуун шөл хийж өгөх, өглөө босоод уух кофег чинь бэлдэх, ажлын ачаалалтай үед хими цэвэрлэгээнээс хувцсыг чинь авах гэх мэт үйлдлүүд ордог. Үгнээс илүү үйлдлийг илүүд үздэг тэд амьдралаа аль болох тав тухтай байлгахыг эрмэлздэг.

4. БЭЛЭГ

Дараагийн хайрын хэл нь хамгийн энгийнд тооцогддог. Нэрнээс нь харахад л ойлгомжтой байгаа биз? Энэ төрлийн хүмүүст хайр сэтгэлээ нүдэнд үзэгдэж гарт баригдах байдлаар илэрхийлбэл таатай байдаг байна. Гэвч тэднийг материалист үзэлтэй хэмээн дүгнэх гэж бүү яараарай. Учир нь тэд бэлэгний цаана нуугдаж буй сэтгэл болоод бэлэг бэлдэх үйл явцад нь дурладаг билээ. Хамтрагч нь юу өгөхөө эргэцүүлэн бодсон нь, бэлэг авахад төрдөг сайхан мэдрэмжүүд нь, харилцаагаа хэрхэн илэрхийлэхээ тунгаан бодсон зэрэг нь эдгээр хүмүүст юугаар ч зүйрлэшгүй их үнэ цэнтэй байдаг.

5. БИЕЭР ХҮРЭЛЦЭХ

Энэ төрлийн хүмүүс үнсэх, гар гараасаа хөтлөлцөх, тэврэлдэх зэргийг харилцааныхаа нэгдүгээрт тавьдаг. Тэдэнд аль болох биеэр ойрхон байх нь хайраа бат бөх болгоход тусалдаг бөгөөд сэтгэл хөдлөлийг нь эдгээр үйлдлүүд үргэлж догдлуулж байдаг. 

#Зөвлөгөө #Харилцаа #Хайр