Кино наадмуудын шагналт 16 бүтээлийг Европын кино наадмаар үзэгчдэд хүргэнэ


О.Хандмаа | YOLO.MN
2021-10-20

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Европын кино наадам аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 21-ний өдрүүдэд цахимаар болно.

Тус кино наадам нь Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог. Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь үзэгчдийг Европын кино ертөнцөөр аялуулдаг билээ.

Энэ удаагийн наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд www.festivalscope.com, https://www.festivalscope.com/page/euff-mongolia/ цахим хуудаснаас арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үзэх боломжтой.

Эдгээр бүтээлүүдээс 13 киног монгол дуу оруулалтай, гурван киног монгол хадмал орчуулгатай, есөн киног англи хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй.

Үзэгчид энэхүү кино урлагийн бүтээлүүдээр дамжуулан залуу нас ба төлөвшилт, өнгөрсөн ба орчин цаг, гэр бүлийн үнэ цэнэ, ганцаардал, зөрчилдөөн, итгэл найдвар зэргийг мэдрэх болно. Кино наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг eeas.europa.eu/delegations/mongolia_mn болон олон нийтийн мэдээллийн сувгуудаар зочлон үзнэ үү.

 

#Кино урлаг #Европ #Кино наадам