Өмнөд Солонгост “Squid Game”-ийг хүмүүс бодит амьдрал дээр тоглоно


Сондор | YOLO.MN
2021-10-15

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулаад буй “Squid Game” кинон дээр гардаг тоглоомыг Өмнөд Солонгосын сонирхогчид бодит амьдралд туршихаар болжээ. Гэхдээ кинон дээрхээс ганц ялгаатай нь мэдээж ямар ч аллага байхгүй.

Netflix -ийн “Squid Game” кино нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хүрч буй трендийг хэрхэн сонирхолтой байдлаар ашиглах талаар арга эрэлхийлж байгаа аж. Өмнөд Солонгосын Гангвон мужийн нэгэн зочид буудалд кинон дээр гардагтай адилхан орчин, тайз засаад байна. Тэмцээн аравдугаар сарын 24-нд болно.

Ялагч нь 5 сая вон (ойролцоогоор 4,178 ам.доллар) авах юм. Хүн бүр оролцох боломжтой бөгөөд бүртгүүлэх хураамж 10,000 вон (8.39 ам.доллар) юм. Иргэд маш их сонирхож байгаа учир тэмцээнийг зарласнаас хойш хоёр хоногийн хугацаанд оролцогчдын тоо гүйцжээ.

Кинон дээр гардагтай адил, тэмцээнд оролцож буй хүмүүст утасны дугаартай нууцлаг нэрийн хуудас өгөх болно. Оролцогчид зочид буудлын ойролцоох нарсан ойд цуглан улаан, ногоон гэрэл асахад хөдөлгөөнгүй болдог тоглоом, олс таталт, хавтгай чихрээс дүрс салгах, цаас эргүүлэх гэсэн тоглоомд өрсөлдөх аж. Хэдийгээр хэн нэгнийг хөнөөхгүй ч алдаж, ялагдсаныг нь “устгах” мэт дүр үзүүлэх болно. Тоглогчид тоглолтын төгсгөл хүртэл эзэн нь хэн болохыг мэдэх боломжгүй юм.

Гэсэн хэдий ч засгийн газрын албан тушаалтнууд зочид буудалд хүн олноор цуглуулах нь цар тахлын эсрэг дүрэм журмыг зөрчиж байгаа тул арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулжээ. Харин зохион байгуулагчид арга хэмжээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалсан бүхий л хувилбараар өөрчлөхийг хичээж байна гэжээ.

Эх сурвалж: Hypebeast

#Кино урлаг #Сонин хачин #Squid Game