Технологийн томоохон компаниудад ажиллахад чинь туслах 5 ПРОГРАММЫН ХЭЛ


Э. Анужин | YOLO.MN
2021-10-15

Цаг минут тутамд өөрчлөгдөн шинэчлэгдэх хөгжил дэвшилтэй зэрэгцэн амьдарч буй бидний эргэн тойрон дахь бүхий л зүйл техник технологитой хамааралтай болсоор байна.

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ IT (Information Technology)-гийн салбарт хөл тавих гэж буй хүмүүсийн мөрөөдөл болсон “Apple”, “Google”, “Facebook”, “Microsoft” зэрэг томоохон компаниудад ажилд ороход тань давуу тал болох таван програмын хэлийг танилцуулж байна.

5. RUBY ON RAILS

Ruby on Rails нь вебсайт бүтээхэд зориулагдсан “open-source” буюу хэн бүхний ашиглаж болох программын хэл юм. David Heinemeier Hansson-ий бүтээсэн уг хэл нь бусад программын хэлийг бодвол хэрэглэхэд ойлгомжтой, сурахад амархан байдлаараа давуу талтай. Ажлын бүтээмжийг 2-2.5 дахин нэмэгдүүлж чаддаг тул сүүлийн жилүүдэд технологийн чиглэлийн байгууллагууд өргөнөөр ашиглах болжээ. 

4. SWIFT

Swift нь iOS үйлдлийг системтэй төхөөрөмж дээр аппликейшн бүтээхэд зориулагдсан программын хэл юм. Уг хэл нь C++ шиг программын хэлийг бодвол үйлдэл бүрийнхээ ард цэг, таслал бичих шаардлагагүйгээрээ хялбарт тооцогддог. Мөн богино кодоор ижил бүтээмжийг бий болгодгоороо давуу талтай.

Swift-ийг ашиглахад Macbook байхгүй л бол амаргүй ч “Apple”-д ажиллахыг хүсдэг бол заавал сурах хэл чинь Swift байх болно.

3. JAVA

Java нь аппликейшн, вебсайт тэргүүтэй төрөл бүрийн платформ дээр ашиглаж болох хамгийн өндөр түвшний программын хэлний нэг юм. Хэдийгээр сурахад амаргүй ч сурчихсан байхад бусад програмын хэлийг төвөггүй сурах боломжтой. Мөн технологийн том, жижиг гэлтгүй байгууллагууд ажилчдаасаа Java хэлийг сурсан байхыг шаарддаг.

2. PYTHON

Хэрэв чи хэзээ нэгэн цагт “Google”-д ажиллахыг мөрөөддөг бол Python-ийг санал болгож байна. Үүнийг төрөл бүрийн платформ дээр ашиглах боломжтой.  

Логик дарааллыг догол мөрөөр гаргах замаар хэрэглэдэг нь томоохон төсөл дээр ажиллахад хамгийн сайн туслах болдог. Бусад программын хэлийг бодвол сурахад маш хялбар тул анхлан суралцагчдад Python-ийг хамгийн түрүүнд санал болгодог.

1. JAVASCRIPT

Javascript-ийг веб хөтөч дээрээ шууд ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. HTML, CSS нь веб сайтын ерөнхий дизайныг гаргадаг бол Javascript нь тэдгээрийн шилжилтүүдийг хариуцдаг. Жишээ нь, веб сайтын ямар нэг товчлуур дээр дарахад өнгө нь хувирч,хөдөлж байгааг Javascript-ээр зохицуулдаг. Уг хэл нь сурахад маш хялбараас гадна чамгүй өргөн хэрэглэгддэг тул вебсайт хийхийг хүсдэг хүн бүр JavaScript-ээс эхлэн суралцахыг зөвлөж байна.

#Зөвлөгөө #Технологи #Программын хэл