М.Мөнхзаяа: Өлсөж турах нь эрүүл мэндэд маш их эрсдэлийг бий болгодог


Б.Нямдарь | YOLO.MN
2021-09-28

Бидний идэж, ууж буй бүхэн бие эрхтэн тогтолцоо, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Нүүдлийн хэмээх тодотголоосоо алсарч, уламжлалт идээ ундаагаа хэрэглэхээ больж, орчин үеийн хооллолттой болсон бидний хувьд анхаарвал зохих зарим зүйл бий. Хоол зүй, шим тэжээлийн талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор М.Мөнхзаяатай ярилцлаа.


-АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхим хэзээ байгуулагдсан бэ?
-Шим тэжээл судлалын тэнхим маань 2019 онд байгуулагдсан. Тухайн жилдээ “Шим тэжээл судлалч, хоол зүйч” хөтөлбөрөөр элсэлтээ авч байсан. Ер нь “Шим тэжээл судлал, хоол зүйч” мэргэжил нь хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийг дэмжихэд хоол хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн ач холбогдол, хүнснээс шалтгаалах өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг эзэмшсэн олон улсын жишигт нийцсэн хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй тусламж үйлчилгээ хүргэх цогц чадамжтай мэргэжилтэн болж төгсөнө гэсэн үг.

-Шим тэжээлийн талаар тэр дундаа монголчуудын хооллолтын талаар хийсэн сонирхолтой судалгаа байдаг уу?
-Тэнхим байгуулагдсанаас хойш бид шим тэжээлийн чиглэлийн судалгаа хийхээр зорьж ажиллаж байна. Манай тэнхим ХБНГУ-ын Макс Планкийн Нийгэмлэгийн Хүн Төрөлхтний Түүхийн хүрээлэнтэй хамтран сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монголчуудын хооллолтын соёлын талаар болон “Хот болон хөдөөгийн хүн амын хоол боловсруулах замд агуулагдаж байгаа Микробиомын судалгаа”-г хийж байна. Энэ ажлаар сүүний лактозонд үл тэсвэртэй хүмүүс монголчуудын дунд хэр их байдаг талаар болон энэ чанар нь бидний генд байна уу, микробиомд агуулагдаж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Тус судалгааг тэнхимийн зөвлөх, дэд профессор Ц.Сонинхишиг багш маань ахлан ажиллаж байгаа ба судалгааны үр дүн гарахаар танилцуулах болно.

"ХОНОГТ ДӨРВӨН УДАА ХООЛЛОХЫГ ХАМГИЙН ЗОХИСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ"

-Хүн шим тэжээлийн дийлэнх хэсгийг хоол, хүнснээсээ авдаг. Өдөрт дунджаар ямар төрлийн шим тэжээлийг заавал авах ёстой байдаг вэ?
-Шим тэжээлийн тухай ярихын тулд эхлээд хоол хүнсний тухай ярих хэрэгтэй болно. Зөв хоол хүнс гэдэг нь гурван үндсэн зарчим дээр тулгуурладаг. Энэ нь хоол хүнс тохирсон байх, тооцоо зөв байх ба зөв дэглэм баримтлах гэсэн зарчмууд юм. Хоол хүнс нь тохирсон эсэхийг хоногт алдаж байгаа илчлэгээ бүрэн нөхөж байгаагаар үнэлнэ. Хүн хоол хүнсээрээ дамжуулан шим тэжээллэг болон биологийн идэвхтэй бодисуудыг хамгийн зохистой харьцаагаар хэрэглэхийг зөв тооцоологдсон зарчим гэнэ. Насанд хүрсэн хүний хоол хүнсний зохистой харьцаа нь үндсэн шим тэжээлийн бодисууд болох уураг, өөх тос, нүүрс усны хоорондын харьцаа 1:1.2:4.6 байхыг хэлнэ. Энэ нь 1гр уурагт 1.2гр өөх тос, 4.6гр нүүрс ус ногдохыг хэлж байгаа юм. Уураг, өөх тос, нүүрс ус ийм харьцаатай байх тохиолдолд сайн шингэх ба эрхтэн тогтолцоо, эд эсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож улмаар хүний биед хэрэгцээт дулааны энергийг үүсгэдэг.

Харин хоолны дэглэм гэдэг нь зөв хооллолтод зайлшгүй байх нөхцөл юм. Буруу дэглэм ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хямрааж, яваандаа бүх бие махбодод сөргөөр нөлөөлнө. Хүн өдөрт цөөхөн буюу 1-2 удаа хооллох нь цусан дах холестерины түвшинд сөрөг нөлөөлж атеросклероз үүсгэдэг байна.

Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалаар “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын зөвлөмж хэмжээ”-г тогтоосон байдаг. Үүнд насны ангилал болон хүйс тус бүрээр хоногт авбал зохих илчлэгийн хэмжээг заасан байгаа. Жишээ нь сургуулийн насны буюу 11-14 насны эрэгтэй хүүхэд 2500ккал, эмэгтэй хүүхэд 2170ккал, насанд хүрсэн 18-29 настай эрэгтэй хүн 2400ккал, эмэгтэй хүн 1990ккал илчлэгийг хоногт авбал зохимжтой гэсэн байдаг.

Тэгэхээр хоногт дөрвөн удаа хооллохыг хамгийн зохистой гэж үздэг. Мөн хооллолтын хоорондын зай дөрвөн цаг байвал зохино. Хоногт авах илчлэгийн 25 хувийг өглөө, 15 хувийг бага үдэд, 35 хувийг үдэд, 25 хувийг орой гэж хуваарилах нь хоол хүнсний шим тэжээл бүрэн шингэх боломж олгодог байна.

Ер нь тухайн хүний нас, хүйс, ажил хөдөлмөр, амьдарч буй орчин, газарзүйн онцлогт нь таарсан, хоногийн хоолны илчлэг шим тэжээлд нь хүрсэн, эрүүл мэндэд шаардлагатай бодисыг зохистой харьцаагаар агуулсан хоол хүнсийг хоногийн турш зөв хуваарилж хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.

-Өдөрт авах илчлэгээ тооцох хэрэгтэй гэдэг ч идэж байгаа хоол, унд бүрийнхээ илчлэгийг тооцно гэдэг бэрхшээлтэй. Үүнийг хэрхэн хялбар аргаар тооцож болдог вэ?
-Хоолыг гаднаас хараад илчлэгийг шууд хэлэх боломжгүй, баримжаалж хэлж болох юм. Гэхдээ илчлэгийг баримжаалж тооцож үнэлгээ хийх нь өөрөө учир дутагдалтай. Хоол хүнсний илчлэгийг шууд тооцоолох лабораторийн арга, шууд бус тооцоолох арга гэж бий. Илчлэгийг илэрхийлэхдээ килокалор (ккал) нэгжийг ашигладаг. Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах илчлэг, уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисыг 100гр бүтээгдэхүүн тутамд нь тооцоолсон хүснэгт байдаг ба уг хүснэгтээр тооцоолон гаргаж болно. Тухайн хоолонд ямар хүнсний бүтээгдэхүүн, ямар хэмжээтэй орсныг хэмжсэний дараа илчлэгийг нь хэлж болно. Ер нь бол 1гр өөх тос 9ккал, 1гр уураг 4ккал, 1гр нүүрс ус 4ккал илчлэг үүсгэдэг. Хоногт шаардагдах илчлэгийн хэмжээ хүн бүрд өөр, нас, хүйс, мэргэжил бүрд харилцан адилгүй. Хүн хүний бодисын үндсэн солилцоо, зарцуулах энерги, ажил хөдөлмөрийн төрөл зэргээс хамаарч хоорондоо ялгаатай байна.

Жишээ нь эмэгтэйчүүдийн бодисын үндсэн солилцоо эрэгтэйчүүдээс 5-8 орчим хувь бага ба хоногт шаардагдах илчлэгийн хэмжээ 15 хувь бага байдаг байна. Хүний нас ахих тутам энергийн хэрэгцээ буурдаг. Хоногт 100ккал хэтрүүлж идэж байгаа тохиолдолд 10гр өөх тосны хуримтлал бий болгож, жилийн дараа ойролцоогоор 3кг өөх тос хуримтлуулна гэсэн үг. Иймд идэж хэрэглэж байгаа зүйлсдээ анхааралтай хандах ёстой.

-Эртний нүүдэлчин монголчуудын хооллох хэв маяг их оновчтой байсан хэмээдэг. Одоо бидний хооллож буй байдалд ямар нийтлэг алдаа дутагдал байдаг вэ?
-Нүүдэлчин монголчуудын хооллох хэв маягт оновчтой байсан онцлогийг хоол хүнсээ улирлын байдалтайгаа холбодог байсан гэж ойлгодог. Өвлийн улиралд уургаар баялаг хүнс түлхүү хэрэглэдэг байсан ба ялангуяа амьтны гаралтай уураг бүхий малын махыг хэрэглэж ирсэн байдаг. Уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн нь эд, эсийн бүтэц, бүтээн байгуулалтад орсноор даавар, фермент, дархлааны биетийн бүрэлдэхүүнд орох ба аминдэм, эрдэс бодисын солилцоонд идэвхтэй оролцон хүчилтөрөгч, өөх тос, нүүрс ус, аминдэм, даавар, эмийн бодисуудыг цусаар зөөвөрлөхөд оролцдог. Уураг хангалтгүй хэрэглэх нь цус төлжүүлэх үйл явц алдагдах, бодисын солилцоо удаашрах, эсэргүүцэл буурах, элэг өөхлөх зэрэг хүнд эмгэгүүд үүсэх аюултай.

Манай нүүдэлчин ард түмэн өвлийн улиралд уургийн хэрэгцээгээ түлхүү авчхаад дулааны улиралд голдуу сүү, сүүн төрлийн бүтээгдэхүүнээр хооллож ходоод гэдэсний замыг хэт ачааллаас чөлөөлж амраадаг байжээ. Зуны цагт хүн хоногт хэрэгцээт илчлэгээ нарнаас бас авдаг. Иймд манай ард түмэн хоолны соёл эртнээс баримталдаг байжээ.

Одоо бидний хооллож буй байдалд нийтлэг алдаанууд бий. Хүмүүс өөрсдийн физиологийн хэрэгцээндээ тохирсон хоногт авах ёстой илчлэгийн хэмжээндээ тохирсон хоол хүнсээ сонгож хэрэглэхгүй байна уу гэж харагддаг. Хүүхдэд багаас нь ямар хүнс хоолыг яаж хэрэглэх, эрүүл хоол гэж юу болох, эрүүл мэндэд хор, хохиролгүй хүнсний талаар ерөнхий боловсролын агуулгад багтаан сургах ёстой болов уу. Жишээ нь Тайваньд хүүхэд ахлах сургуулиа төгсөхдөө би юуг, яаж идэж хэрэглэх, ямар дэглэмтэй байвал эрүүл байх вэ гэдгийг бүрэн мэддэг болсон байдаг. Манайд ийм сургалт байхгүй. Тийм ч учраас залуус ялангуяа эмэгтэйчүүдийн дунд сүүлийн үед олон янзын хоолны жор дагах, турах асуудал их гарах болсон. Гол нь ийм хоолны дэглэм шинжлэх ухааны үндэслэл хэр зэрэг байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Тураах хоолны дэглэмийн дараа эрүүл мэндэд эрсдэл их гардгийг судалгаанууд тогтоосон байдаг. Дан уураг голлосон хоолоор хооллох үед эдэд аммиак ихээр үүсэх, бүдүүн гэдсэнд хорт бодисууд хуримтлагдах, элгэнд ачаалал ихсэх, азотын солилцоо алдагдах, төв мэдрэлийн тогтолцоо хэт хөөрөлд орох, үе мөчний өвчин, бөөр, элэг, гэдэсний ажиллагаа алдагдана. Турж байгаа гээд дан уураг голдуу хэрэглэхийн сөрөг тал нь энэ юм.

Аливаа хоол хүнсийг хэтрүүлэх эсвэл дутагдахад элэгний үйл ажиллагаа алдагдалд орно. Хэтрүүлэх нь элэгний үйл ажиллагааг хүндрүүлдэг бол, дутагдал нь эд эсийн бүтцэд өөрчлөлтийг бий болгодог байна. Иймд дээр дурдсан хоол хүнсний гурван үндсэн зарчмыг зөв баримтлах нь чухал юм.

"ХООЛ ХЯЗГААРЛАХ НЬ ХҮНИЙ БИЕД ЗАРИМ ТОХИОЛДОЛД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ. ГЭХДЭЭ..."

-Мацаг барих нь ямар үр дүнтэй байдаг вэ? Мөн үүнд сул тал гэж бий юу?
-Мацаг барих гэдгийг “Хоол хязгаарлах үзэл баримтлал” гэж ойлгож болно. Гиппократт, Авиценнагийн үеэс өнөөдрийг хүртэл уг үзлийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх явдал хүн амын дунд түгээмэл байдаг. Энэхүү үзэл баримтлалыг тууштай баримтлан сурталчилсан хүн бол Поль Брег юм. Тэрээр 1967 онд “Өлсөхүйн гайхамшиг” хэмээх бүтээлээ туурвисан бөгөөд хоол хязгаарласнаар хүн олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хялбар анагаах боломжтой гэсэн байдаг.

Хоол хязгаарлах нь хүний бие махбодод зарим тохиолдолд эерэг нөлөөтэйг үгүйсгэх аргагүй юм. Удаан хугацаагаар хоолоо хязгаарлаж, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах чадварыг хүн өвөг дээдсээсээ өвлөж дадсан байдаг. Хэдий тийм ч энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын дунд санал зөрүүтэй асуудлууд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Хоол бүрэн хязгаарлах хугацаа богино (1-3 хоног), дунд (7-10 хоног), удаан (40-50 хоног) гэж мацаг барьж байна. Харин удаан хугацаагаар хоол хязгаарлах аргыг зөвхөн эмчийн заалтаар, түүний хяналтын дор хэрэгжүүлэхгүй бол удаан хугацаагаар хүн өлсгөлөн байснаар бие махбодод олон төрлийн ноцтой хямрал үүсэх урьтал нөхцөл бүрдэнэ.

Эмчилгээний журмаар өлсөх аргыг зүрх судас, ходоод, гэдэс, амьсгалын эрхтний өвчин болон мэдрэлийн тогтолцооны хямрал, харшил болон жин илүүдэх үед хэрэглэдэг. Ходоодны шархлаа, харшил, нарийн бүдүүн гэдэс болон цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний шигдээс өвчний үед 24 цагийн хугацаанд хоол хязгаарлах дэглэмийг баримтлахад зохимжтой.

Миний зүгээс маш товч хариулт өгөхөд байгаль эх хүнийг өлсөхөд зориулж бүтээгээгүй гэмээр байна. Өлсөж байгаа үед бие махбодын бодисын солилцоонд өөрчлөлт гарна. Зөвхөн ус уугаад 1-2 хоног өлсөхөд эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлт гарахгүй. Олон хоног, 5-7 хоног үргэлжилсэн тохиолдолд хүний биед өөх тосны дутуу исэлдэлтийн бүтээгдэхүүн болох кетон хэмээх биетүүд их хэмжээгээр ялгарч, бие махбодод аюултай байдал үүснэ. Өлсөж байгаа үед элгэнд байх гликогены нөөц их хэмжээгээр зарцуулагдах аюултай ба эд эсэд байгаа уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисоо ч зарцуулан энэ бүгд нь хүний биеийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг байна.

Бидний дунд мацаг барих нь их сайн, бүх төрлийн өвчин эмгэгээс салж болох мэт ойлгодог хүмүүс олон бий. Мөн таргалалт, илүүдэл жинтэй хүмүүс өлсөж турах боломжтой гэж үздэг. Энэ нь маш их эрсдэлийг эрүүл мэндэд учруулна. Учир нь хэт өлссөнөөс хамгийн наад зах нь артерийн даралт хэт унах буюу коллапсд орох, зүрхний үйл ажиллагаа алдагдах, ухаан санаа балартах, унах, татах зэрэг олон эрсдэлтэй болохыг судлаачид тодорхойлсон.

-Хүүхдийн хооллолт, шим тэжээлийн талаар асуумаар байна. Тэр дундаа бор хоолонд орж байгаа хүүхдэд эхлээд ямар хүнс өгвөл тохиромжтой байдаг вэ?
-Хүүхдийн хооллолтоос хөндөгдөх эхний чухал асуудал бол усны хэрэглээний асуудал юм. Бид хооллолт бор хоол гээд ярихаас биш хүүхдийн хувьд ус ямар чухал гэдгийг орхигдуулдаг. Том хүний бие махбодийн 60 хувь нь, дөнгөж төрсөн нялх хүүхдийн 80 хувь нь, нэг хүртэлх насны хүүхдийн 66 хувь нь, таван насанд 62 хувь нь ус байдаг. Хүүхдийн биеийн жингийн нэг кг-д шаардагдах усны хэмжээ, насанд хүрэгчдийнхээс их. Насанд хүрсэн хүний нэг 1кг биеийн жинд хоногт 40 мл шингэн шаардагддаг бол нэг нас хүртэлх хүүхдийн нэг кг биеийн жинд хоногт 150мл шингэн хэрэгцээтэй байдаг. 1-2 насанд 100 мл, 3-7 насанд 60 мл шингэн шаардлагатай. Иймд бор хоолонд орохтой зэрэгцэн хүүхдэд усны хэрэглээ их өндөр гэдгийг анхаарах нь зүйтэй.

Хүүхдийн хоол тэжээлийг хатуу дэглэм баримталж, өглөө, бага үд, үд, орой болгон зайлшгүй шингэн хоол хүнс өгөх, үүнд сүү, тараг, сүүтэй цай, хярам, харин үдийн хоолонд хоёр өөр төрлийн шингэн хоол өгөх ба нэг нь шөл бол нөгөө нь жимсний өтгөн жүүс, компот, кисель гэх мэт байхыг зохистой гэж үздэг. Гэвч хүүхдийн оройн хоолны махны уураг 11-21 хувиас, загасны уураг 16-20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Учир нь эдгээр амьтны гаралтай уураг бүхий хоолнууд ходоодны шүүсийг маш их хэмжээгээр ялгаруулдаг. Уураг ихтэй хоол хүнс нь мэдрэлийн тогтолцооны мэдрэг чанарыг ихэсгэн нойрсох явцад садаа болно. Иймд хүүхдэд оройн хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоо, үр тарианы бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол өгөх хэрэгтэй. Мөн үдийн цайгаар тараг, сүү, цай, жимс жимсгэнэ, амттан, жигнэмэг, талхыг өгөх буюу нүүрс усны хэрэглээг оройноос өмнө өгөх нь зүйтэй.

-Хүүхэд хоолонд дургүй байх шалтгаан нь гол төлөв юу байдаг вэ?
-Амттан, чихэрлэг ундаа, чихэрлэг хүнс нь сахароз, глюкоз, фруктоз зэрэг бусад нүүрс усыг их хэмжээгээр агуулдаг тул хоолны өмнө болон дараа нь шууд хэрэглэхийг хориглох бөгөөд хэрэв хэрэглэвэл 30 минутын зайтай зохистой хэмжээгээр өгч болно. Учир нь эдгээр нүүрс ус нь усанд маш сайн уусаж, биед амархан шингэх учир ходоодны шүүсний ялгарлыг саатуулж цадсан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Амттан чихэр их иддэг хүүхдүүд хоолонд дургүй байдаг нь ч үүнтэй холбоотой.

-Хорт хавдрын шалтгааныг нэг талаараа шим тэжээлийн дутагдал, хоол хүнстэй холбон тайлбарлаж болох уу? 
-Хавдрын хувьд хоол хүнс нь эерэг (хавдар үүсгэгч) ба сөрөг (урьдчилан сэргийлэх) нөлөө үзүүлж болдог. Нийт калорийн хэрэглээ нь их байх нь хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлд тооцогддог. Өндөр хөгжилтэй улс орнуудын хооллолтын хэв маяг, түүний дотор өөх тос ихтэй хоол хүнс нь хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хорт хавдрыг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Эсрэгээрээ антиоксидант, ислэгээр баялаг ногоо нь хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг. Хорт хавдар үүсгэгч ургамлын алкалоид, микотоксин болон бусад хүнсний бохирдуулагч бодисууд бидний биед байнга орж байдаг. Удмын мэдээлэл болох генд гэмтэл учруулдаг бодисууд болох генотоксикант гэж байдаг. Дулааны боловсруулалтыг хийх нь маханд ароматик нүүрсустөрөгч (шаталтаар), гетероцикл амин (HCA) зэрэг генотоксикант буюу удамшлын санг гэмтээх аюултай бодисуудыг үүсгэнэ. Тархвар судлалын зарим судалгаагаар HCA-ийн хэрэглээ ба хорт хавдрын өвчлөлтэй эерэг хамааралтай байдгийг тогтоосон. Тиймээс зохистой хоол хүнс, зөв амьдралын хэв маяг ба зохицуулах үйлчилгээтэй хүнсийг түлхүү хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

-Ихэнхдээ 18:00 цагаас хойш хоол идэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь ямар үндэслэлтэй байдаг вэ?
-18 цагаас хойш хоол хүнсийг хэрэглэж болохгүй гэдэг нь учир дутагдалтай. Хүний ходоод оройн болон шөнийн цагаар шүүс ялгаруулах үйл ажиллагаагаа нь бүрэн зогсоодоггүй, бага зэргийн удаашралтай ажилласаар байдаг. Ходоодны шүүс нь өөртөө давсны хүчил, цөс, цөсний хүчил, нойр булчирхайн шүүс зэргийг агуулдаг. Эдгээрийн дотор трипсин агуулагдах учир хоосон байгаа ходоод, 12 нугалаа гэдэсний салст бүрхүүлийг цочроох, гэмтээх зэргээр өөрийгөө иддэг. Иймд унтахаасаа өмнө хоёр цагийн өмнө бага зэргийн хүнс, ногооны төрөл идэх нь зүйтэй.

-Эслэг ихтэй хүнс илүү сайн гэдэг. Энэ нь хүний биед чухам ямар эерэг нөлөөг үзүүлдэг вэ?
-Хүнсний ислэгүүд нь ургамлын гаралтай, тэдгээрийн үндсэн төлөөлөгчид нь целлюлоза, гемицеллюлоза, пектин, лигнин юм. Хоол хүнсэнд ислэг дутагдахад чихрийн шижин, судас хатуурах, цөс чулуужих өвчин, зүрхний өвчин ба хорт хавдар ч үүсдэг. Хүнсний ислэг нь өөртөө химийн хорт бодисуудыг их хэмжээгээр шингээх ба түүнчлэн канцеро-хавдар үүсгэгчийг шингээх ач холбогдолтой.

Ислэг нь гэдсэнд чийг, шингэнийг барьж тогтоосноор хүнсний үлдэгдэлтэй нийлж бөөрөнхий хэсгийг бий болгон энэ нь гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэдэг. Хүнсний ислэгийн давуу тал цөс хөөх үйлчилгээтэй, тэр дундаа өтгөн хатахад ихээхэн нэмэртэй.

Хүнсний ислэг нь үр тарианы хивэгт 6 хувь целлюлоз, 24 хувь гемицеллюлоз ба 4 хувь лигнин агуулдаг. Үр тариа, шошны хальсанд их хэмжээтэй байдаг ба хоногийн хэрэгцээ ойролцоогоор 25 гр-аас багагүй байдаг.

-Сүүлийн хоёр жил Ковид-19-ын улмаас хүмүүс, ялангуяа хүүхдүүд гэртээ байсаар илүүдэл жинтэй болж байна гэх болсон. Энэ талаар эцэг эхчүүдэд хамгийн энгийн зөвлөгөөг хүргээч?
-Өөрөө болон хүүхдээ илүүдэл жинтэй болсон гэж үзвэл хэвийн, байх ёстой жинд хүрэхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд, хоол хүнсэнд баримтлах гурван үндсэн зарчмыг мөрдөнө, ингэхийн тулд физиологийн хэрэгцээндээ тохирох илчлэг бүхий хоол хүнсийг сонгон хэрэглэх, давслаг, гурилан ба амттаныг хязгаарлах, хоногт хэрэглэх шингэний хэмжээг багасгах буюу дөрвөн аяганаас хэтрүүлэхгүй, спирт агуулсан зүйлсийг бүр мөсөн хязгаарлах, хоолонд дуршил төрүүлэх амтлагчуудаа хасах, хоногт авах давсны хэмжээг 5-8 гр хүртэл хязгаарлах, хоногийн нүүрс усны хэмжээг буюу элсэн чихэр, чихэр, чихэрлэг ундааг бууруулах, талхны хэрэглээг 100-150гр хүртэл бууруулах, өдөр тутам хоол хүнсэндээ ногоо 350-450гр хэмжээтэй оруулж өгөх, энэ нь тартроновын хүчил их хэмжээгээр агуулах тул биед нүүрс уснаас үүсэх өөх тосыг хязгаарладаг. Гэхдээ ногоог хэт чанаж болгоход энэ хүчил задраад алга болдгийг анхаарах ёстой.

Хоол хүнсэндээ ихэвчлэн уураг агуулах бүтээгдэхүүн мах, загас, аарц зэргийг сонговол зохино. Хоногт хэрэглэх өөх тосны хэмжээг 80 гр хүртэл бууруулах ба үүний 60 гр нь ургамлын гаралтай байвал зохимжтой. Ургамлын гаралтай өөх тос нь ханаагүй өөхний хүчил агуулдаг учир өөх тосны солилцоог хэвийн болгож, биеэс гадагшлах хэмжээг ихэсгэдэг. Хоол хүнсээ удаан зажилж идэх хэрэгтэй ба залгихаасаа өмнө 30-40 удаа зажилбал сайн. Энэ нь хоол хүнсийг маш сайн шингээнэ. Мөн тодорхой хүнсний сонголттой бага илчлэгтэй бүтээгдэхүүн голлосон нэг өдрийг баримталж болно. Жишээ нь, алимны, тарвасны, тарагны, аарцны, сүүний, хивэгний гэх мэт сонголт хийж бүтэн өдөр дагнаж хооллож болно.

-Ярилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Эрүүл мэнд #Шим тэжээл