Анимэ анхлан үзэх гэж буй хүмүүсийн ЗААВАЛ үзэх арван бүтээл


Х. Болормаа | YOLO.MN
2021-09-22

Хэрэв та японы анимэтай танилцахаар шийдсэн бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь хамгийн түрүүнд үзэх хэрэгтэй гэсэн арван бүтээлийг танилцуулах гэж байна. Эдгээр бүтээл нь өмнө нь огт анимэ үзэж байгаагүй хүмүүст ойлгоход илүү хялбар байхын зэрэгцээ цаашлаад анимэд дурлах шалтгаан нь ч болж магадгүй.

TOKYO GOD FATHERS (2003)

"Tokyo Godfathers" нь хамгийн анх Ванкуверын кино наадам болон Нью-Йорк дахь анимэ наадам дээр танилцуулагдаж байжээ. Зохиолч, найруулагч Satoshi Kon нь зул сарын баярын сэдэвт уг анимэг бүтээхдээ барууны орнуудын үзэгчид дээр илүү анхаарсан төдийгүй японы уламжлал, ёс заншлын тухай ч дэлгэрэнгүй харуулдаг.

Ерөнхий үйл явдал: Гэр оронгүй гурван хүн зул сарын баяраар нэгэн нялх хүүхэд олсноор үйл явдал эхэлнэ. Gin гэх дундаж насны архичин эр, Hana нэртэй трансжендер эмэгтэй болон гэрээсээ зугтсан Miyuki охин тэрхүү нялх хүүхдийг асарч хамгаалан, түүний эцэг эхийн эрэлд гардаг. Ийнхүү тэдний адал явдал эхлэх болно.

PRINCESS MONONOKE (1997)

Японы анимейшн киноны загалмайлсан эцэг гэгддэг Hayao Miyazaki-гийн шилдэг бүтээлүүдийн нэг болсон уг кинонд хүн, байгалийн хоорондох дуусашгүй тэмцлийг сэтгэл хөдөлгөм үйл явдлаар харуулж чадсан байдаг.

Ерөнхий үйл явдал: Tatarigami савдаг буюу япончуудын бурхан хэмээн дээдэлдэг нэгэн төрлийн бодон савдаг нь Emishi тосгон руу дайрах бөгөөд сүүлийн хунтайж Ashitaka түүнийг устгадаг. Гэвч хунтайжийн баруун гарт нь хараал хүрсэн учир эдгээх арга хайхаар тосгоноо орхин явах төдийгүй, тийнхүү Өрнөдийг зорихдоо бурхдыг устгах хүсэлтэй Eboshi авхай болон Чонон савдгуудтай хамт амьдардаг Mononoke гүнжтэй уулзсанаар сонирхолтой үйл явдал эхлэх юм.

AKIRA (1988)

Шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү кино нь анимийн сонгодог бүтээлд тооцогддог. Ижил нэрт манга зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны үйл явдал ирээдүйд өрнөнө. Дуу, дүрсний хувьд 1982 онд нээлтээ хийсэн Ridley Scott найруулагчийн "Blade Runner" киног санагдуулахын зэрэгцээ "Akira" нь тухайн цаг үеийнхээ хувьсгал хийсэн бүтээл болж чадсан юм. Тухайлбал киноны зураг авалтад анх удаа секундэд 24 кадрын давтамж бүхий дүрсний эффектүүдийг ашиглаж байжээ.

Ерөнхий үйл явдал: 1988 онд Токио хотод дэлбэрсэн цөмийн бөмбөгийн тухай гарах бөгөөд үндсэн үйл явдал нь 2019 онд өрнөх юм. Киноны гол дүр болох Tetsuo нь хөх өнгийн арьстай, ер бусын хүүхэдтэй таарч түүнийг эрдэмтэд, цэргүүдийн хийсэн туршилтын үр дүн болохыг нь олж мэддэг. Гэвч үүнтэй зэрэгцэн Токио хотын оршин суугчдад аюул тулгарч, 1988 оны үйл явдал дахин давтагдах магадлалтай болсноор үйл явдал үргэлжилнэ.

PERFECT BLUE (1997)

Энэхүү кино нь найруулагч агсан Satoshi Kon-ы хамгийн анхны бүтээл юм. Тэрээр уг бүтээлдээ нэгэн алдартны учир битүүлэг амьдрал ба түүний юу ч хийхээс буцахгүй шүтэн бишрэгчийн тухай өгүүлжээ. "Perfect Blue" нь сэтгэлзүйн триллер төрлийн бүтээл бөгөөд үзэгчдэд эхэндээ гол дүрийн баатар үнэхээр солиорч байна уу, эсвэл түүнийг ийм байдалд ороход нь хэн нэгэн нөлөөлөөд байна уу гэдгийг олж мэдэхэд бэрх байх болно.

Ерөнхий үйл явдал: Mima гэх залуухан, поп од жүжигчний карьераа эхлүүлэхээр хамтлагаа орхидог. Анхандаа хэн ч түүнийг тоогоогүй ба төд удалгүй залуу жүжигчинд маш хүнд сэдэвтэй цуврал кинонд тоглох санал ирдэг. Яг энэ үеэр Мима хэн нэгэн түүний өмнөөс өдрийн тэмдэглэл бичдэг болохыг интернетээс олж, айдаст автана. Учир нь энэхүү тэмдэглэлд Мимагийн өдөр тутмын амьдралыг маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Мөн бүсгүйн тоглож буй киноны зураг авалтын талбайд дэлбэрэлт болж, хэн нэгэн аймшигтай зурвас үлдээснээр үйл явдал өрнөнө.

WOLF CHILDREN (2012)

Бусдаас өвөрмөц байсан ч дэлхий ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олох гэж хичээж буй нэгэн баатрын тухай өгүүлэх энэхүү анимэ нь байгаль дэлхий, бодит ертөнц болон үлгэрийг хослуулсны зэрэгуээ өнөөгийн нийгмийн асуудлыг хөндсөн сэдвээрээ Хаяо Миязакигийн бүтээлүүдийг санагдуулна. Харин энэхүү киног алдарт "Sailor Moon" анимэ цуврал дээр ажиллаж байсан туршлагатай аниматор Мамору Хосода бүтээсэн юм.

Ерөнхий үйл явдал: Hana гэх залуу бүсгүй хүн чонод дурласнаар адал явдал эхэлнэ. Төд удалгүй тэд гэрлэж, хүүхдүүдтэй болдог ч дурлалт залуу нь хорвоог орхисноор тэр хүн чонын эрлийз болсон хоёр хүүхдээ ганцаараа өсгөх хүнд сорилттой тулгардаг. Хүүхдүүд ч мөн өөрсдийнхөө мөн чанарыг ухаарч, энэ дэлхийд хэн байхаа шийдэх хэрэг гарна.

NAUSICAA: VALLEY OF THE WIND (1984)

Анимэ салбарын гол төлөөлөгч студи бол яахын аргагүй Ghibli юм. Бараг л домог болоод буй энэхүү студийн гайхалтай нэгэн бүтээлийг та хэрхэвч үзэхгүй өнгөрч болохгүй билээ. Утга төгөлдөр зохиолыг зохиолч Hayao Miyazaki эхлээд манга хэлбэрээр олны хүртээл болгосон ч үүний дараа бүрэн хэмжээний кино зохиол болгосон юм.

Ерөнхий үйл явдал: Мянган жилийн дараа дэлхийд дайн болж сүйрлийн ирмэг дээр ирнэ. Амьд үлдсэн хүмүүс “Салхит хөндий” гэсэн жижигхэн сууринд амьдрах агаад тэрхүү газрын гүнж нь Nausicaa билээ. Тэр хүмүүсээ аврахыг хүсдэг ч аварга биет шавжуудыг хөнөөхийг хүсдэггүй. Учир нь тэрбээр эвтэй, нэгдэж амьдрах арга замыг хайна.

VAMPIRE HUNTER D (2000)

Зохиолч Yoshiaki Kawajiri нь уран сэтгэмж, өвөрмөц, сонирхолтой байдлыг энэхүү анимэ дээрээ тусгажээ. 1985 оны цөмийн дэлбэрэлт, байгалийн гамшиг, цус сорогч гэсэн гурван сонирхолтой үзэгдлийг нэг дор багтаасан төдийгүй бүх үйл явдал нь ирээдүйд өрнөдөг. 1980-аад он байтугай 21-р зуунд амьдарч буй биднийг гайхшруулах бүтээл гаргахад эгэл хүний сэтгэхүй ашиглаагүй гэдэг нь илэрхий. Уншигч танд ч бассэтгэхүйн тэсрэлт хийх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

PAPRIKA (2006)

Уг киног уран бүтээлч Satoshi Kon найруулсан. Бүтээлийн хувьд найруулагчийн 4 дэх бүрэн хэмжээний анимэ кино ба 2006 онд нээлтээ хийж байсан. Киноны үйл явдал нь хүний төсөөлөл, зүүдэнд тулгуурласан ба энэ бүгдийг найруулагч бидэнд өвөрмөц шийдлээр харуулж байгаа нь их сонирхолтой. Мөн сонирхолтой үйл явдлаас гадна гайхалтай зураглал, хөгжимтэй байсан нь уг анимэг чанартай бүтээл гэдгийг нотолсоор иржээ.

Ерөнхий үйл явдал: Доктор Атсуно Чиба нь өдрийн цагаар шинжлэх ухаанчаар ажилладаг ба шөнийн цагаар бодлын мөрдөгч хийдэг. Атсуно болон түүний хамтрагчид ДС мини гэх төхөөрөмж дээр ажиллах бөгөөд энэхүү төхөөрөмж нь сэтгэцийн өвчтэй хүмүүст туслах зорилготой боловч буруу хүмүүсийн гарт орвол хүмүүсийн бодол санаа, сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх агуу бүтээл юм. Нэгэн өдөр энэнхүү төхөөрөмж нь алга болсноор үйл явдал сонирхолтойгоор өрнөж эхэлнэ.

MILLENNIUM ACTRESS (2001)

Satoshi Kon-ий дурдахгүй байхын аргагүй энэхүү бүтээл бол “MILLENNIUM ACTRESS”. Хайр дурлал, уран зөгнөлт, адал явдал гээд бараг таны хайж байгаа бүхий л төрөл энэхүү анимэд агуулагдаж байх болно.

Ерөнхий үйл явдал: Гол дүрийн эмэгтэй хайртай залуугаа олох гэж хөгшин, залуу гээд хэдэн арван дүрд хувирах болно. Тэр хайртыгаа олж чадах болов уу?

GHOST IN THE SHELL (1995)

Анимэ үздэггүй хүмүүс ч энэхүү бүтээлийн талаар сонссон гэдэгт итгэлтэй байна. Учир нь Masamune Shiro-гийн бүтээсэн энэхүү киноноос сэдэвлэсэн ижил нэрт Холливүүдийн кино 2017 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд нь Scarlett Johansson тоглосон байдаг. Харамсалтай нь "Ghost in the Shell" киноны шинэ хувилбар амжилтгүй болсон гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байсан билээ. 1995 оны анхны хувилбарт өөрийн гэсэн философитой адал явдлаар дүүрэн ертөнц гарч байсан бол 2017 онд хийгдсэн кино нь энэхүү онцгой уур амьсгалыг нь алдагдуулсан байсан тул ийнхүү муу үнэлгээ авахад хүрчээ.

Ерөнхий үйл явдал: Үйл явдал нь 2029 онд өрнөдөг. Харин гол дүр болох Мотоко Кусанаги гэх цагдаа Японы дотоод хэргийн яамны тусгай "Есдүгээр тасаг"-ийг ахалдаг бөгөөд жирийн цагдаа нар дийлдэггүй, хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ.

#Анима #Кино урлаг #Зөвлөгөө