Англи хэлний түвшнээ ахиулахад тань туслах АРВАН дуучин


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-09-21

Англи хэлнийхээ түвшинг дээшлүүлэхэд туслах олон сонирхолтой арга байдаг. Тэр дундаас сонсгол болон дуудлагын чадварыг тань ахиулах шалгарсан арга бол дуу хөгжимтэй нөхөрлөх юм. Өөрөөр хэлбэл, дуртай дуугаа сонсож түүнийгээ дагаж дуулснаар сонсгол болоод хэллэгийн хувьд мэдэгдэхүйц үр дүнд хүрдэг билээ. Тэгвэл бид энэхүү нийтлэлдээ таны англи хэлээ сайжруулах их үйлсэд туслах арван дуучныг онцолж байна.

ED SHEERAN

Хэрэв та Ed Sheeran-ий дууг сонсдоггүй бол өөрийнхөө playlist-дээ нэмэхийг зөвлөж байна. Учир нь түүний дуунууд хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг ба хэд ч сонссон уйдамгүй. Түүний дууг сонсох үедээ та үг бүрийг нь барьж авахыг хичээгээрэй! Учир нь түүний дуудлага ойлгоход маш хялбар.

Санал болгох дуу: Bad Habits

OF MONSTERS AND MEN

Of Monsters and Men-ийн “Little Talks” дууг мэдэхгүй хүн ховор байх. Энэ хамтлагийн дууг дагаж дуулахад маш хялбар тул хэдхэн сонсоод л үгийг нь сурчихна. Сонирхуулахад тус хамтлаг нь 2010 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Исланд Улсаас гаралтай дуучид юм. Мэдээж тэдний төгс эзэмшсэн англи хэл танд гарцаагүй урам зориг өгөх болно.

Санал болгох дуу: Little Talks

THE CURE

The Cure хамтлаг нь 1976 онд байгуулагдсан бөгөөд рок хөгжмийн маш олон урсгалаар уран бүтээлээ туурвиж байжээ. Тэдний сэтгэлд хоногшсон сонгодог бүтээл болох “Friday I am in Love” дуу нь энэ долоо хоногийн өдрүүдийг тань гайхалтай өнгөрөхөд тусална гэдэгт итгэлтэй байна.

Санал болгох дуу: Friday I am in Love

BRUNO MARS

Гаргасан дуу бүр нь сонсогчдынхоо сонорыг мялааж, хүлээлтэд нь хүрдэг түүний дуунд хэлц үг ихээхэн ашиглагддагаараа онцлогтой. Жишээлбэл “The Lazy Song” дуунд “I’ll just strut in my birthday suit” гэх хэсэг гардаг бөгөөд үүний утга нь нүцгэн байхыг хэлдэг аж. Энэ мэтчилэн та дуунд нь гарч буй хэлц үгсийг өдөр тутмын яриандаа ашиглаж, харилцан яриагаа илүү сонирхолтой, хөгжилтэй болгох боломжтой.

Санал болгох дуу: The Lazy Song

TAYLOR SWIFT

Taylor Swift-ийн дуу бүр нь гүн гүнзгий утгыг агуулж байдаг. Ихэнх дуу нь сонсогчидтойгоо шууд  холбогдож байгаа мэт тэдэнд хандсан шинжтэй байх бөгөөд та богино хугацаанд тэдгээр үгсийг сурч, харилцан яриандаа ашиглаж болно.

Санал болгох дуу: Blank Space

JOHN LEGEND

Энэ жагсаалтад зайлшгүй байх ёстой дуучдын нэг бол John Legend билээ. Тэрээр дуу бүрээ сэтгэл зүрхнээсээ дуулдаг нэгэн. Түүний дуундаа ашигладаг үгсийн сонголт бол гарцаагүй шилдэг нь.  Жишээлбэл “All of Me”  дуу нь “pin down”, “draw in” гэх мэт хэлц үгнүүдийг ашигладаг ба ахисан дунд түвшний суралцагчдад эдгээр хэлц үгс нь шинэ сорилт болох болно.

Санал болгох дуу: All of me

THE BEATLES

The Beatles хамтлагийн сонгодог, сэтгэл татам дуунуудтай та гүн гүнзгий холбогдохыг хичээгээрэй. Дэлхий нийтэд алдартай байсан тэдний үнэнч сонсогчид одоо ч байсаар байгаа шүү дээ. Тэгвэл уншигч та ч бас тэдний уран бүтээлийг сонсож англи хэлний зөв аялгыг сураарай!

Санал болгох дуу: Yesterday

ADELE

Англиас гаралтай хамгийн хүчирхэг хоолой бол Adele. Тэрээр дуундаа хэлц үгсийг түлхүү ашигладгаараа онцлогтой юм. Жишээлбэл, “Hello” дуу нь англи хэл сурахад туслах хамгийн шилдэг дууны нэг бөгөөд үг нь ойлгомжтой, аялгуу нь удаан учир сонсоход хялбар. Үнэн хэрэгтээ англи хэл сурч буй хэн бүхэнд Adele-ийн тод аялага нь шинэ үг, хэллэгт дасахад маш үр дүнтэй.

Санал болгох дуу: Hello

SAM SMITH

Sam Smith дуунууддаа ихэвчлэн цээжлэхэд хялбар үгсийг ашигладаг бөгөөд түүний дууг хэдхэн сонсоод л утгыг нь ойлгох боломжтой. “I’m Not The Only One” дуу гэхэд л намуухан, удаан хэмнэлтэй бөгөөд анхан шатны мэдлэгтэй хүмүүст дууны үгийг нь барьж сонсоход төгс тохирох болно.

Санал болгох дуу: I’m Not The Only One

MAROON 5

Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин Adam Levine бол авьяаслаг дуучин, дуу зохиогч бөгөөд үгээ тийм чтод хэлдэггүй нэгэн. Тиймдээ ч таны англи хэлний сонсголыг шалгах том сорилт болохын зэрэгцээ энэ чадварыг тань ахисан түвшинд хүргэхэд туслах болно. Жишээ нь “Sugar” дууг дахин нэг анхааралтай сонсоод үзээрэй. Гэхдээ үгийг нь харалгүй сонсоорой. Энэ дуунд дөрвөн хэлц үг багтсаныг анзаарсан уу?

Санал болгох дуу: Sugar

Эх сурвалж: Education First

#Англи хэл #Зөвлөгөө