TEDx Talks: Биеийн хэл бодож байгаагаас чинь ЧУХАЛ


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-09-20

Яг одоо та ямар байрлалтай сууж байна вэ? Магадгүй хөлөө зөрүүлж, биеэ байдгаар нь хумин, бөгтийгөөд сууж байгаа байх. Эсвэл гүнж, ханхүү мэт цэх суусан байж ч болох юм. Гэхдээ энэ бүх жижигхэн үйлдэл таныг илэрхийлдэг гэдгийг бүү мартаарай!

Бид энэхүү нийтлэлээрээ “TEDx Talks”-ын шилдэг арван илтгэлийн нэг, YouTube сувагтаа хорь гаруй сая үзэлттэй,  Amy Cuddy-гийн “Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал” илтгэлээс зөвлөгөө бэлтгэн хүргэж байна.

AMY CUDDY ГЭЖ ХЭН БЭ?

Америкийн нийгмийн сэтгэл судлаач, зохиолч, илтгэгч бөгөөд Харвардын их сургуулийн сэтгэлзүйн тэнхимд гэрээ хэлэлцээр хийх аргачлал, удирдах ухаан чиглэлээр лекц уншдаг байснаараа алдартай нэгэн юм.

БИЕИЙН ХЭЛЭМЖИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Бид аливаа нэг уулзалт, цуглаан дээр шинэ хүнтэй танилцахдаа ярианаас нь илүүтэй үйл хөдлөлөөр нь хэн нэгнийг дүгнэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл биеийн хэлэмж нь биднийг өөртөө итгэлтэй, даруу төлөв, нийтэч эсвэл ичимхий нэгэн эсэхийг илэрхийлдэг гэсэн үг. Сонирхолтой баримтаас дурдахад “Princeton” их сургуулийн судлаач Alex Todorov нь АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийн царай болон биеийн хэлийг нэгхэн секунд хараад, тус сонгуулийн санал хураалтын  үр дүнг 70 хувь оновчтой таамагласан байна.

БИЕИЙН ХЭЛЭМЖ БИДНИЙ КАРЬЕР, АМЖИЛТАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Биеийн онцлогийн хувьд авч үзвэл биднээс үндсэн хоёр даавар ялгардаг. Тестостерон буюу ноёрхлын даавар, кортизол буюу стрессийн даавар.  Ноёрхлын дааврын тусламжтайгаар хүмүүс илүү нүүрэмгий, өөртөө итгэлтэй, эерэг бодолтой байдаг бол эсрэгээрээ кортизол дааврын хэмжээ илүү байх нь биднийг сул дорой, өөртөө итгэлгүй, аймхай харагдуулдаг байна.

AMY CUDDY-ГИЙН ХИЙСЭН ТУРШИЛТ

Доорх зурагт өөртөө итгэлтэй болон бүрэг, ичимхий хүмүүсийн авдаг биеийн байрлал буюу хүчирхэг ба сул дорой позуудыг харуулжээ. Харин туршилтад оролцогчид эдгээрээс хүчирхэг поз буюу эхний таван байрлалаар хоёр минутын турш зогсох ёстой байсан юм. Үр дүнд нь тэдний шүлсэн дэх дааврын хэмжээнд өөрчлөлт орж байгаа эсэхийг шалгах байлаа.

ҮР ДҮН

Хамгийн гол үр дүн нь кортизол даавар давамгай байсан оролцогчид хүчирхэг байрлал авсны дараа хэмжээ нь 25 хувиар буурсан бол ноёрхлын даавар 15 хувиар нэмэгджээ. Хоёрхон минутын өөрчлөлт өөртөө итгэлтэй байх дааврыг нь нэмэгдүүлсэн байна. Үүнийг л Amy cuddy “Хоёр минутын заль” гэж нэрлээд байгаа юм. Та чухал хурал, ажлын ярилцлага эсвэл илтгэл тавих зэрэг түгшиж, сандарсан нөхцөл байдалд орохоосоо өмнө хоёрхон минут цахилгаан шатанд, угаалгын өрөөнд, аль эсвэл ширээнийхээ ард өнөөх хүчирхэг байрлалыг аваад үзээрэй. Танд таалагдах болно. Хамгийн сайн үр дүнг гаргахын тулд тархиа удирд. Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул. Өөрийгөө тэр уулзалтад, анги танхимд зайлшгүй байх ёстой нэгэн болго!

Ингээд эцэст нь бидний биеийн хэл нь бодол, мэдрэмжийг маань удирддаг. Харин тэдгээр бодол, мэдрэмжүүд нь бидний ирээдүйн амьдралыг бүтээж, бий болгодог. Энэхүү "Хоёр минутын бяцхан заль” таны нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт хийж чадна.

Эх сурвалж: TEDx Talks

#TEDx Talks #Хувь хүний хөгжил #Зөвлөгөө