Б.Оргил: Харааны 90 хувийн бэрхшээлтэй ч Берлинд болох марафонд оролцохоор тэнцсэн


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2021-09-14

Дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг марафон тэмцээнүүд "Ковид-19" халдварын улмаас цахимаар явагдаж буй. Энэ жилээс тодорхой шаардлагыг биелүүлсэн тохиолдолд биечлэн очиж гүйх боломж бүрджээ. ХБНГУ-ын Берлин хотод энэ сарын 21-нд болох марафонд оролцохоор бэлтгэлээ базааж буй Нийслэлийн 116 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Б.Оргилтой ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Б.Оргил гэдэг. Би Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангид суралцаж байна. Миний хоёр нүд төрөлхийн хараагүй ч болор суулгаад хараад орсон учраас өөрийгөө их л хувь тавилантай хүн гэж ойлгодог. Учир нь болор суулгасан хүн бүр хараатай болохгүй. Тухайн хүний эрүүл мэнд, сэтгэлзүй гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Бас өөрөө хичээх нь чухал. Гэхдээ би 2015 онд зүүн нүдээ гэмтээгээд дахин 90 хувийн харааны бэрхшээлтэй болсон. Бүдэгхэн ч гэсэн орчлонг харж л явна.

-Хэдэн настайдаа болор суулгуулсан бэ? Хараа ороод хамгийн түрүүнд юу харж, юуг мэдэрсэн бол?
-Би 2004 онд, дөрвөн настайдаа болор суулгуулж байсан. Хараа орох мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй сайхан. Хамгийн түрүүнд намайг сахиад сууж байсан ээжийгээ л харсан даа. Хараа орсныхоо дараа нэг зүйлийг их гайхсан. Өмнө нь тогшоод чимээ гарангуут наадах чинь халбага, харин тэр нь сэрээ гээд мэддэг байлаа. Хараа ороод зөвхөн сонсоод мэддэг байсан халбага, сэрээгээ харах хүртэл сайхан санагдсан. Ер нь хүн чадна, болно гээд бодоод байвал аливаа чадвар ойрхон байгаа мэт надад санагддаг.

-Оргил Эрдэнэтэд төрж, өссөн юм билээ. Улаанбаатарт хэзээнээс амьдарч байна вэ?
-Тийм ээ. Би Эрдэнэтэд 2001 онд төрсөн. Эрдэнийн долдугаар сургуульд сурдаг байхдаа сурлага, урлаг, спортоороо манлайлдаг байсан. Тухайлбал 2013 оноос хойш зохиогдож байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн их наадамд оролцож 4 удаа алтан медаль, 3 удаа мөнгөн медаль, хүрэл медаль хүртсэн. Би 2016 онд Улаанбаатар ирж, нийслэлийн 116 дугаар сургуульд элсэн хамаатны ах, эгчтэйгээ амьдарч байна. Аав маань Эрдэнэтэд байдаг. Ээж маань 2015 онд элэгний хорт хавдар өвчнөөр бурхан болсон. Би айлын ганц хүүхэд.

-Хотод амьдрахад хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?
-Хотод шүүмжлэх асуудал үгүй. Автобусны хаягаа жаахан томруулаад, жолооч нар нь буудал зарлагчаа байнга асааж явбал бие даан нийгмийн харилцаанд ороход ямар ч асуудалгүй. Хүндрэлтэй биш бол буудал зарлагчаа байнга асаагаад явбал миний адил хүмүүст маш их хэрэгтэй байдаг юм шүү. Би энэ зун авто угаалгад ажилласан. Анх ажилд орохдоо ЕБС-ийн сурагч, хараа муутай гэдгээ нууцлаад орсон. Үүнээс хойш хоёр сарын дараа нэг өдөр дарга маань "Оргил оо, чи жаахан хараа муутай юу" гэсэн. Би дотроо их айгаад үнэнээ хэллээ. Тэгсэн "Үнэнээ л хэлэхгүй, үүнээс чинь болж бид чамайг ажлаас халахгүй шүү дээ" гэхэд их баярласан шүү. Ингээд сурагч гэдгээ ч хэлэхэд эерэгээр хүлээж авсан. Нийгмийн харилцаанд ороод өөрөө хичээгээд зүтгэвэл болдог юм байна гэдгийг би энэ зун ар гэрийнхэндээ харуулж чадсан. Ах, эгч, аав нар маань надаар их бахархсан шүү.

-Харааны бэрхшээлтэй гэдгээ нуух шаардлага гардаг гэж үү?
-Харааны бэрхшээлтэй гэдгээ хэлэхэд эерэгээр хүлээн авдаг хүн төдийлөн ховор. Анкетыг маань хараад сайшаах ч хараа муутай гэхэд л хандлага нь өөр болоод эхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр улсаас тэтгэмж аваад гэртээ сууж байдаг, эсвэл сууж л байх ёстой хүмүүс мэтээр ойлгох нь олон. Энэ хандлагаа өөрчлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ.

-Удахгүй Берлин хот руу гүйлтийн тэмцээнд явна гэсэн. Яагаад гүйх болсон бэ? Энэ талаар ярихгүй юу?
-Би зуны амралт бүрээр Эрдэнэтэд эмээгээ асардаг байсан юм. 2019 оны зун эмээтэйгээ гэртээ байхдаа "Achilles International Mongolia" клуб байдаг гэж сонссон. Хотод орж ирээд клубийн хүнтэй холбоо тогтоож элсээд, наймдугаар сард Нью-Йоркийн марафон цахимаар оролцсон юм. Нийт 42 километр замыг 4 цаг 10 минутад туулж тавдугаар байранд орсон. Ингээд "Берлин-2021" марафонд 11 тамирчин, 13 хөтөч/гүйгчийн бүрэлдэхүүнтэй 24-үүлээ оролцохоор болоод есдүгээр сарын 21-ний нислэгээр Берлин хотыг зорих гэж байна. Марафондоо албан ёсоор бүртгүүлэн, тийзээ захиалсан. Би ажил хийгээд олсон мөнгөөрөө тийзээ захиалж, клубээс дэмжлэг үзүүлсэн ч очоод байх байр, хоолны мөнгө хэрэгтэй байгаа. Тэнд есдүгээр сарын 20-30-ний хооронд байрлана.

-Тэмцээндээ хэрхэн бэлтгэж байна вэ?
-Би өөрийгөө 42 километр замд гүйж чадна гэж бодоогүй. Тийм учраас өөрийгөө үнэлж, өнгөрсөн хавраас бэлтгэлээ базааж эхэлсэн. Хүмүүс гадагшаа уралдаан, тэмцээнд явна гэхээр олимпын медаль шиг үнэ цэнтэй амжилт хүлээдэг бололтой. Бидний хувьд нэг секунд, таван минут ч бай өөрийнхөө амжилтыг ахиулж чадаж байгаа минь ялалт байдаг.

-Ирээдүйд юуг хүсэж, мөрөөддөг вэ?
-Би англи хэл, монгол хэл, нийгмийн хичээлдээ дуртай. Дараа жил ЭЕШ өгөөд МУБИС-д суралцаж тусгай хэрэгцээт боловсролын багш болно гэж боддог.

#Ярилцлага #Амжилт #Урам зориг