Өнгөрсөн долоо хоногт цацагдсан ШИНЭ+ОНЦЛОХ дуунууд


Миау | YOLO.MN
2021-08-30

Өнгөрсөн долоо хоногт хөгжмийн ертөнцөд шинээр төрөн гарсан онцлох уран бүтээлүүдийг тоймлон хүргэж байна. “Дахин тоглуулах” товчийг нь элэгдтэл дарсан дууны жагсаалтаа эдгээр уран бүтээлүүдээр шинэчлээд аваарай.

SELENA GOMEZ & CAMILO – 999

Поп дуучин Selena Gomez, Camilo нарын хамтран дуулсан “999” хэмээх уран бүтээл тун удахгүй ажил, хичээлийн амьдралдаа эргэн орох гэж буй бидний дуулиан шуугиантай өдрүүдэд зөөлөн мэдрэмжийг бэлэглэх болно.

BTS FT. MEGAN THEE STALLION – BUTTER (REMIX)

BTS хамтлагийнхны хийсэн үйлдэл, гаргасан уран бүтээл бүр нь рекорд эвддэг гэхэд нэг их буруудахгүй болов уу. Тэгвэл тэдний сүүлд гаргасан “Butter” дууны ремикс хувилбар дээр нь орчин цагийн шилдэг эмэгтэй реппэрүүдийн нэгт зүй ёсоор багтах Megan Thee Stallion хамтарсан нь хөгжимд дурлагч залуусыг багагүй гайхшруулсан юм.

Тэдний аль аль нь сүүлийн жилүүдэд өөрсдийн жанрт онцлох амжилтыг гаргасан ч тэднийг ийнхүү нэгэн уран бүтээлээс сонсоно гэж төсөөлж байгаагүй билээ. 

BABY KEEM FT. KENDRICK LAMAR – FAMILY TREES

Бүх цаг үеийн шилдэг реппэрүүдийн нэгт бичигддэг Kendrick Lamar-ийн шинэхэн уран бүтээлийг сонсох хувьтай хүмүүс ажээ, бид. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд "DAMN." цомгоо гаргаснаасаа хойш анир чимээгүй байсан түүнийг бид үеэл Baby Keem-ийнх нь уран бүтээлээс л олж сонсох учиртай байж л дээ. 

ED SHEERAN – FIRST TIME

Поп дуучин Ed Sheeran-ий студийн тав дахь "Equals" цомог бидний сонорт хүрэхэд хоёрхон сар үлджээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт Английн Ковентри хотод хийсэн амьд тоглолтынхоо үеэр уг цомгийн хоёр дууг толилуулсан байна. 

Ямартай ч “First Time” нэртэй уран бүтээл нь хосын харилцааны эхэн үеийн аз жаргалыг дуулах аж. 

SU LEE – COWARD

Gen-Z-гийнхний хайртай эгч Su Lee-гийн "Box Room Dreams" нэртэй EP цомог цацагджээ! Нийт долоон дуунаас бүрдэх богино хэмжээний цомгийнхоо тухай тэрээр, "Дуучны карьераа бараг л "COVID-19" цар тахалтай зэрэгцэн эхлүүлсэн миний хувьд энэ цомог бол карантины өдрийн тэмдэглэл шиг л байлаа. Цомгийн маань ихэнх дуу ганцаардал, тодорхойгүй байдал болон сэтгэл түгшүүрийн тухай. Гэхдээ би ид шидийн мэт өдрийн бодлууд болон ирж буй цагийн сайхныг ч бас дуулахыг хүссэн" гэжээ. 

Одоо та бүхэнд сонирхуулж буй “Coward” нь өөрийнхөө юу хүсэж байгааг шуудхан илэрхийлэх нь харилцааг нь сүйтгэхвий гэсэн бодлын тухай өгүүлэх уран бүтээл аж. Энэ мэдрэмжийг Gen-Z-гийнхэн юу юунаас илүү ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 

ROOCKIE & LOCE - NO RULES

Өнгөрсөн сард багагүй дуулиан шуугиан тарьсан хоёр найз нөхөрлөлөө бат бөх гэдгийг харуулан "No Rules" хэмээх уран бүтээл дээр хамтарчээ. Энэхүү дуу нь наймдугаар сарын 29-нөөс буюу өчигдрөөс эхлэн видео стрийминг үйлчилгээний VOO платформ болон Боловсрол сувгаар гарч буй ижил нэрт цувралын дуу билээ. 

KANYE WEST - DONDA

Өдгөө 44 настай реппэр Kanye West студийн арав дахь "Donda" цомгоо удаан хүлээлгэсний эцэст өнгөрсөн долоо хоногт цацлаа. Цомгийн нээлтийн хугацаагаа хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст тэрээр наймдугаар сарын 29-ний өдөр ийнхүү олон нийтийн хүртээл болгосон юм. Түүний ээж Donda West-ийнхээ нэрээр нэрлэсэн уг цомог нийт 26 дуунаас бүрдэх ба Jay-Z, The Weeknd, Young Thug, Ariana Grande, Travis Scott, Chris Brown, Marilyn Manson зэрэг салбар салбартаа нэртэй уран бүтээлчид хамтарчээ. 

Энэхүү цомгийг Spotify, Apple Music, Tidel зэрэг хөгжмийн стрийминг үйлчилгээнээс хүлээн авч сонсоорой. 

#Дуу хөгжим #Шинэ