Нэг гэр бүлээс төрөн гарсан Өмнөд Солонгосын АЛДАРТНУУД


Бид энэ удаагийн нийтлэлээрээ нэг гэр бүлээс төрөн гарсан Өмнөд Солонгосын дуу хөгжим болоод кино урлагийн салбарын алдартнуудыг танилцуулж байна. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь олны анхаарлыг татаж байдаг тэдний хувьд ах, эгч, дүүтэйгээ нэг салбарт ажиллах нь маш том давуу тал билээ.

PARK CHANYEOL БА PARK YOORA

Park Chanyeol нь алдарт EXO хамтлагийн гишүүн бол түүний эгч Park Yoora нь Өмнөд Солонгосын хамгийн анхны 24 цагийн мэдээллийн “YTN” сувгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрээр 2019 онд албан ёсоор телевизийн салбарыг орхиж буйгаа мэдэгдсэн ба мөн онд хуримаа хийсэн билээ.

Сонирхолтой баримт: Park Yoora нь нэгэн ярилцлагадаа “Chanyeol бид хоёр гаднаасаа үргэлж сайхан харилцаатай, дотно харагддаг ч бусад эгч дүүсийн л адилаар биенийгээ “Хөөе! Чи!” гэж дууддаг. Нэг удаа би түүнээс “Миний мэдээллийн хөтөлбөрүүдийг үзсэн үү?” гэж асуухад тэр өөдөөс “Яаж үзэж амждаг юм. Өөрийнхөө орсон нэвтрүүлгийг ч үзэх завгүй байхад” гэж хариулж байсан” хэмээн ярьж байжээ.

JESSICA JUNG БА KRYSTAL JUNG

Тэд SM энтэртайнментаас урлагийн гараагаа эхлүүлсэн ч эгч Jessica нь 2014 онд уг компанийг орхиж, Coridel энтэртайнменттай 2016 онд гэрээ байгуулсан бөгөөд одоогоор АНУ-ын United Talent Agency-тай хамтран ажиллаж байна. Харин дүү болох Krystal нь жүжигчний карьераа амжилттай үргэлжлүүлэн, одоогоор “Police University” (2021) цувралд гол дүр бүтээж байгаа юм.

Сонирхолтой баримт: Тэд таван насны зөрүүтэй ба эгч Jessica нь 2000 онд SM энтэртайнментэд тэнцэж долоон жил бэлтгэгдсэн бол дүү нь 2006-2009 оны хооронд бэлтгэгдэн дэбютээ хийж байсан.

DOYOUNG БА GONG MYUNG

Тэдний жинхэнэ нэрийг Kim Dong Hyun (Gong Myung), Kim Dong Young (Doyoung) гэдэг. Дүү Doyoung нь NCT хамтлагийн гишүүн бөгөөд ах Gong Myung нь 2013 оноос эхлэн жүжигчнээр ажиллаж байгаа юм. Тэд хоёр насны зөрүүтэй болохоор ах дүү гэхээсээ илүү найзууд шиг байдаг аж.

Сонирхолтой баримт: Doyoung-ы хэлснээр “Манай ах бага байхаасаа л хамгийн шилдэг нь байсан. Найзуудтайгаа тоглох үедээ ч намайг дагуулж явдаг, бэртсэн эсэхийг минь үргэлж шалгаж надад санаа тавьдаг тийм л ах байсаар ирсэн” гэжээ. Мөн тэд ахлах сургуульд байхдаа охидын дунд их алдартай байсан бөгөөд ах Gong Myung нь сургуулийнхаа “F4”-ийн нэг гэгддэг байв.

“AKMU”

YG энтэртайнментийн ах дүүс болох Lee Chan Hyuk, Lee Suhyun нь 2014 оноос хойш AKMU нэрийн дор уран бүтээлээ гаргаж байгаа юм. Тэд 2012 онд “K-pop Star-2” нэвтрүүлэгт авьяас чадвараараа ялж, дуучин болох замналаа эхлүүлсэн.

Сонирхолтой баримт: Тэд Монголд таван жилийн турш амьдарсан бөгөөд Suhyun нэгэн ярилцлагадаа “Бид хэзээ ч хөгжмийн сургалтад явж байгаагүй. Аав маань сүмд хөгжим тоглодог. Манай гэрт төгөлдөр хуур, гитар байсан болохоор ах бид хоёр ингэж л хөгжим тоглож сурсан” хэмээн ярьсан бол ах Chan Hyuk-ын хэлж буйгаар “Монголд амьдраагүйсэн бол одоогийн бид гэж байхгүй байлаа” гэж байсан юм.

ZICO БА TAEWOON

Block B хамтлагийн Zico (Woo Jiho), Speed хамтлагийн гишүүн асан Taewoon (Woo Jiseok) нар нь хоёр насны зөрүүтэй. Тэд дэбют хийхээсээ өмнө гурван жилийн хугацаанд Японд амьдарсан бөгөөд 2009 онд дүү Zico нь, 2010 онд ах Taewoon нь дэбютээ хийж байжээ.

Сонирхолтой баримт: Тэд хоёул Block B хамтлагт орохоор бэлтгэгдэж байсан ч ах Taewoon нь энтэртэйнментаа орхиж одоогийн MBK агентлагт орсноор Coed School хамтлагт дуучны гараагаа эхлүүлж байсан юм. Гэвч тухайн үед хамтлагийнх нь зарим гишүүн асуудалд орсноор урлагаас түр завсарлаж, 2012 онд Speed хамтлагт дэбют хийсэн аж.

JUNGYEON БА GONG SEUNG YEON

Тэд бол амжилттай яваа алдартан эгч дүүсийн нэг бөгөөд дүү Jungyeon нь 2015 онд JYP энтэртайнментаас гаргасан Twice охидын хамтлагт дэбют хийсэн. Харин эгч Seung Yeon нь SM энтэртайнментад дуучнаар долоон жил бэлтгэгдсэний эцэст дуу хөгжмийн салбарыг орхих шийдвэр гаргаж, 2012 онд кино урлагийн ертөнцөд хөл тавьсан гэдэг.

Сонирхолтой баримт: Тэдний эцэг Yoo Chang Joon нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Kim Dae Jung-ы хувийн тогооч байжээ.

KIM TAE HEE БА LEE WAN

“Stairway to Heaven” (2003), “Love Story in Harvard” (2004), “Iris” (2009) зэрэг киноны дүрээрээ алдартай жүжигчин Kim Tae Hee нь мөн ижил мэргэжилтэй эрэгтэй дүүтэй. Түүнийг Lee Wan буюу Kim Hyun Soo гэдэг ба тэд дөрвөн насны зөрүүтэй билээ. Тэрээр “Stairway to Heaven” цувралд Kim Tae Hee-гийн бүтээсэн Han Yoo Ri-гийн дүүгийн дүрд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлж байжээ.

Сонирхолтой баримт: Kim Tae Hee нь дуучин Rain-тэй 2017 онд гэрлэж өдгөө хоёр хүүхдийн ээж болсон бол түүний дүү Lee Wan нь 2019 онд мэргэжлийн гольфийн тамирчин Lee Bomi-тай хуримаа хийсэн.

Эх сурвалж: Cosmopolitan, Koreaboo, Allkpop 

#Энтертайнмент #Алдартан #Siblings