Draingang баг таамаг эвдэж "MESA Pro Series" тэмцээний финалд шалгарлаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-08-24

Монголын электрон спортын холбоо буюу MESA-гаас зохион байгуулж буй "MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний хагас шигшээн тоглолт өчигдөр боллоо.

Тойргийн шатанд дөрөвдүгээр байр эзлэн хамгийн сүүлийн байраар хасагдах шатанд шалгарсан Draingang баг хагас шигшээд Kobolds багийг 2-1 харьцаагаар хожиж финалд шалгарлаа.

Тэд хасагдах шатны эхний тоглолтдоо "Sable Hat" багийг 2-0 харьцаагаар хожин таамаг эвдээд байсан юм.

Draingang багийг хэсгийн шатанд 2-0 харьцаагаар хожсон Lilgun баг финалд хүлээж байна. Финалын тоглолт наймдугаар сарын 28-нд болно.

"MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний финалын шатанд нийт зургаан баг тойргийн журмаар тоглосноос нэг ч хожигдолгүй хамгийн өндөр оноо авсан "Lilgun" баг 10-0 амжилттайгаар Grand Final шат руу шууд шалгарсан.

Харин тэдний араас 8-2 амжилттай "Kobolds" баг хагас шигшээд шалгарсан бол "Sable Hat" болон "Draingang" багууд хагас шигшээ шатны төлөө хоорондоо тоглохоор болсон юм.

Тойргийн шатанд тавдугаар байрт орсон "Wanted" баг 500 мянган төгрөгийн шагнал болон "MESA League"-т орох эрхтэй үлдсэн.

Харин "Seventh Sense" баг зургаадугаар байраар тэмцээнээ дуусгасан билээ.

"MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний ялагч 14 сая төгрөг болон Олон Улсын электрон спортын холбоо буюу IESF-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

IESF World Championship тэмцээн Израил улсын Эйлат хотноо арваннэгдүгээр сарын 14-19-ний хооронд зохиогдоно.

#Мэдээ #E-Sport