ЭЕШ дууссан тул их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-08-23

ЭЕШ дууссан тул их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэлнэ гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

ЭЕШ-ын үеэр КОВИД-19 халдварын улмаас хойшилсон, тасалдсан зүйл гараагүй бөгөөд өмнө нь халдвар авсны улмаас ЭЕШ-даа хамрагдаж чадаагүй хүүхдүүд яах тухай мэдээллийг мөн өнөөдөр өгнө гэв.

Шалгалтаа өгч, дүн гарсан хүүхдүүд өнөөдөр сургууль, мэргэжил, хөтөлбөрөө сонгож эхэлнэ. Энэ жил 50 орчим сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулж байна.

Элсэлтийн систем энэ сарын 25-нд хаагдана. Гэхдээ дундаж оноотой хүүхдүүдэд боломж олгохын тулд 26-нд түр нээнэ.

ЭЕШ-ын ирц:

  • Биологи - 88 хувь
  • Математик - 88 хувь
  • Хими - 91
  • Газарзүй - 77
  • Нийгмийн судлал - 91
  • Монгол Улсын түүх - 75
  • Англи хэл - 91
  • Физик - 88
  • Орос хэл - 75

Монгол хэл - 82 хувь гэсэн ирцтэй хамрагдсан байна. Энэ нь өмнөх оны үзүүлэлттэй ойролцоо юм.
Өмнө нь ЕБС төгссөн ч ахин их дээд сургуульд элсэхээр бүртгүүлсэн 8600 хүн байна. Бүртгүүлсэн боловч шалгалтдаа ороогүй элсэгчдийн ихэнхийг өмнөх оны төгсөгчид эзэлж байна.

Улсын хэмжээнд биологийн хичээл дээр 100 оноо авсан 5, математикт 9, химид 2, нийгэм судлалд 30, англи хэл 11 сурагч байна.

Харин өнөөдөр шалгалт нь дууссан монгол хэлний хичээл дээр хамгийн дээд тал нь 97 оноо авсан сурагч байна.

Хими болон нийгмийн судлалын хичээлийн материал задарсан гэх мэдээлэл гарсан. Шалгалтын байр руу гар утас авч орсон зөрчил гарсан.

Шалгалтын байранд утас авч ороод шалгалтын материалын зургийг дараад бусдаас тусламж гуйсан хэрэг болохыг тогтоосон. Тухайн шалгуулагчийн шалгалтын дүн оноог хүчингүй болгож тооцоогүй.

Мөн өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан тохиолдол цөөнгүй гарсан.

#Боловсрол #ЭЕШ