К-поп энтэртайнментийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН тухай чиний мэдэх ёстой бүхэн


Бид энэ удаагийн нийтлэлдээ дэлхийн дуу хөгжмийн зах зээлд өөрийн гэсэн орон зай, сая сая сонсогч, шүтэн бишрэгчийг бий болгож чадсан Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлийг онцолж байна. Тэр дундаа энэ салбарт хөл тавьж, дуучин болох мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж буй уншигчдадаа зориулан к-попын ертөнц биднээс ямар мэдлэг, ур чадварыг шаарддаг талаар танилцуулъя.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Энтэртайнмент бүрийн бүртгэх хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд одоогоор цар тахлын улмаас зөвхөн цахимаар бүртгүүлэх боломжтой. Хэрвээ та шалгаруулалтад оролцохоор төлөвлөж байгаа бол сонирхож буй энтэртайнментийнхаа цахим хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөж байна.

SM entertainment - https://audition.smtown.com/

YG entertainment - https://www.yg-audition.com/

JYP entertainment - https://m.jype.com/audition.aspx

Big Hit entertainment - https://www.bighitaudition.com/

Cube entertainment - http://www.cubeent.co.kr/aud_info_email/

Starship entertainment - http://www.starship-ent.com/bbs/audition.php

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ийнхүү та энтэртайнментаа сонгосон бол юун түрүүнд интернетээс мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны сонгосон энтэртайнментийн шалгаруулалтад оролцож байсан хүмүүсийн туршлагыг судлаарай.

Бид жишээ болгон SM энтэртайнментийн олон улсын шалгаруулалтын шүүгчээр гурван жилийн турш ажилласан Izzi Isman-ы зөвлөгөөг хүргэж байна.

  • ДУУЛАЛТ

“Хамгийн багадаа нэг октав дээд өнгөөр дуулж чадахгүй бол тэнцэхэд асуудалтай” - Izzi Isman

Хэдийгээр бэлтгэгдэх үедээ дуулах чадвараа сайжруулах боломжтой ч байгалиасаа дээд өнгөөр дуулж чаддаг бол тус агентлагт тэнцэх магадлал өндөр. SM энтэртайнментийн дээд өнгөөр дуулдаг, чадварлаг уран бүтээлчдээс нэрлэвэл Girls’ Generation хамтлагийн Taeyeon, Tiffany, Red Velvet хамтлагийн Wendy, EXO хамтлагийн Chen, Baekhyun, D.O нарыг онцолж болох юм.

  • БҮЖИГЛЭЛТ

“Сурчихвал хэн ч бүжиглэж чадна шүү дээ” - Izzy Isman

Бүжиглэх чадварын тал дээр тэд тийм ч их ач холбогдол өгдөггүй бөгөөд заасан дэглэлтийг бүрэн суралцах чадвартай байхад л хангалттай. Анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь бүжиглэж буй аяныхаа хэмнэлийг маш сайн мэдэрдэг байхын зэрэгцээ шалгаруулалтад оролцох үедээ бариу хувцас өмсвөл хөдөлгөөн нь илүү хурц харагддаг гэж Izzy зөвлөсөн юм. Тус энтэртайнментийн чадварлаг бүжигчдээс нэрлэвэл SHINEE хамтлагийн Taemin, EXO хамтлагийн Kai, Sehun, NCT хамтлагийн Taeyong, Ten нар байна.

  • ГАДААД ТӨРХ

“Чин үнэнийг хэлэхэд, манай компанийн хувьд гадаад төрхөөс урьтаж чадварыг нь хардаг” - Izzy Isman

SM энтэртайнмент бэлтгэгчдээ гоо сайхны хагалгаанд орохыг санал болгодоггүй бөгөөд гадаад төрхөөс илүүтэй дуулах, бүжиглэх чадварт нь анхаардаг.

  • ХУВИЙН БЭЛТГЭЛ

1. Солонгос хэлний ерөнхий мэдлэгтэй байхыг зөвлөж байна. Энэ чадвар нь таны давуу тал болох болно.

2. Алдартай англи, солонгос дуунуудыг сонгож өөрийн хэв маягт оруулан дуулаарай. Харин сонгосон дуунууд нь мэдээж таны хоолойны цар хүрээг харуулсан байх ёстой.

3. Шүүгчдийн багт сэтгэгдэл үлдээхүйц бичлэг явуулаарай. Цар тахлын улмаас цахимаар л бүртгүүлэх боломжтой байгаа учраас анкетаа бөглөхийн зэрэгцээ өөрийнхөө чадвар, онцлогийг бүрэн харуулсан өвөрмөц бичлэгийг хамт явуулахыг зөвлөж байна.

4. Хувь хүний зан чанар, хандлага маш чухал. К-поп од болохоосоо өмнө гаргаж байсан буруу үйлдлээсээ болж олон уран бүтээлчийн карьер унаж байв. Хэрэв та үнэхээр алдар нэрд хүрэхийг хүсэж байгаа бол одооноос өөрийнхөө хувь хүний төлөвшилд анхаараарай.

5. Цахим хаяг хөтлөхдөө болгоомжтой хандаарай. Мөн л дээрх шалтгаанаар таны хувийн амьдрал ямар ч байдлаар сөхөгдөж болох учраас одооноос цахим хуудсандаа оруулж буй бичвэр, зураг зэрэгт анхаарах хэрэгтэй.

6. Шантарч болохгүй шүү. Шалгаруулалтад нэг удаа тэнцээгүй гээд битгий шантраарай. Алдартай уран бүтээлч IU, BTS хамтлагийн Jungkook нараас эхлэн олон одод маш их оролдлого хийсний үндсэн дээр одоогийн агентлагтаа орсон гэдгийг санаж, үргэлж урам зоригтойгоор мөрөөдөл рүүгээ тэмүүлээрэй.

Эх сурвалж: Koreaboo, Seoul Space

#Энтертайнмент #Кпоп #Мэдээлэл #Audition