"Гэртээ байхдаа чөлөөтэй байдаг ч гадуур явахаараа хэлгүй юм шиг л болчих юм"


Сондор | YOLO.MN
2016-10-12

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэлье гэсэн зүйлээ ч хэлж чадахгүй юм

Би нүүрээ буддаггүй болохоор ч тэр юм уу надтай нийлнэ гэсэн хүн байхгүй яах вэ

Сайн байна уу би 17 настай оюутан болсон. Миний зан чанар нэг тийм хоёрдмол. Гэртээ байхдаа тэс өөр, чанга инээж их ярина. Харин сургууль эсвэл гадуур бол хэлгүй юм шиг л их хэцүү байдаг л даа. Хэлье гэсэн зүйлээ ч хэлж чадахгүй үүнээсээ болоод найз ч байдаггүй. Би нүүрээ буддаггүй болохоор ч тэр юм уу надтай нийлнэ гэсэн хүн байхгүй яах вэ

ЗӨВЛӨГӨӨ: Бусдад туслаад сайхан яриа өрнүүлэх ч бас муугүй санаа

Ингэж өөртөө боломжуудыг бий болгож чадвал чи удахгүй найзуудтай болж чадна. Үүнээс гадна чи цорын ганц давтагдашгүй нэгэн гэдгийг мартаж болохгүй

Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог зан чанартай шүү дээ. Чиний хувьд олон хүний дунд нээлттэй байх хэцүү байдаг бололтой. Гэхдээ энэ нь чи сул дорой эсвэл сонирхолгүй нэгэн хүн гэсэн үг огт биш бөгөөд чамтай ярилцах бусдад их сонирхолтой байна гэдэгт би итгэлтэй байна. Гол нь тийм нөхцлийг өөрөө бүрдүүлэх хэрэгтэй (мэдээж чи хүсэж байгаа бол). Хэрэв сайн анзаарч чадвал бусадтай танилцах, ярилцах боломж маш их байдаг. Тухайлбал төрөл бүрийн арга хэмжээ, уулзалтуудад очиж болно. Олон хүний дунд ярих хэцүү бол зүгээр л өөрт таалагдсан хэн нэгнийг олоод ярилц, шууд очоод ярих хэцүү байгаа бол утас, фэйсбүүк ашиглаж болно. Бусдад туслаад сайхан яриа өрнүүлэх ч бас муугүй санаа. Ингэж өөртөө боломжуудыг бий болгож чадвал чи удахгүй найзуудтай болж чадна. Үүнээс гадна чи цорын ганц давтагдашгүй нэгэн гэдгийг мартаж болохгүй. Амжилт хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#Problem #Teenagers