ЗАХИДАЛ: Өвдөлт намдахгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл "ураг зулбасан байна" гэсэн


ССҮТөв | YOLO.MN
2021-08-20

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Өвдөлт намдахгүй болохоор эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандтал "ураг зулбасан байна" гэсэн.

Сайн уу? Би 18 настай. Жирийн нэгэн гэр бүлд хэнээс ч хараат бус, эрх чөлөөтэй өссөн. Харин 7 сарын өмнөөс нэг залуутай уулзаж эхэлсэн юм. Эхэндээ сайн хүн шиг санагддаг байв. Гэр бүлийнхэндээ мэдэгдээд, өдөр бүр уулздаг байсан ч нэг л өдөр надаас нууцаар олон охинтой харьцдаг байсныг нь олоод харчихсан. Яг энэ мөчөөс бүх зүйл там мэт болсон. Би уурлах ёстой байтал эсрэгээрээ хүний юм дураараа ухсан гээд над руу дайрч, эцэстээ надад гар хүрсэн. Энэ нь давтагдсаар л...

Ингээд ч зогсохгүй эксүүд нь байнга залгаж, хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ. "Чиний найз залуу надтай хамт байна" гэх мэт. Харин найз залуу маань намайг найзуудтай минь ч уулзуулахгүй, орой 19 цагаас хойш гарч болохгүй гэдэг. Байнга л хоосон хардана. 

Нэг охин нь яг миний өөдөөс харж байгаад "Найз залуу чинь чамаас салах гэхээр чамайг амиа хорлочихно гээд салж чаддаггүй юм. Чамтай унтаж байхдаа намайг төсөөлдөг гэсэн, мэдэх үү?" гэж билээ. Тэр үг зүгээр л зүрхэнд минь үлдчихсэн. Таагүй мэдрэмж төрөх болгонд тэр үг, тэр хоолой хаанаас ч юм сонсогддог болсон. Миний мэддэг ертөнцөөс тэс өөр ертөнц гараад ирсэн. 

Би гэдэг хүн үлгэрийн хайранд итгэдэг байсан юм. Бие биедээ үнэ цэнтэй байх ёстой гэдэг ойлголтыг тархиндаа хэт их шингээчихсэн. Шулуухан хэлэхэд анх удаа найз залуутайгаа бэлгийн харьцаанд орж үзсэн болохоор салж чадахгүй юм шиг мэдрэмж төрөөд, салчихвал өөр хүнтэй үерхэж болохгүй, үерхчихвэл би түүнд үнэ цэнгүй санагдана гэх зэрэг зүйлсийг бодоод салж чаддаггүй байсан. 

Гэсэн ч би ирээдүйн карьераа бодоод худлаа гэдгийг нь мэдсээр байж олон дахин итгэсээр туйлдаж, түүнээс салсан. Энэ бол миний хийж байсан хамгийн зөв сонголт. Гэтэл салснаас хэдэн хоногийн дараа биений юм ирэх болоогүй байхад гэнэт их хэмжээгээр цус алдсан. Бүх бие хөндүүрлэсэн ч сарын тэмдэг өвдөлттэй ирж байгаа юм байх гээд өвчин намдаах эм уусан. Гэсэн ч өвдөлт нь намдахгүй болохоор эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандтал "ураг зулбасан байна" гэсэн. 

Би өөрөө ч мэдээгүй байхад яагаад? Мэдсэн бол ямар сонголт хийх байсан бол гэж өөрөөсөө мянган удаа асууж, хэнд ч хэлж чадахгүй, ганцаараа бүх зүйлтэй нүүр тулжбэтгэрч уйлж суусан. Аргаа ядаад блокоо гаргаад тэр хүний Фэйсбүүк рүү нь орж хархад тэр аль хэдийнэ өмнө нь үерхэж байсан охинтойгоо буцаад нийлчихсэн байж билээ. Энэ бүх зүйлс ердөө дөрөвхөн сарын дотор өрнөсөн. Миний 18 жил жаргалтай амьдарсан амьдралыг минь өдөр хоногийг аргацаасан хэн ч биш хүний амьдраланцар болгоод хувиргачихсан. 

Би бусдыг үзэн ядаж гомдол тээгээгүй ч миний дотор хов хоосон байна. Ямар ч сэтгэл хөдлөлгүй. Хэзээ сүүлд жинхэнээсээ инээснээ ч мартчихаж. Амьдрал минь хэтэрхий бараан өнгөөр будагдчхаад байхад би одоо уйлах ч үгүй байна. Юу ч бодогдохгүй хов хоосон. Логикийн талаасаа бодоход асгартлаа уйлж эсвэл шинээр эхэлье гээд явж байх ёстой байтал надад юу ч бодогдохгүй байна. Хоолоо ихдүүлээд идчихсэн юм шиг мэдрэмж төрөөд, хүнтэй бодол санаагаа хуваалцах гэхээр өрөвдсөн харцаар харах вий гэхээс эмээж байна. Буцаад жаргалтай охин болохоосоо илүү одоо байгаа ухаалаг байдал минь таалагдаад ч байгаа юм шиг...

Би дараа төрөлдөө ЦАХЛАЙ болж төрмөөр байна гэдгээс өөр хүсэх зүйл алга даа. 

Миний энэ нуршуу захиаг уншсанд үнэхээр их баярлалаа нэг хүнд ч болов дотор байгаа мэдрэмжээ хуваалцсандаа баяртай байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Энэ асуудалд өөрийгөө бүү буруутгаарай.

Сайн уу? Бидэнд итгэж асуудлаа нээлттэй илэрхийлсэнд баярлалаа. Чамд тэр үед ямар хэцүү байсныг төсөөлж байна. Мэдээж хувийн орон зай гэдэг хосуудын харилцаанд байх ёстой чухал зүйлсийн нэг юм. Хосууд бие биедээ итгэж найдах нь ч маш чухал. Чиний хэлдгээр бие биедээ үнэ цэнтэй байх хэрэгтэй. Тэр хүний талаар эрт олж мэдсэн нь чамайг хуурч байгааг ойлгож, эртхэн зайгаа барихад тусалсан байна шүү дээ. Одоо энэ асуудалд өөрийгөө бүү буруутгаарай. Одоо энэ бүхэн дууссан. Хүн бүр л алддаг. Алдаа нь харин бидэнд сургамж болж үлддэг шүү дээ. Зоригтой шийдвэр гаргаж энэ хортой харилцааг дуусгасанд өмнөөс нь баяртай байна.

Мэдээж эргээд гэнэн жаргалтай охин болохгүй ч “ухаан суусан жаргалтай охин” болж болно шүү. Мэдээж тодорхой хугацаа болон үйлдэл хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүстээ ярьмааргүй байвал сэтгэл судлаачтай биечлэн уулзаад үзээрэй. Амьдрал бол олон туршлагуудын нийлбэр билээ. Одооноос өөрийгөө илүү их хайрлаж хүндэлдэг байгаарай. Чи өөрийгөө хүндэлж байж хүмүүс чамтай яаж харилцах вэ гэдгийг тэдэнд хэлж өгөх боломжтой. Хэн ч чамайг доромжлох, гар хүрэх эрхгүй юм шүү. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам 


АСУУДАЛ: Өөрийнхөө мөрөөдлийн араас гүйх үү? Ээжийнхээ хүсэж байгааг хийх үү?

Сайн байна уу? Би одоо 17 настай, эмэгтэй. Төгсөх ангийн сурагч болж байгаа мөртлөө одоо хүртэл мэргэжлээ сонгож чадаагүй л явна. 6-р ангидаа эм зүйчээр сурч байгаа эгчийгээ хараад анагаахын сургуульд л орно гээд хими судалж эхэлсэн ч том болох тусам сонгосон мэргэжилдээ эргэлзэх болсон.

Энэ яг чиний хүсэж байгаа зүйл мөн юм уу? Чи яг энийг хийж чадах юм уу? Энэ салбарт тууштай байж чадах уу гээд л нэлээн их юм бодогдоно. Гэхдээ би чинь урлагт үнэхээр дуртай, хайртай болохоор "чи яагаад урлагаар явж болохгүй гэж?" гэсэн бодол их төрж байгаа л даа. Энэ талаараа ээжтэйгээ ярилцах гэж оролдсон ч нэг бол "чиний л амьдрал, чиний л сонголт юм чинь өөрөө мэд" гэдэг, нэг бол "ямар ч хамаагүй их сургуульд орж дипломтой болж л байвал дараа нь юу хийнэ өөрөө мэд" гэдэг.

Энэ хариултыг нь сонсохоор зүгээр л нэг дипломтой болохын тулд дор хаяж 4, 5 жил сурна гэж үү? Дипломтой боллоо гэхэд би өөрөө сонирхохгүй байхад тэр мэргэжил хэрэгтэй гэж үү? Их сургуулиа төгсөөд хүссэн зүйлээ хийе гэвэл тэр үед нөхцөл байдал ямар байдаг бол гээд л асуултууд ундраад л гараад байх юм. Өөрийнхөө мөрөөдлийн араас гүйх үү эсвэл ээжийнхээ хүсэж байгааг хийх үү? Яасан нь дээр бол.

ЗӨВЛӨГӨӨ: Ажил дээр гараад өдөр тутамдаа юу хийх, ямар цалин авах, хаана ажиллах зэрэг бодит зүйлсийг судалж үзээрэй.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт гэдэг чухал сонголтуудын нэг. Тиймээс чамайг санаа зовж байгааг ойлгож байна. Мэргэжлээ сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Би энэ зүйлд үнэхээр дуртай юу? Би энэ зүйлийг үнэхээр чадах уу? Нийгэм ямар мэргэжилтэнг хүсэж байна вэ? Би энэ мэргэжлээр дамжуулж нийгэмдээ юу хийж бүтээх вэ? Мөн чиний амьдралын зорилго юу вэ? Тэр зорилгыг биелүүлэхэд аль мэргэжил нь чамд илүү туслах вэ? 

Мөн тухайн мэргэжлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын өдөр тутмын ажилтай нь танилцаад үзээрэй. Мэргэжил сонгоход дээрх асуултуудаас гадна мэргэжлийнхээ талаар хэр судалсан бэ гэдэг их чухал. Ажил дээр гараад өдөр тутамдаа яг юу хийх юм, цалин, хаана ажиллах боломжтой вэ гэх мэт бодит зүйлсийг судалж харгалзаж үзээрэй. 

Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам 


АСУУДАЛ: Ээж найз залууд маань дургүй. Учир нь тэр шивээстэй, туранхай, эцэг нь жаахан "уудаг".

Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Би тийм том болоогүй ч насныхаа хайрыг олсон гэж боддог. Хэзээ ч хэнээс ч тийм дулаан мэдрэмж авч чадахгүй байх. Харин ээж маань найз залууд маань үнэхээр дургүй. Шалтгаан нь шивээстэй, туранхай, эцэг нь жаахан уудаг. "Тэр залуу чинь л биш бол өөр хэн ч яахав", "Намайг сонгох уу ? Тэр залуугаа сонгох уу?", "Өөр олигтой айлын хүүхэдтэй суу" гэх мэтээр дандаа л намайг зовоодог.

Ээжийнхээ үгэнд орж найз залуугаасаа салж үзсэн. Өдөр бүр нууцаар уйлаад яг л тамд байгаа юм шиг л хэдэн сар өнгөрсөн. Би ээжийгээ ойлгох байх гэж зөндөө ярилцах гэж оролдсон боловч хэзээ ч хүлээж авахгүй юм билээ... Найз залуутайгаа энэ тухай ярилцахаар заавал бодол нь өөрчлөгдөнө гэдэг. 

Одоо ээжид салсан гээд хэлчихсэн байгаа. Салаагүй гэвэл намайг зодож ч магадгүй. Ийм үед яахаа мэдэхгүй хэцүү юм аа. 

ЗӨВЛӨГӨӨ: Чи ганцаараа түгшээд асуудал шийдэгдэхгүй учраас найз залуутайгаа ярилцаарай. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хос хоёр бие биенээсээ биш хэн нэгний ятгалгаар салах, харилцаагаа ил гаргаж чадахгүй байх явдал хоёр талыг хэцүү байдалд оруулдаг. 19 нас хүрсэн хэдий ч шийдвэр гаргалтад гэр бүлийн нөлөө байсаар байдаг. Иймээс өөрсдийн үерхлийн талаар дан ганц тайлбар тавих гэхээсээ илүүтэй эрүүл харилцаатай байж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй болдог. Учир нь эцэг эхүүд хүүхдийнхээ ханилж, нөхөрлөж байгаа хэн нэгнийг ямар хандлага, хүмүүжилтэй вэ гэдгийг ойлгохыг хүсдэг.

Ээж чинь найз залуутай чинь уулзаж, ярилцаж үзсэн болоод харилцааг чинь зөвшөөрөхгүй байгаа юу? Эсвэл харилцаж үзээгүй байж хий хоосон түгшүүрт автаад байгаа юу? Чи ганцаараа түгшиж суугаад энэ асуудал шийдэгдэхгүй тул найз залуутайгаа ярилцаж хамтдаа шийдэхийг хичээгээрэй. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир 


АСУУДАЛ: Би яг юуг буруу хийсэн болоод бусад хүмүүс надаас илүү амьдарч байгаа юм бол? 

Надад яагаад ч юм бүтэлтэй, амжилттай юм юу ч байдаггүй. Ойлгож ярилцдаг гэр бүл, дотно найз нөхөд, гоц сурлага, давуу тал гээд юу ч байхгүй. Гэтэл зарим хүмүүст бүх зүйл байдаг шүү дээ. Би яг юуг буруу хийгээд, надад яг юу дутаад бусад хүмүүс надаас илүү байгаад байгаа юм бол? Би яг яаж бодит байдлыг байгаагаар нь хүлээж авч сурах вэ? Яг яаж хичээвэл бусдад ойлгогдож, ийм хүн гэдгээ харуулах бол? Миний юу буруу байна вэ? Би ялгаатай байдал, дүр төрх, шарх сорви, мэнгэ толбо, арьс өнгө, өндөр нам, биеийн жин, галбир, ажил мэргэжил гээд хэнийг ч ялгаварлалгүй сонсохыг, ойлгохыг, туслахыг, хайрлахыг хичээдэг. Гэвч яагаад би бусдаас эргээд хайр хүртдэггүй юм бол. Би одоо яг яах хэрэгтэй вэ. Юу хийх ёстой юм бол оо?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь шууд утгаараа БОДЛЫН АЛДАА юм. 

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Бусдад бүх зүйл байгаад надад байдаггүй гэсэн бодол бол шууд утгаараа бодлын алдаа юм. Бусдад ч ялгаагүй өөрсдийн гэсэн амьдралын асуудал, дутуугийн мэдрэмж байгаа. Дутуугийн мэдрэмждээ хэт анхаарахаас илүүтэй өөрт байгаа нөөц бололцоон дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй.

Ямар ч харилцаанд нөхцөл тавьж харилцахгүй байхыг хүсье. Би сайн хандсан юм чинь тэр хүн эргүүлээд миний ач тусыг хариулж надад сайн хандах ёстой гэсэн бодол угтаа тэр хүнтэй нөхцөл тавьж харилцаж байгаагийн илрэл юм. Хэн нэгнээс гарах үйлдлийг бид хянаж, төлөвлөж чадахгүй. Өөрийн хүчнээс давсан зүйлийг зохицуулж чадахгүйдээ бухимдах хэрэг байгаа болов уу? Энэ нь чи өөрийгөө л хий дэмий шийтгэж байгаатай ялгаагүй зүйл юм. Хэнтэй харилцах, харилцахгүй байхаа шийдэх сонголт өөрт чинь байгаа. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандаад байгаа юм шиг санагдлаа. Өөртөө зөөлөн хандаарай.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир 


АСУУДАЛ: Кинон дээр муухай үзэгдэл харчихвал бодлоос гардаггүй. 

Би 22 настай, эрэгтэй. Кино үзэж байхад кинон дээр муухай зүйл гарвал тэр үйл явдал миний толгойноос гардаггүй. Бас хүнтэй муудалцах, хачин гажиг яриа сонсох үед тэр хүний хэлсэн муухай үгс толгойноос гарахгүй юм. Би яг л тэр хүмүүс шиг муу хүн болж байгаа юм шиг бодол төрдөг. Хүмүүстэй муудалцах үед өөрийгөө тэр хүмүүст дээрэлхүүлээд арчаагүй байдалтай үлдчихлээ гэсэн бодол тархинаас гардаггүй. 

Хүнтэй муудалцсаныхаа дараа зодох юм уу, цохих байсан юм гэж сүүлд нь бодогдоод салахгүй. Сүүлдээ тархинаас энэ муухай бодлууд салахгүй болохоор яг л галзуурах гээд байгаа юм шиг санагдаад уур их хүрдэг. Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Таагүй үйл явдлаас таагүй сэтгэл хөдлөл мэдрэх нь хэвийн зүйл. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Таагүй дүр зураг, үйл явдал, үг хэллэгээс таатай мэдрэмж авахгүй. Таагүй үйл явдлаас таагүй сэтгэл хөдлөл мэдрэх нь хэвийн зүйл. Эсрэгээрээ таагүй зүйлээс таашаалтай мэдрэмж, эерэг сэтгэл хөдлөл мэдрэх нь хэвийн бус зүйл. Тиймээс өөрт мэдрэгдсэн мэдрэмж чинь байх ёстой сэтгэл хөдлөл байна. Өөрт тулгараад байгаа асуудал чинь уг мэдрэмжүүдээ өөрөөсөө тавьж явуулж чадахгүйд байгаа бололтой.

Таагүй мэдрэмжийг өөрөөсөө хэрхэн тавьж явуулах вэ:

1. Гүнзгий амьсгаа авна уу.

2. Таагүй мэдрэмж авсан үйл явдал ард үлдсэн гэдгийг бодно уу.

3. Яг одоо байгаа орчин тойрноо ажиглаарай.

4. Тухайн таагүй мэдрэмжийг бодсоор байна гэдэг нь гаргах хэрэгцээ шаардлага байна гэсэн үг. Хэн нэгэнд хэлэх үед, ярилцах үед бид тайвшрал мэдэрдэг. Хэн нэгэнтэй ярилцах боломжгүй бол цаасан дээр бичих, ганцаараа байсан ч өөр өөртөө юу мэдрэгдсэнээ хэлэх. Надад таагүй байсан, тухгүй байсан гэх мэтээр хэлнэ. Ингэснээр бага ч болтугай тайвшрал мэдрэх боломжтой.

Сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрснөөр эерэг сэтгэл хөдлөл бий болох суурь тавигдана.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир 


АСУУДАЛ: Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байна.

Сайн байна уу? Би 16 настай. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө том болж, аливаа зүйлийг эргэцүүлж, арай л өөр өнцгөөс хардаг болсон гэдгээ анзаарч байна. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй юм. Уурлах, бухимдах зүйл зөндөө гардаг ч зүгээр өнгөрөөх биш, заримдаа хэтрүүлээд бүр илүү том болгочхоод байх шиг. Уурлаж бухимдах үедээ өөр хүн болчихсон юм шиг. Тэгээд сүүлд нь болсон бүхнийг буцааж бодохоор "надаас ийм үг, үйлдэл гарлаа гэж үү дээ?" гэмээр л болдог. Ийм болохоор сүүлийн үед бусдаас зайгаа барьж эхлээд байх шиг байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Мэдэрсэн сэтгэл хөдлөлөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сураарай. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдах гэж хичээж байгаа чинь сайн байна. Өсвөр насны бие физиологи хөгжиж өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үед дааврын хэмжээ ихээр ялгардаг тул сэтгэл зүйн тогтворгүй байдалд ихээхэн өртөж байдаг. Энэ үед юу мэдэрч байна вэ гэдгээ сайтар ажиглаарай. Мэдэрсэн сэтгэл хөдлөлөө нууж, эсэргүүцэх биш байгаагаар нь хүлээн зөвшөөрч сураарай.

Мэдэрсэн мэдрэмжээ дотроо удаан нуух хэрэггүй бөгөөд тухай бүрт нь гаргаж байгаарай. Тэвчиж тэвчиж байгаад сэтгэл хөдлөлөө ил гаргах, тухайн цаг үед нь сэтгэл хөдлөлөө бага багаар гаргах нь асар ялгаатай байдаг. Мэдээж удаан хугацаагаар тэвчиж байгаад гаргасан сэтгэл хөдлөл бусад хүмүүсийг илүү ихээр гомдоож, эргээд бодоход ч би яагаад ийм үйлдэл хийсэн юм болоо гэж бодоход хүргэдэг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлийг тухайн цаг үед нь эвтэйхнээр гаргаж байгаарай. Хэн нэгэн өөрийн чинь уурыг хүргэсэн бол энэ үйлдэл чинь надад таагүй санагдаж байна гэдгийг эвтэйхнээр илэрхийлж сураарай. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир 


АСУУДАЛ: Аав "Үгэнд орохгүй бол манай гэрээс зайл. Авч өгсөн хувцсаа авъя, хоол идүүлсэн мөнгөө авъя" гэсэн.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Би 20 настай, эмэгтэй. Өнөөдөр би ээжээрээ шоколад авахуулж байгаадаа ичсэн. "өдий 20той байж дүүтэйгээ чихэр жимс, булаацалдаж, дандаа иднэ, ууна л гэх юм" гэсэн аавын үг толгойд орсон. Юу ч хийж чадахгүй байгаа өөртөө маш их дургүй. Ажил гэвэл аяга таваг угаахаас өөр юмгүй. Үеийн хүмүүст үргэлж атаархдаг. Ялангуяа хамаатны хүүхдүүд бүгд л ажил хийгээд, гадаад дотоод руу яваад л, танил олонтой болоод, гэр бүлээ тэжээгээд л, өөрөө өөрсдийгөө болгоод авч яваад байхад би хажууд нь гэртээ дүүтэйгээ өдөр болгон хэрэлдээд, эцэг эхийнхээ дургүйг хүргээд л, дүү нь ч дүү биш эгч нь ч эгч биш орчинд.

Би дотогшоо төрлийн хүн. Гар салганаж чичирдэг, сандрахаараа өөрийгөө хянах чадваргүй болдог гэдгээ мэдсэн. Нэг өдөр хамаатны үеийн хүүхдүүдийг хараад магтсан аав ээжийг харсан би үнэхээр ичмээр, өөрийгөө зүхэх болсон. Тэгээд л би ер нь амьдрах хэрэгтэй гэж үү? Эцэг эхээрээ тэжээлгэж, санаа амар унтаад л ямар ч санаа зовсон шинжгүй байгаа өөрөөсөө ичсэн.

Ээж маань надад "Чи одоо манай гэрээс явахгүй юм уу? Айлын хүмүүс хүүхдээ 18 нас хүргээд гэрээсээ хөөж байхад чинь бид нар чамд сайн хандаад гэртээ байлгаж байхад"... Энэ үгийг сонсоод би шоконд ороогүй ээ. Угаасаа өмнө нь ч гэсэн аав надад "Үгэнд орохгүй бол манай гэрээс зайл, авч өгсөн хувцсаа авъя, хоол идүүлсэн мөнгөө авъя, өсгөж хүмүүжүүлсэн мөнгөө авъя, төлж чадахгүй бол манай гэрийн зарц бол. Чамайг угаасаа бид нараас өөр тоодог хүн байхгүй, чи чинь угаасаа манай гэрийн боол, малаа". 

Үгнээс нь зөртөл идэж байсан халуун хоолоо над руу асгасан. Ээж ч гэсэн намайг буруутгасан. Хүн л юм хойно үзэл бодлоо хэлээд гомдлоо илэрхийлсэн. Тэр нь ч үнэн биз ээ. Миний төлбөрийг төлж байгаад нь гэмшээд байна. Даан ч аав ажил хийх дургүй. Арай гэж олсон мөнгийг нь би авчихсан. Уг нь манайх дунджаас дээгүүр айл. Миний хувьд өдий 20-той байж өөрийн гэсэн орлогогүй, эцэг эхээрээ тэжээлгэж амьдарч байгаадаа л гэмшиж байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавих эрхтэй хэдий ч түүнийгээ зөвөөр илэрхийлж байхыг хүсэж байна.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Эцэг эхээсээ эдийн засгийн хувьд хараат байгаа юм байна. Эдийн засгийн эрх чөлөөнд хэн ч шууд хүрч чадахгүй. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Өөрт чинь хугацаа хэрэгтэй байна гэдгийг эцэг эхдээ илэрхийлээрэй. Одоогийн нөхцөл байдалдаа тааруулж ажил эрхлэх боломж байгаа юу? Одоогийн өөрийн нөөц бололцоогоо ашиглаад ажил хийх боломж бий юу? Эцэг эхээсээ таагүй үг сонсохоо болих нэг хүчин зүйл ажилд орох бололтой. 

Эцэг эхчүүд маань хүүхдэдээ шаардлага тавих эрхтэй хэдий ч түүнийгээ зөвөөр илэрхийлж байхыг хүсэж байна. Хэн нэгэнд шаардлага тавих үедээ тухайн хүнийг бусадтай харьцуулж, үгээр доромжлох нь зөв үр дүнтэй арга биш. Эцэг эхийн чинь өөрт чинь хэлсэн таагүй үг болгонд харамсаж байна. Хэт шүүмжлэл авсан учраас ямарваа нэгэн зүйл хийх хүсэл төрөхгүй байж болно. Гэвч энэ байдал эргүүлээд өөрийг чинь илүү хүнд байдалд оруулна. Тиймээс өөрийгөө дайчлаад одоо байгаа нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах вэ? Эхний ямар алхам хийх вэ гэдгээ сайн бодоод, үйлдэл хийгээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир 


АСУУДАЛ: Гэр бүлийнхэн маань намайг тоглоомоор тарган, царай муутайгаар минь дуудах болсон. Бас эгчтэй маань байнга харьцуулдаг.

Сайн байна уу? Маш их бодсоны эцэст та нараас зөвлөгөө авахаар шийдсэн юм л даа. Би одоо 16 настай. Багаасаа хүмүүстэй таардаггүй, өөрийгөө тусгааралчихдаг, олон хүмүүсийн анхааралд байхаас айдаг төрлийн хүүхэд байсан юм л даа. Энэ зан минь намайг шаналгадаг боловч үүнийг яаж даван туулахаа үнэхээр мэдэхгүй нь. Жишээ нь багшаас юм асуухаасаа ч эмээдэг. Энэ нь намайг хичээлээ ойлгохгүйд хүргэнэ. Бас хүмүүст муухай сэтгэгдэл төрүүлнэ гээд асуудлууд үнэхээр ихтэй.

Гэхдээ энийг больж хүмүүстэй харьцах гэхээр сандраад "дараа нь яах бол?", "буруу зүйл хийчихсан юм болов уу" ч гэж бодно. Бас ойрын үед юу ч болоогүй байтал цаанаасаа гуниглаад нэг л хоосон. Шалтгаангүйгээр уйлдаг боллоо. Хажуугаар нь гэр бүлийнхэн маань намайг тоглоомоор бүдүүн, тарган, царай муутайгаар минь дуудах болсон. Уг нь тоглоом гэдгийг нь мэднэ. Гэхдээ олон тэгж хэлүүлээд байхаар сүүлдээ "тийм ч билүү?" гэж бодох шиг.

Би дээрээ эгчтэй юм л даа. Эгч бид хоёр тэс ондоо. Манай эгч бараг л төгс гэж хэлэхэд ч багадахаар хүн. Гоё биетэй, хүмүүсийн арга эвийг сайн олдог, сайн ч сурдаг, сайхан ч ааштай. Гэхдээ одоо өөр оронд байгаа болохоор манай хамаатнууд, гэр бүлийнхэн маань улам л харьцуулах боллоо. Эгч чинь ийм байхад чи яагаад ийм байж болдоггүй юм, эгчийнхээ хаана нь ч хүрэхгүй юм байж, яаж ч харсан эгч нь л илүү хөөрхөн байгаа юм даа гэх мэт. Уг нь тэмдэглэл бичиж, найзууддаа хэлж үзсэн ч тэрхэн үедээ л дажгүй болчхоод дараа дахиад л гуниглах юм. Надад зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Гэр бүлийнхэндээ эгчтэйгээ харьцуулагдмааргүй байна гэдгээ илэрхийлээрэй.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд “би бусдад хэрхэн харагдаж байна вэ”, “бусад хүмүүс намайг юу гэж боддог вэ” гэдэгт ач холбогдол өгдөг. Энэ асуудал зөвхөн чамд тулгараагүй юм шүү. Энэ бодолдоо хэт автаад аливаа харилцаанаас зугтах хэрэггүй. Харилцаа бол чадвар. Давтамж өндөр байх тусам чадвар сайн байна. Хичээл дээр асуугдаж байгаа бол өөрийн ойлгосон зүйлийг хэлж, ойлгоогүй бол тусламж хүсээрэй. Багшийн үүрэг бол сурагчдаа чиглүүлэх шүү дээ. Алдсан ч болно, үүнд санаа зовохгүй байхыг хүсье!

Нэг гэр бүлийн хүүхдүүд бие биетэйгээ адилхан байдаггүй. Ээж аавдаа, эгчтэйгээ харьцуулагдмааргүй байна. Бид хоёр тусдаа бие даасан хүмүүс, өөрсдийн гэсэн зан чанартай тул цаашид харьцуулагдмааргүй байна гэдгээ илэрхийлээрэй. Өөрийн бодлыг илэрхийлж байж, бусад хүмүүс чамайг юу хүсээд байгааг ойлгоно. Зориг гаргаад анхны алхмыг хийгээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter