"Дүрэмт хувцсаа бэлэглэе" хандивын аян зохион байгуулагдаж байна


YOLO.mn | YOLO.MN
2021-08-12

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар “Хандив ханасан сэтгэлээс бус харамгүй сэтгэлээс бүтдэг” уриан дор “Дүрэмт хувцсаа бэлэглэе” хандивын аяныг зохион байгуулж байна. 

Тус хандивын аяныг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан уул аймаг дахь 6187 өрхөөс авсан “Гэр бүлийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ” асуумж судалгааны дүгнэлтэд үндэслэн зохион байгуулж байгаа аж.

Судалгаагаар нийт эцэг эхчүүдийн 30 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхүүдийн 22 хувь нь хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжийн орлогоор амьдарч байна гэсэн үр дүн гарсан юм. Мөн “COVID-19” цар тахлын улмаас 2020 онд 145 эцэг эх ажлын байргүй болж өрхийн орлого нь буурсан гэсэн дүгнэлт гарчээ. 

Ийнхүү Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар дээрх аяны хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд:

1. 1-р ангид элсэн суралцах 551 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцсыг өөрийн хөрөнгөөр худалдан авч өгөх.
2. 500 сурагчийн дүрэмт хувцсыг хандиваар цуглуулан, дүрэмт хувцас шаардлагатай 2-12-р ангийн хүүхдүүдэд бэлэглэхээр ажиллаж байгаа аж.

“Дүрэмт хувцсаа бэлэглэе” хандивын аяныг маш олон албан байгууллага болон уран бүтээлчид дэмжин хамтарч ажиллаж байгаа бөгөөд хамгийн анхны хандивлагч нь жүжигчин Ц.Мичидмаа байлаа. 

Хандивын аян 2021 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдах ба хандивлах дүрэмт хувцсыг Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан уул аймаг дахь Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын салбаруудаар хүлээн авч, Гүүд Шэйринг компаний угаалга, хими цэвэрлэгээнд оруулж, Тод Илч оёдлын бүлэгт дамжуулан шаардлагатай оёдол, засварыг хийлгэн хүүхдүүдэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

Гүүд Нэйборс ОУТББ нь 1991 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 46 оронд төлөөлөгчийн газартай, Нэгдсэн Үндэсний байгууллагад зөвлөх эрхтэй, ашгийн бус, хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь 2006 оноос хойш хүүхдийн хөгжиж, сурч боловсрох эрхийг хангахаар олон төрлийн төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Гүүд Нэйборс ОУТББ-ын албан ёсны Фэйсбүүк хуудсаар холбогдон авах боломжтой. 

#Мэдээ #Сайн дурын аян