16 нас хүрэхээсээ өмнө дэбют хийсэн К-ПОП ОДОД


Хэрэв чи үнэхээр авьяаслаг, хөдөлмөрч, мөн бага зэрэг царайлаг бол Өмнөд Солонгосын дуу хөгжмийн салбарт нас харгалзалгүйгээр дэбютээ хийх бүрэн боломжтой. Энэхүү нийтлэлээрээ үүний тод жишээ болж 16 нас хүрэхээсээ өмнө урлагийн ертөнцөд хөл тавьсан есөн уран бүтээлчийг танилцуулж байна.

JUNGKOOK

Дэбют хийсэн нас: 15

BTS хамтлагийн отгон гишүүн Jungkook нь Өмнөд Солонгосын Пүсань хотод төрсөн бөгөөд эцэг эх, ахын хамт амьдардаг. Тэр агаарын теннисээр хичээллэж мэргэжлийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан ч 2009 онд G-Dragon-ы “Heartbreaker” дууны үзүүлбэрийг үзсэний дараа дуучин болохыг хүсчээ. Тийнхүү 2011 онд сонгон шалгаруулалтад орж, өөрт нь санал тавьсан долоон компаниас Big Hit энтэртайнментийг сонгосон юм. Харин одоо тэр Өмнөд Солонгос төдийгүй дэлхийд алдартай уран бүтээлч болж чаджээ.

Сонирхолтой баримт: Тэр одоогоор 18 шивээстэй бөгөөд BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийн нэршил болох “ARMY” гэх үг ч үүнд багтдаг.

SUZY

Дэбют хийсэн нас: 15

Тэрээр JYP энтэртайнментийн 2010 онд танилцуулсан Miss A хамтлагт дэбют хийж дуучны гараагаа эхлүүлжээ. Үүнээс нэг жилийн дараа буюу 2011 онд “Dream High” цувралд гол дүр бүтээн кино урлагт хөл тавьсан бөгөөд тухайн үед муу жүжиглэдэг хэмээн олны шүүмжлэлийг хүртэж байсан ч өдгөө Өмнөд Солонгосын шилдэг жүжигчдийг нэг болоод байна. Мөн тэр 2017 онд хамтлаг нь тарсны дараа бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн.

Сонирхолтой баримт: Тэр дуучнаар бэлтгэгдэхээсээ өмнө онлайн хувцасны дэлгүүрт моделиор ажилладаг байсан төдийгүй гоо сайхны хагалгаа хийлгээгүй гэдгээрээ онцлогтой.

MINZY

Дэбют хийсэн нас: 15

Тэр багаасаа л бүжиглэхдээ сайн байсан бөгөөд бүжгийн бичлэг нь YG энтэртайнментийн захирал Yang Hyun Suk-ийн нүдэнд өртсөнөөр дуучин болох санал ирсэн гэдэг. Харин тэр үед Minzy ердөө зургадугаар ангид сурдаг байсан юм. Ийнхүү 2009 онд 2NE1 хамтлагт дэбютээ хийж, хамтлагаа тарсны дараа буюу 2016 оноос бие даасан уран бүтээлч болсон аж.

Сонирхолтой баримт: Түүний эмээ нь алдартай ардын бүжигчин байсан тул багаасаа урлагтай ойр өссөн.

IU

Дэбют хийсэн нас: 15

Өмнөд Солонгосын чадварлаг соло дуучдын нэг IU буюу Lee Ji Eun нь багаасаа урлагт дурлаж, жүжигчний дамжаанд сурч эхэлжээ. Гэвч тухайн үед гэр бүлийнх нь санхүүгийн байдал хүндхэн байсан тул тэр эрэгтэй дүүгийн хамт эмээ дээрээ нүүж очсон гэдэг. Тэр дунд сургуульд байхдаа дуулж эхэлсэн ба 20 орчим шалгаруулалтад орсны дараа 2008 онд дэбют хийж чадсан төдийгүй өдгөө чадварлаг жүжигчин болсон.

Сонирхолтой баримт: Тэр энэ оны хоёрдугаар сард 13 тэрбум воны үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ.

JANG WONYOUNG

Дэбют хийсэн нас: 14

2018 онд “Produce 48” төслөөс төрөн гарсан IZ*One хамтлагт дэбют хийсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хамтлаг албан ёсоор тарж буйгаа мэдэгдсэн юм. Харин энэ үйл явдлын дараа тэрээр Starship энтэртайнментэд үргэлжлүүлэн бэлтгэгдэж байгаа билээ. Мөн тэр өнгөрсөн онд солонгос хэл, математик, англи хэлний хичээлээр шалгалт өгч урлагийн ахлах сургуульд тэнцсэн ба одоогоор хөгжмийн чиглэлээр суралцаж байна.

HAYOUNG

Дэбют хийсэн нас: 14

Тэр долдугаар ангид байхдаа шалгаруулалтад тэнцэж Cube энтэртайнментэд бэлтгэгдэгч болсон бөгөөд 2011 онд Apink хамтлагт дэбют хийсэн юм. Мөн тэр 2017 онд жүжигчний гараагаа эхэлж, 2019 оноос бие даасан уран бүтээлээ гаргаж эхэлсэн.

Сонирхолтой баримт: Тэр айлын ганц охин бөгөөд түүний аав Apink хамтлагаас Eunji-д хамгийн их дуртай.

TAEMIN

Дэбют хийсэн нас: 14

Тэр дуулах, бүжиглэх чадвараараа SM энтэртайнментэд тэнцэн 2008 онд SHINEE хамтлагт дэбют хийжээ. Мөн бие даасан уран бүтээлүүдээ 2014 оноос эхлэн гаргасан ба 2019 онд Capitol Records-той хамтран байгуулсан SuperM хамтлагт дэбютээ хийсэн юм. Одоогоор тэр цэргийн албаа хааж байгаа билээ.

Сонирхолтой баримт: Тэр EXO хамтлагийн Kai, BTS хамтлагийн Jimin нартай дотно найзууд.

KRYSTAL

Дэбют хийсэн нас: 14

АНУ-ын Сан-Франциско хотод төрж өссөн тэрээр 2000 онд Өмнөд Солонгост аяллаар ирэхдээ эгч Jessica-гийн хамт SM энтэртайнментаас бэлтгэгдэгч болох урилга авч байжээ. Гэвч тухайн үед тэдний эцэг эх Krystal-ын нас нь бага байна хэмээн үзэж, зөвхөн эгчийг нь бэлтгэгдэгч болохыг нь зөвшөөрсөн аж. Ийнхүү явсаар 2006 онд тэр SM энтэртайнментэд албан ёсоор орж 2009 онд F(x) хамтлагт дэбют хийсэн юм.

Сонирхолтой баримт: Тэр 2010 оноос жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 9-нд түүний гол дүрnau y,  бүтээсэн “Police University” цуврал үзэгчдийн хүртээл болж эхэлжээ.

BOA

Дэбют хийсэн нас: 13

11 насандаа SM энтэртайнментийн шалгаруулалтад тэнцэж хоёр жилийн хугацаанд бэлтгэгдэн 2000 онд анхны уран бүтээлээ гаргаж байсан түүнийг “к-попын хатан” хэмээдэг. Тэр хэдий 13 настай ч тун авьяаслаг нэгэн байсан бөгөөд англи, япон хэл дээр дуугаа бичүүлсээр ирсэн юм.

Мөн тэрээр Холливүүдийн “Make Your Move” (2014) кинонд гол дүр бүтээж жүжигчний карьераа эхлүүлсэн. Одоогоор Өмнөд Солонгосын урлагийн салбарт зохиогдож буй “Street Woman Fighter” бүжгийн шоунд шүүгчээр ажиллаж байна.

Сонирхолтой баримт: Тэр анх ахтайгаа хамт шалгаруулалтад орсон ч ах нь тэнцэж чадаагүй гэдэг.

Эх сурвалж: K StarLive

#Энтертайнмент #Алдартан #Kpop #Debut