T-ara хамтлаг шинэ уран бүтээл гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-08-02

Нэгэн үе к-поп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэгээр нэрлэгдэж байсан T-ara хамтлаг сүүлийн дөрвөн жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй юм.

Энэ оны долдугаар сарын 30-ны өдөр, T-ara хамтлагийн гишүүд хамтлаг байгуулагдсаны 12 жилийн ойн баяртаа зориулж V Live шууд дамжуулалтын платформоор шүтэн бишрэгчидтэйгээ уулзжээ. Ийнхүү тэд өөрсдийн амжилт, уналтын тухай ярьж ирээдүйн төлөвлөгөөгөө ч дурдсан байна. Hyomin:

- “Маш олон хүн биднийг шинэ дуу гаргахыг хүлээж байгаа байх. Манай шүтэн бишрэгчид удаан хүлээсэн шүү дээ. Хэдэн жил өнгөрчихсөн юм бэ? Бид нар хамгийн сүүлд 2017 онд цомог гаргасан гэхээр дөрвөн жил өнгөрчээ. Гэхдээ одоо л зөв цаг нь юм шиг байна. Үнэнийг хэлэхэд манай хамтлагийнхан уулзах бүрдээ шинэ уран бүтээл гаргах талаар ярилцдаг боловч маш олон бэрхшээл тулгардаг. Гэсэн хэдий ч энэ удаад боломж олдсон гэж бодож байгаа болохоор энэ боломжийг алдалгүй ашиглах болно. Бид шинэ уран бүтээл гаргахын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа” гэжээ. Мөн хамтлагийн гишүүн Jiyeon:

- “Хэзээ вэ? гэдэг асуулт их чухал байх. Бидэнд яг одоо өгөх тодорхой хариулт байхгүй боловч өвлөөс өмнө...” гэв. Харин Hyomin:

- “Үнэнийг хэлэхэд цаг хугацаа их орох байх. Гэхдээ он дуусахаас өмнө шинэ дуу гаргана аа” гэжээ. Харин хамтлагийн гишүүд нь Hyomin-ийг “хэтэрхий их мэдээлэл өгчихлөө” хэмээн наргижээ.

T-ara хамтлагийн хувьд 2009 онд зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан боловч MBK энтертайнментийн зохион байгуулалтаас болж хамтлагт шинэ гишүүн нэмэгдэх, тэдгээр гишүүд нь гэрээгээ цуцлах зэрэг нь хэвийн үзэгдэл болсон юм. Ийнхүү тус хамтлагийн үндсэн гишүүд болох Soyeon, Boram нар 2017 онд гэрээгээ цуцалж хамтлагаасаа гарснаар T-ara хамтлаг дөрвөн гишүүнтэй болсон билээ. Харин 2018 оны эхээр үлдсэн дөрвөн гишүүн болох Qri, Hyomin, Eunjung, Jiyeon нар MBK энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгосон юм.

Эх сурвалж: Soompi, Allkpop

#Энтертайнмент #Алдартан