Гоо сайхны хагалгаанд орсон гэдгээ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН к-поп алдартнууд


Өмнөд Солонгосын алдартнуудын хувьд гоо сайхны мэс засалд орох нь түгээмэл үзэгдэл. Гэхдээ тэдний ихэнх нь энэ талаараа нээлттэй ярьдаггүй билээ.

Харин бид гоо сайхны мэс засалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа чөлөөтэй ярьдаг зургаан дуучныг энэхүү нийтлэлээрээ танилцуулах гэж байна. Уг зоримог үйлдэл нь тэднийг бүр ч “cool” болгожээ.

1. MINZY

Түүний харьяалагддаг байсан YG энтэртайнмент нь уран бүтээлчдэдээ гоо сайхны мэс засал хийлгэдэггүй гэдгээрээ алдартай ч 2013 онд Minzy-г хагалгаанд орохыг нь зөвшөөрсөн юм.

Тэрээр энэ тухай “Сүүлийн үед миний гадаад төрхөнд гарсан өөрчлөлтийн тухай хүмүүс их ярьж байна. Харин би юм нууцалж чаддаг төрлийн хүн биш болохоор үнэнийг хэлэхийг хүслээ. Би хамрын хөндийн салст бүрхүүлийн үрэвсэлтэй болоод олон жил болсон. Энэ өвчин маань заримдаа дуулж, бүжиглэхэд минь хүртэл саад болдог байлаа. Харин эмч маань надад хагалгаанд орвол эдгэх бүрэн боломжтой гэж хэлсэн л дээ. Нэгэнт унтуулгатай хагалгаа хийлгэх болохоор хамрынхаа хэлбэрийг ч бас засуулсан” хэмээн ярьжээ.

2. KIM HEECHUL

2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Super Junior хамтлагийн гишүүн Kim Heechul нь 2006 онд авто ослын улмаас хамраа хугалж байсан юм. Тэр яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан бөгөөд энэ тухай JTBC телевизийн “Ssulzun” нэвтрүүлэгт оролцохдоо “Би тэр үед эмчдээ нэгэнт хагалгаанд орж байгаа юм чинь хамраа өндөрлүүлэхийг хүсэж буйгаа хэлсэн юм л даа. Өмнө нь миний хамар одоогийнхоосоо нэлээн намхан байсан болохоор хамраа өндөр болгохыг хүссэн. Гэхдээ эмч маань өндөр, намыг нь яг тааруулаад хийж өгсөн” хэмээжээ.

Нэвтрүүлэг цацагдсаны дараа түүний энэхүү зоримог, өөртөө итгэлтэй байдал нь олны сайшаалыг ихэд хүртсэн билээ.

3. CHAE YEON

“Produce 101” төслөөс төрөн гарсан дуучдын нэг болох Chae Yeon сүүлийн үед жүжигчний карьераа амжилттай авч яваа юм. Дэбют хийснээс нь хойш түүний үзэсгэлэнт төрх олон хүний хайрыг булааж чадсан.

2016 онд MBC телевизийн “Video Star” нэвтрүүлгийн үеэр хөтлөгч түүнээс давхраа хийлгэж байсан эсэхийг нь асуухад “Үгүй ээ, дунд сургуульд байхад гэнэт л давхраа орчихсон. Гэхдээ би хамраа янзлуулсан” хэмээн хариулсан юм. Гэвч тухайн үед хүмүүс түүнийг давхраа хийлгээгүй гэж худал хэлсэн хэмээн шүүмжилж байжээ.

4. JESSI

К-поп ертөнцөд ердөө 15 настайдаа хөл тавьж байсан түүний амжилтад хүрэх зам дардан байгаагүй юм. АНУ-аас дуучин болох мөрөөдлөө даган Өмнөд Солонгост ирэхдээ тэрээр нэг ч солонгос үг мэддэггүй байсан төдийгүй 2009 онд хөгжмийн замналаа орхихоор шийдэж байсан удаатай. Гэвч тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн 2014 онд дахин дэбютээ хийсэн. Ийнхүү эргэн ирэхдээ тэрээр гоо сайхны хэд хэдэн хагалгаанд орсон байв.

Энэ тухайгаа 2020 онд MBC телевизийн “Radio Star” нэвтрүүлгийн үеэр “2014 онд эргэн ирэхдээ би нүд болон хамраа янзлуулж, нүүрний филлер буюу дүүргэлт хийлгэсэн. Тухайн үед миний гадаад төрхөд олон хүн дургүйцлээ илэрхийлсэн шүү. Хүмүүс намайг олон хагалгаа хийлгэсэн гэж боддог. Гэвч яг үнэндээ үгүй. Одоо бол би өөртөө маш их таалагддаг. Хэзээ ч төгс зүйл байдаггүй гэдгийг хангалттай ухаарсан” хэмээн ярьсан юм. 

5. JOO E

Momoland хамтлагийн гишүүн Joo E нь 2018 онд JTBC телевизийн “Knowing Brothers” нэвтрүүлгийн үеэр гоо сайхны хагалгаанд орсон түүхээсээ хуваалцсан юм. Тэрээр “Би стрессээ тайлахын тулд чихээ цоолдог зуршилтай байсан. Баруун чихээ тав, зүүнээ найман удаа цоолуулж байсан түүхтэй. Гэвч нэг л мэдэхэд миний чихэнд бараг мөгөөрс үлдээгүй байсан. Тэгээд л би хамрандаа хагалгаа хийлгэхдээ хэсгээс нь аваад чихнийхээ дутуу хэсэгт нөхөлт хийлгэсэн” хэмээн хөгжилтэйгөөр ярьж байжээ.

Тухайн нэвтрүүлгийн дараа түүний үнэнч шударга байдалд олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн аж.

6. KWANG HEE

ZE:A хамтлагийн гишүүн байсан тэрээр одоо чадварлаг хөтлөгч болжээ. Мөн гоо сайхны мэс засалд орсон тухайгаа нээлттэй ярьдаг нь түүнийг илүү алдартай болгосон юм. Түүний хувьд хамар болон эрүүний хэсэгтээ хагалгаа хийлгэсэн.

Өнгөрсөн онд KBS телевизийн “Love on the Air” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэр “Би багаасаа л алдартай хүн болохыг хүсдэг байлаа. Гэвч миний гадаад төрх асуудал болж байсан юм. Тэгээд нэг удаа ээж минь надад “Kwang Hee, чи үнэхээр дуучин болохыг хүсэж байгаа бол гоо сайхны хагалгаа хийлгэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгээд л би хагалгаанд орсон доо” гэж ярьжээ.

Эх сурвалж: K StarLive

#Энтертайнмент #Алдартан #Гоо сайхан