Б.Пүрэвмаа: Олон тэтгэлэгт хөтөлбөрөөс "ТЭНЦЭЭГҮЙ" гэсэн хариуг авч байсан ч...


Охид, эмэгтэйчүүдэд зориулсан SUSI манлайллын хөтөлбөрийн 2021 оны сонгон шалгаруулалтад тэнцэж Монгол улсаа төлөөлж буй Б.Пүрэвмаа энэ удаагийн ярилцлагын буланд маань уригдан оролцож байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр АНУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулдаг бөгөөд бакалаврын 3 хүртэлх түвшинд суралцаж буй эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой байдаг билээ.

YOLOУрилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Эмэгтэйчүүдийн манлайлал, тэр дундаа АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ярилцах гэж байгаадаа баяртай байна. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

- Энэхүү ярилцлагыг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Намайг Баттулгын Пүрэвмаа гэдэг. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд 3-р түвшинд суралцаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийг дүүргэсэн. Энэхүү ярилцлагыг төрөлх Мөрөн хотоосоо холбогдож өгч байгаадаа баяртай байна.

YOLOАНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал-SUSI” хөтөлбөрт тэнцсэнд нь юун түрүүнд баяр хүргэе. Олон улсын хэмжээнд хэрэгждэг энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч.

- АНУ-ын Засгийн газраас урт болон богино хугацааны бүрэн санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүд зарладаг. SUSI богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудын багш нараас эмэгтэйчүүдийн манлайллын талаарх лекц, семинар авах боломжтой байдаг. Мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа бусад орны эмэгтэйчүүдтэй 5-6 долоо хоногийн турш туршлага солилцдог. Хөтөлбөрийн туршид гарах бүх зардлыг цаанаас олгодог ч энэ жил "COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас хамааран хосолсон хэлбэрээр буюу гурван долоо хоногийн турш үндсэн лекцүүдэд цахимаар оролцоод, үлдсэн хоёр долоо хоногт АНУ-д очиж аялах боломж олгохоор төлөвлөгдсөн. Хэрвээ гурван долоо хоногийн турш хөтөлбөртөө цахимаар амжилттай оролцож, сертификатаа авч чадвал АНУ-д хоёр долоо хоногийн турш очих эрх нь үүснэ гэж ойлгож болно.

YOLOЭнэ хөтөлбөрт хамрагдаад суралцаж буй зүйлсээ бусадтай хуваалцах зорилгоор “Journey to SUSI” хэмээх тэмдэглэл бичиж, түүнийгээ цахим хуудсандаа хуваалцаж байгаа юм билээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч.

- Үндсэн хичээл маань долдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр бүр орно. Одоогоор танилцуулах хичээл орж байна. Энэ удаагийн хөтөлбөрт 23 орны 80 гаруй эмэгтэй оролцож байна. Эхний танилцах уулзалт дээр оролцогч охидыг улсынхаа түүхэн дэх эмэгтэйчүүдийн байр суурийн талаар судалж, хэлэлцүүлэг бэлдэх даалгавар өгсөн. Мэдээж 80 оролцогч нэг дор ярилцах боломжгүй учир найм наймаар нь цахим өрөөнүүдэд хуваасан. Манай багт Иран, Ирак, Ливан, Афганистан, Америк гэх мэт Ойрх дорнодын улс орны эмэгтэйчүүд байсан.

Миний хувьд Монгол улсыг төлөөлж байгаа гэдэг утгаараа жижигхэн хэдий ч ул суурьтай, үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсэж 100 гаруй хуудастай судалгааны ажлыг судалж бэлдсэн. Бусад долоон орны эмэгтэйчүүдийн түүхэн замналыг сонсоод цочирдох бас гайхах мэдрэмж зэрэгцсэн гэж хэлж болно. Тэдгээр орнуудад эмэгтэйчүүд ахлах сургуулиа ч дүүргэж чаддаггүй, хүйснээсээ болоод хүссэн мэргэжлээ ч сонгох боломжгүй байдаг. Миний хувьд ганцхан хэлэлцүүлэгт суугаад маш их зүйл суралцаж байгаа юм чинь дараагийн таван долоо хоногийн турш намайг маш олон зүйл хүлээж байгаа юм байна гэж бодогдоод түүнийгээ өөртөө хадгалахаас илүү бусадтай хуваалцахаар шийдсэн. Олон хүнд биш л дээ. Гэхдээ ядаж нэг хүнд ч гэсэн мэдээлэл өгч чадвал тэнд л үүний үнэ цэн оршиж байгаа гэж үзээд @journeytosusi Инстаграм хуудсаа эхлүүлсэн.

YOLOМаш сонирхолтой хөтөлбөр юм шиг санагдлаа. Чиний хувьд эмэгтэйчүүдийн манлайлал гэдгийг юу гэж ойлгодог байсан бэ? Одоо энэхүү хөтөлбөрт хамрагдаад бодол чинь өөрчлөгдсөн, ойлголтоо залруулсан зүйл бий юу?

- Их сургуульд олон улсын харилцааны мэргэжлийн хичээл үзэж эхэлснээс хойш үзэл бодол маань маш өөр болсон. Тухайлбал, олон улсын харилцаанд улс орны эрх ашиг хамгийн чухал буюу нэн түрүүнд байх ёстой хэмээн үздэг болохоор ч тэр юм уу, хүний эрхтэй холбоотой асуудлыг хоёрт орно гэдэг бодол суучихсан байсан. Мөн эмэгтэйчүүдийн эрх байх ёстой хэмээн үздэг тусдаа бүлэг байх нь биднийг улам л хүчгүй гэж илтгэж байгаа ч юм шиг санагддаг байсан. Тэгэхийн оронд мэдлэг чадвараараа үнэлэгддэг нийгмийг бүтээе гэж уриалсан дээр юм биш үү гэж боддог байсан гэж хэлж болно. Харин энэ хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө дуугардаг хүмүүс байх ёстой, тэгж байж л хүмүүс тодорхой ойлголттой болж дараа дараагийн үе маань энэ алдааг давтахгүй байх боломжтой болно гэдгийг ойлгосон.

Ойрх дорнодын орны хүмүүс маш их зовлонг туулж байгаа учраас илүү хэрсүү байна уу даа гэж харсан. Иран, Ирак, Ливан зэрэг орны охид үнэхээр мундаг. Нийгмийнхээ асуудлыг түвшин болгоноор нь маш сайн мэддэг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжтойг ч харчихсан байсан нь бахархмаар санагдсан. 

YOLOОлон улсын оюутнуудтай ярилцахад эх орноо харьцуулж бодох зүйлс байв уу? Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар бидэнд ямар давуу тал болон цаашид илүү их сайжруулах ёстой зүйлс байна гэж бодогдсон бэ?

- Ойрх дорнодын улс орнуудад лалын шашин давамгайлсан болохоор хатуу чанга дүрэм журамтай, мэдээлэл бага, эрхийн зөрчил ихтэй. Тэнд эмэгтэйчүүд ахлах сургуулиа төгсөж боловсрол эзэмшинэ гэдэг нь аз завшаан буюу маш ховор байдаг. Ер нь бол эмэгтэйчүүдийг хүүхэд гаргаад л, эр нөхрөө хараад сууж байх үүрэгтэй гэж боддогоос болж охид 17, 18 настайдаа хүнтэй суудаг. Ойрх дорнодын улс орнуудад боловсролын тэгш бус байдал маш их байдаг бол Монголд эсрэгээрээ эмэгтэйчүүд нь дээд боловсрол илүү их эзэмшдэг. Ядаж л бүрэн дунд боловсролоо бүрэн эзэмших боломжтой байдаг. Үүнийг би маш том давуу тал гэж харсан.

Харин эсрэгээрээ юу тулгамдаж байна вэ гэхээр нөхөртөө халамжтай, хүүхдээ өсгөж, гэртээ байгаа бол сайн эзэгтэй, сайн эхнэр гэж харах хэвшсэн ойлголт арилаагүй байна. Энэ хандлагаас болоод өөрийнхөө хүсэж байгаа салбартаа хичээнгүйлэн ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг сайшаахгүй байгаа мэт санагддаг. Гэрийн ажил, эмэгтэй хүний карьер гэсэн хоёр зүйлд маш том зөрчилдөөн гардаг юм шиг ээ. Ажилдаа сайн амжилттай явъя гэхээр сайн ээж, сайн эзэгтэй байх ёстой гэсэн хандлагаар хараад байдаг. Тэрийгээ ч энгийн зүйл мэтээр хүлээж авдаг болчихсон.

Үүнийг шийдэхэд мэдээлэл чухал. Хэдийгээр хүний эрхийн төлөөх ТББ-ууд хүчирхийлэл, тэгш бус байдлын эсрэг ажлууд зохион байгуулдаг ч энэ нь нийгмийн мэдээлэл хамгийн ихээр очих ёстой хэсэг буюу алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд хүрч чаддаггүй. Тиймээс хүүхдүүдэд багаас нь тэгш байдлын талаар заах боломжийг боловсролын тогтолцоонд оруулах нь зөв гэж бодож байна. Хонг Конг яг энэ зарчмыг барьж байгаа юм билээ. Олон жилийн турш тогтсон хэт үзэлтэй хүмүүсээ өөрчлөх бус шинэ, залуу үеэ зөвөөр бэлтгэхэд л анхаарах ёстой гэдэг юм билээ.

YOLOХүчирхэг эмэгтэй байхын тухай юу гэж боддог вэ?

- Миний бодлоор хүчирхэг эмэгтэй гэх ойлголт байх ёсгүй юм шиг санагддаг. Гэхдээ нийгэмд үүнийг эмэгтэйчүүдэд ирж байгаа бүх дарамт саадыг давж туулсан, ажил амьдралаа тэнцүүлж чаддаг хүн гэж хардаг. Яг үнэндээ тийм ойлголт, ийм дарамт ч байх ёсгүй. Тэрийг давсан хүн хүчирхэг гэж харагдах ч ёсгүй гэж боддог. Асуудал байгаа учраас асуудлаа давсан хүмүүс хүчирхэг харагдаж байна. Хүйснээсээ үл хамаараад хүслээ дагадаг, карьер хөөгөөд явж чаддаг байхыг л хүсэж байна.

YOLOЧиний хувьд үлгэр дууриалал авдаг эмэгтэй бий юу? Байдаг бол ямар эмэгтэй бахархал төрүүлдэг вэ?

- Өөрийнхөө хүссэн чиглэлээр, хэн ч яаж ч эсэргүүцсэн хамаагүй болгоно гээд зүтгэж байгаа бүх эмэгтэйчүүд гоё. Түүн дотроос онцгойлж хэлбэл, “Тагтаа паблишинг”-ийн орчуулагч Ж.Тэгшзаяа эгч байна. Эмэгтэй хүн гэсэн ойлголтод баригдалгүй өөрийнхөө хүсэл сонирхлын араас явж чадаж байгаа гэх үү. Өөрийнхөө дуртай салбарт сэтгэл ханамжтайгаар ажиллаад явж байгаа нь урам зориг өгдөг. Мэдээж хамгийн том үлгэр дуурайл авдаг хүн бол миний ээж. Хөдөөгийн энгийн нэгэн малчин айлд төрсөн хэрнээ байгаа зүйлээрээ өөрийгөө хязгаарлаагүй. Ирээдүйгээ өөрөө бүтээж босгоно гээд багаасаа биеэ дааж амьдралынхаа тоосго бүрийг нэг нэгээр нь өрсөн хүн.

YOLOҮнэхээр сайхан хариулт байна. Ээж, аавынхаа үргэлжлэл гэж бодохоор тэднээсээ л урам авмаар санагддаг шүү. Ер нь чамайг энэ хөтөлбөрт тэнцэхэд юу нөлөөлсөн бол?

- Би өмнө нь засгийн газрын хэд хэдэн тэтгэлэгт өргөдлөө илгээгээд тэнцээгүй. Тэнцээгүй шалтгаан маань тухайн тэтгэлгийг зайлшгүй авах шаардлага болон хөтөлбөрт тэнцсэний дараа нийгэмд хувь нэмрээ хэрхэн оруулах тухайгаа сайтар эргэцүүлээгүйд байсан. Мэдээж би тэдгээр тэтгэлгийн гоё сайхан, өнгөц талыг нь л харсан. Харин МУИС-д ороод би өөртөө байнга суралцаж, шинэ зүйлс турших хэрэгтэй гэж өөртөө сануулдаг байв. Тэгээд л SUSI-гийн талаар судалсан. Ярилцлагын шатанд өөрийгөө, манлайллын чадвараа хөгжүүлмээр байгаагаа шударгаар хэлсэн. Шударга байсан маань ч тэдэнд мэдрэмж төрүүлсэн болов уу гэж бодож байна. 

Хөтөлбөр бүрт өөрийн гэсэн онцлог буюу зорилго бий. Тухайн зорилго чиний суралцах хүсэлтэй авцалдаж чадвал хөтөлбөрт тэнцэх боломж үүсдэг болов уу. Түүнээс биш үргэлж чиний чадвар дутсандаа тэнцэхгүй байгаа гэсэн үг биш байх. SUSI хөтөлбөр улсынхаа соёлыг төлөөлж чадахуйц охидыг хайдаг. Миний хувьд улсынхаа цорын ганц цаатан соёлтой аймагт төрж өссөн. Багаасаа л Мөрөн сумандаа нийгмийн ажил хийж, цаатнуудын соёлыг судалж, аялахаар ирсэн жуулчдад хөтөч хийдэг байсан маань соёлоо төлөөлж чадахыг харуулсан байх гэж бодож байна. 

YOLOЦар тахлаас болж олон ч хөтөлбөр үйл ажиллагаагаа зогсоосон. SUSI хөтөлбөрийн шалгаруулалтын үйл явц ямар байсан вэ?

- Их сургуульд өргөдөл гаргаж буй мэт олон шат дамжлагатай шалгаруулалт явуулдаг юм билээ. Эхний шатанд 500-600 үгтэй эсээ, дүн, хувь хүний товч намтар буюу CV, багшийн тодорхойлолт зэргийг илгээсэн. Харин хоёр дахь шат буюу ярилцлагын шатанд цахимаар оролцсон. Би ярилцлагадаа орохоосоо өмнө SUSI хөтөлбөрийн төгсөгчдийн гадаад группийг хайж олоод ярилцлагад нь ямар асуултууд орж ирдэг, тэдгээрт хэрхэн хариулбал зүгээр байдгийг нь судалсан юм. Ингээд дотоодын шалгаруулалтад хоёрдугаар сард тэнцэж, улмаар АНУ-аас тэнцсэн гэсэн хариуг тавдугаар сард авсан. 

YOLOЯрилцсанд маш их баярлалаа.

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр