Jae Joong: Боломжтой бол Монгол Улсад очмоор байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-07-28

Домогт TVXQ хамтлагийн гишүүн Jae Joong саяхан өгсөн ярилцлагадаа манай улсад ирж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Өдгөө 35 настай Kim Jae Joong нь урлагийн ертөнцийн 17 жилийн карьертай, кпопын шилдэг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг дуучин юм. Ийнхүү тэрээр Sports Donga сайтад өгсөн ярилцлагадаа TVXQ хамтлагийн 17 жилийн ой болон өөрийн оролцсон “Travel Buddies” нэвтрүүлгийн талаар ярьжээ.

“Travel Buddies” нэвтрүүлэг нь хоёрдугаар бүлгийн дугаартаа БНСУ-ын өнцөг булан бүрээр аялж, соёлыг нь таниулсан юм. Ийнхүү Jae Joong тус нэвтрүүлгийн талаар ийн ярьжээ:

- “Би гадаадын олон орноор аялж байсан. Эргээд ажил дээрээ ирэхэд яг л хавханд орчихсон мэт мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл миний байгаа орчин хязгаарлагдмал юм шиг санагддаг байсан. Гэхдээ “Travel Buddies” нэвтрүүлгийн ачаар олон туршлага хуримтлуулж, харахыг хүссэн зүйлээ харж чадлаа” гэжээ.

Түүнийг “Travel Buddies” нэвтрүүлгийн гуравдугаар бүлэгт оролцох эсэхийг асуухад:

- “Ийм нэвтрүүлэг зохион байгуулсанд баярлалаа. Би ийм их туршлага хуримтлуулсандаа баяртай байна. Хэрвээ гуравдугаар улирал нь хийгдвэл оролцох болно. Боломжтой бол Монгол улс руу явмаар байна” хэмээжээ.

Энэ нь түүний Монгол улс руу аялахыг хүсэж буйгаа илэрхийлсэн анхны тохиолдол биш юм. Тэрээр энэ оны эхээр “Travel Buddies” нэвтрүүлэгт оролцохдоо тойрон аялж, соёлтой нь танилцахыг хүсэж буй орноороо Монгол Улсыг сонгож байв.

Одоогоор “Travel Buddies” нэвтрүүлгийн гуравдугаар бүлэг хийгдэх эсэх нь тодорхойгүй байгаа ч хэрэв хийгдэхээр бол Монголоор аялах магадлал хамгийн өндөр байгаа аж.

Эх сурвалж: The Korea Times

#Кпоп #Дуу хөгжим #Одод