Солонгос киноны зураг авалт хийсэн газруудаар ЗОЧИЛСОН нь


Ж. Од-Эрдэм | YOLO.MN
2021-08-31

Солонгос кинонд янз бүрийн орчинд төрөл бүрийн үйл явдал өрнөдөг. Тэгвэл тэрхүү зураг авалт хийсэн газруудаар очиж аялбал янзын биз? Энэ нийтлэлээр та бүхэнд хэзээ нэгэн цагт Өмнөд Солонгос улсад очвол заавал очиж үзэх газруудыг санал болгож байна. 

1. ЧӨТГӨРИЙН ГҮҮР

Кино: Guardian: The Lonely and Great God (Сайн чөтгөр)

Байршил: 235-1 Sageun-dong, Seongdong-gu, Seoul

Хэрхэн очих: Сөүл метроны 2-р шугамаар Yongdap (211-1) өртөө, 2-р гарцаар гарахад өөдөөс тань угтана.

Тайлбар: Киноны хамгийн эхний хэсгийн үйл явдал энэ гүүрэн дээрээс эхэлдэг. Бурхан гүүрэн дээр жижиг сажиг зүйл зардаг нэгэн эмгэний дүрд орж зохиолын оршлыг өгүүлдэг. Мөн зарим нэгэн туслах дүрүүд ч энэ гүүрэн дээр алхаж байгаад цаг хугацаа урсаж том болцгоож байгаа үзэгдэл гардаг.

2. ХО ЖУН ЖЭГИЙН ТАНСАГ БАЙР

Кино: Legend of the Blue Sea (Цэнхэр тэнгисийн домог)

Байршил: 48-7 Myeong-dong, Jung-gu, Seoul

Хэрхэн очих: Сөүл метроны 4-р шугамаар Myeong-dong (424) өртөө, 4-р гарцаар гараад урд зүг рүү ойролцоогоор 500 метр алхана. Эсвэл Намсан цамхгаас кабел тэргээр доош буугаад модон шатаар дээш алхахад, шатны төгсгөлд байшин таныг угтана.

Тайлбар: Энэ бол киноны гол дүр болох Хо Жун Жэгийн орон сууц. Тиймдээ ч киноны ихэнх үйл явдал энэ байшинд өрнөдөг.  Энэ байранд Жун Жэ болон түүний сайн найз, хуурай дүү нар амьдардаг гэж кинонд гардаг. Киноны эмэгтэй гол дүр болох лусын дагинын сэлдэг усан сантай байр шүү дээ. Гэхдээ та өөрийн биеэр очвол дотор нь орох гээд дэмий. Тэнд байрны жинхэнэ эзэн нь дотор нь орж үзэх гэж хаалганых нь хонхыг өдөржин дардаг олон олон жуулчдаас залхсан тул тун их дургүйцэж магадгүй шүү.

3. ДЭЭД ШҮҮХИЙН БАЙР

Кино: Шүүх, өмгөөлөгч, прокурортой кинонууд

Байршил: 157 Seochojungang-ro, Seocho-gu, Seoul

Хэрхэн очих: Сөүл метроны 2-р шугамаар (223) өртөө, 10-р гарцаар гараад хойд зүг рүү ойролцоогоор 300 метр алхана.

Тайлбар: БНСУ-ын дээд шүүх болон прокурор энд байрладаг. Шүүхийн байгууллагатай холбоотой кинонууд дээр заавал гардаг байшин. Хамгийн наад захын жишээ нь “Чиний дуу хоолой” кино. Өмгөөлөгчдийн сонгон шалгаруулалт болон бүхий л шүүх хурлууд энэ байранд өрнөдөг. Мөн “Чамайг унтаж байх хооронд” кинон дээр гардаг прокурорын байр ч хажууханд нь бий.

4. ДАЛАЙН ЭРЭГ

Кино: Guardian: The Lonely and Great God (Сайн чөтгөр)

Байршил: 81-32 Gyohang-ri, Jumunjin-eup, Gangneung-si, Gangwon-do

Хэрхэн очих: Жумунжин далайн эрэг рүү автобусаар явах. Дараа нь хөлсний тэргээр дээрх хаяг руу очих.

Тайлбар: Киноны хамаг романтик хэсэг энэ эрэг дээр өрнөдөг. Угтаа Сөүлээс нэлээн хол газар. Зүүн захын эрэг учраас энэ далай нь Номхон далайн Японы тэнгис. Олон тооны ийм эрэг байгаа учраас сонирхогч аялагч нарт зориулан хажуу талд нь киноны зураг бүхий самбар байрлуулсан тул та алзахгүй олно гэж найдаж байна. Мөн сонирхуулахад энэ эрэг дээр BTS-ийн "You Never Walk Alone" цомгийн нүүр зургийг авсан байдаг. Нэг очсон дээрээ хоёр туулай буудаарай.

5. ХОНХРЫН ДАВХАР ТОЙРОГ

Кино: Crash landing on you

Байршил: Сэргэлэн сум, Төв аймаг, Монгол улс

Хэрхэн очих: Галт тэргээр Хонхор (430) өртөө

Тайлбар: Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах хотоос холгүй энэ газарт галт тэргийн цариг хоёр удаа огцом эргэдэг. Энд буугаад цааш алхаад тохирсон газар олоод агаарлавал урт урт галт тэргүүд хэрхэн нугаларч эргэлдэхийг нүдээр харах боломжтой. Яг ийм гоё газарт "Crash Landing on You" цувралын галт тэрэгтэй хэсгийн зураг авалтыг хийсэн аж. Хойд Солонгосын муухан галт тэрэг нь замдаа эвдэрч гол дүрүүд вагоноосоо бууж гадаа хээр хоноглодог.

#Энтертайнмент #Кино урлаг #Зураг авалт #Аялал