Дуучнаар карьераа эхлүүлсэн Өмнөд Солонгосын ЕСӨН жүжигчин


Өмнөд Солонгосын урлагийн салбарт дуучид нь кинонд дүр бүтээх явдал элбэг байдаг. Энэ дунд дүрдээ үнэхээр мэргэжлийн жүжигчин мэт сайн ордог одод ч бий. Тухайлбал IU, Suzy, 2PM хамтлагийн Taecyeon, Astro хамтлагийн Cha Eun Woo, Girls’ Generation хамтлагийн Yoona, Seohyun нарыг нэрлэж болох юм.

Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлдээ дуучны карьеараа жүжигчний мэргэжлээр сольсон есөн алдартныг танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, тэд дуу хөгжмийн салбараас кино урлагийн ертөнц рүү "урван" оджээ.

1. LEE SEUNG GI

Тэр хоёр жилийн хугацаанд бэлтгэгдсэний эцэст 2004 онд буюу 17 настайдаа дуучин болсон юм. Тухайн үед “Because You’re My Girl” нэртэй анхны дуугаараа Сөүлийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болон бусад наадмуудаас “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналуудыг хүртэж байсан билээ.

Харин жүжигчний гараагаа 2006 онд “The Infamous Chil Sisters” цувралаар эхлүүлж өдгөө Өмнөд Солонгосын өндөр үнэлгээ бүхий жүжигчдийн нэг болоод байна.

Сонирхолтой баримт: Энэ оны зургадугаар сард жүжигчин Lee Da In-тай болзоод хагас жил болж буйгаа зарласан. Гэвч тэдний үерхлийг шүтэн бишрэгчид нь тийм ч таатай хүлээж аваагүй билээ. Lee Da In-ий хувьд урлагийн гэр бүлээс гаралтай буюу түүний ээж нь бидний сайн мэдэх “Dae Jan Geum” (2003) олон ангит киноны Чой ахайтны дүрийг бүтээсэн Kyeon Mi Ri юм. Мөн түүний охин дүү Lee Yu Bi нь ч адилхан жүжигчний мэргэжилтэй.

2. EUGENE

Eugene нь 1997 онд SM энтэртайнментаас танилцуулсан S.E.S хамтлагийн гишүүн байжээ. Уг хамтлаг нь цомгийн борлуулалтаараа Өмнөд Солонгос даяар нэгдүгээр байранд жагссан анхны охидын хамтлаг бөгөөд энэхүү амжилтыг 2019 онд Twice хамтлаг эвдэж чадсан юм.

Тэр 2002 оноос кинонд тоглож эхэлсэн ба түүнийг ихээхэн алдартай болгосон дүр бол мэдээж “Penthouse” (2021) цувралын Oh Yoon Hee билээ.

Сонирхолтой баримт: Энэ жил 40 нас хүрч буй түүний жинхэнэ нэрийг Kim Yoo Jin гэдэг бөгөөд бага нас нь Марианы арлуудын өмнөд хэсэг болох Гуамд өнгөрчээ. Тэр 16 нас хүртлээ Гуамд амьдарсан учир англи хэлээр маш сайн ярьдаг. Мөн Eugene нь 2011 онд нөхөр Ki Tae Young-тай гэрлэж өдгөө хоёр охины ээж болжээ.

3. SEO IN GUK

Түүнийг анхнаасаа л ийм cool байсан гэж бодсон уу? Үгүй дээ...

2009 онд “Superstar K” шоуны эхний улирлын ялагч болсноор түүний уран бүтээлийн гараа эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед жингийн асуудалтай байсан тэрээр хичээл зүтгэлийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж одоогийн Seo In Guk-ийг бүтээжээ. 

Тэр 2012 оноос жүжигчний гараагаа эхэлж, хамгийн сүүлд “Doom At Your Service” цуврал болон “Pipeline” зэрэг кинонд дүр бүтээсэн.

Сонирхолтой баримт: Тэр дэбют хийхээсээ өмнө 78 кг жинтэй байсан ба зургаан сарын турш өглөө нэг алим, өдөр шинэ ногооны салат, орой өргөст хэмх эсвэл улаан лооль идсэнээр 65 кг болтлоо жингээ хасаж чаджээ.

4. JANG NA RA

“Мөнхийн залуу” хочтой жүжигчин Jang Na Ra нь SM энтэртайнменттай гэрээ байгуулан 2001 онд анхны дуугаа сонсогчдын хүртээл болгож байв. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Sweet Dream” нэртэй дуу юм.

Харин 2002 онд “Successful Story of a Bright Girl” буюу бидний сайн мэдэхээр “Сэргэлэн охин Ян Сун” цувралд гол дүр бүтээн кино урлагт хөл тавьсан аж.

Сонирхолтой баримт: Сайн үйлс хийдгээрээ алдартай тэрээр 500 сая вонтой тэнцэхүйц ахуйн бүтээгдэхүүн, 200 сая вонын үнэ бүхий хуурай сүүг Хойд Солонгосын хүүхдүүдэд хандивлаж байжээ.

5. PARK HYUNG SIK

“The Heirs” (2013), “Hwarang: The Poet Warrior Youth” (2016), “Strong Woman Do Bong Soon” (2017) зэрэг цувралуудаараа алдартай тэрээр 2010 онд ZE:A хамтлагт дэбют хийж байжээ. Харин жүжигчний карьер нь 2012 онд эхэлсэн юм. 

Park Hyung Sik нь энэ оны нэгдүгээр сард цэргээс халагдаж ирсэн ба одоогоор “Happiness” цувралд дүр бүтээж байна.

Сонирхолтой баримт: Тэр “Hwarang: The Poet Warrior Youth” (2016) цувралынхаа жүжигчидтэй маш сайн найзууд бөгөөд тэр дундаа BTS хамтлагийн Taehyung болон жүжигчин Park Seo Joon-тэй дотно.

6. KWON NARA

2012 онд Hello Venus хамтлагт дэбют хийсэн тэрээр жүжигчний гараагаа мөн онд эхлүүлсэн ч анхны туслах дүрээ 2017 онд “Suspicious Partner” кинонд бүтээсэн юм. Харин түүнийг хамгийн алдартай болгосон дүр бол “Itaewon Class” (2020) цувралын Oh Soo Ah билээ.

“Hello Venus” хамтлаг 2019 онд тарсан тул тэрээр “A-Man Project” агентлагтай жүжигчний гэрээ байгуулсан.

Сонирхолтой баримт: Түүнийг жүжигчин Lee Jong Suk-тай үерхэж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч албаны эх сурвалжууд тэднийг зөвхөн ах дүүгийн харилцаатай хэмээн няцаасаар байгаа.

7. LEE JOON

Lee Joon нэрээрээ алдаршсан Lee Chang Sun нь 2009 онд MBLAQ хамтлагт дэбют хийсэн ч 2014 онд хувийн шалтгаанаар хамтлагаа орхисон юм. Тэр 2010 оноос кинонд туслах дүр бүтээж эхэлсэн бөгөөд дуучны гэрээгээ ийнхүү цуцалж, кино урлагийг сонгосныхоо дараа олон бүтээлд гол болон туслах дүр бүтээж байгаа билээ.

Түүний тоглосон алдартай цувралуудаас дурдвал “Gap Dong” (2014), “The Vampire Detective” (2016), “My Father Is Strange” (2017) байна.

Сонирхолтой баримт: “Gap Dong” (2014) цувралд тэрээр психопат алуурчны дүр бүтээсэн ба энэ тухай “Би нүүрний хувирал дээрээ маш их хичээж ажилласан. Цаг зав гарах болгонд толинд хараад давтдаг байсан. Өмнө нь хэзээ ч гаргаж үзээгүй нүүрний хувирлууд ч олон байсан шүү” хэмээн хэлжээ.

8. SEO HYUN JIN

Seo Hyun Jin-ийг дуучнаар карьераа эхлүүлсэн гэдэгт итгэх хүн цөөн байх. Учир нь түүний харьяалагдах M.I.L.K нэртэй хамтлаг нь ердөө хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан буюу 2001-2003 оны хооронд уран бүтээлээ гаргасан юм.

Тэрээр хамтлагаасаа гарах үедээ 18 настай байсан ба “Dongduk” эмэгтэйчүүдийн сургуульд дуу хөгжим судлаачаар суралцаж SM энтэртайнментийн хэд хэдэн дууны найруулга дээр хамтран ажилласан гэдэг. Харин жүжигчний гараагаа 2006 оноос эхлүүлжээ.

Сонирхолтой баримт: Түүний жүжигчний карьерын амжилт нь 2016 оноос эхэлсэн гэж болно. Тэр “Another Miss Oh” (2016), “Dr. Romantic” (2016), “Temperature of Love” (2017) зэрэг цувралд гол дүр бүтээж Өмнөд Солонгосын хамгийн том Пэксан Урлагийн Их Наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж чадсан.

9. JUNG JIN YOUNG

B1A4 хамтлагт 2011 онд дэбют хийсэн түүний дуучны карьер долоон жил үргэлжилсэн юм. Тэрээр хамтлагт байх хугацаандаа буюу 2013 оноос кинонд дүр бүтээж эхэлсэн бөгөөд дуу зохиох тал дээр авьяастай учир өөрийн тоглосон хэд хэдэн киноныхоо аяыг бичиж байсан.

Тэр одоогоор бүрэн хэмжээний хоёр кино, цуврал, вэбдрам зэрэг арван бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд байна.

Сонирхолтой баримт: Энэ онд тэрээр “Police University” цувралд дүр бүтээж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 9-нд үзэгчдийн хүртээл болох юм.

Эх сурвалж: K StarLive

#Кино урлаг #Дуу хөгжим #Алдартнууд