ТАНИЛЦ: Олимпод оролцож буй Монголын 3x3 эмэгтэй шигшээ баг


YOLO.mn | YOLO.MN
2021-07-26

Зуны Олимпийн XXXII их наадам буюу “Токиогийн Олимп”-ийн сагсан бөмбөгийн 3x3 төрөлд Монгол улсыг төлөөлж буй эмэгтэй шигшээ багийн гишүүдтэй танилцацгаая! Эрхэм уншигч та LookTV-ийн Facebook хуудсаас тамирчдын түүхийг өөрсдийнх нь дуу хоолойгоор дэлгэрэнгүй олж үзэх боломжтой.


Б.Солонго: “Ээж шигээ шигшээгийн мундаг тамирчин болно гэж охин маань хэлдэг”

Би багадаа аав ээжийгээ дагаж дандаа нэг газраас дараагийн газарт нүүж явдаг байсан юм. 1-3-р ангидаа Чех улсад, 3-6-даа Солонгост, харин 6-р ангидаа Монголд ирсэн. Гэхдээ багадаа бусдын л адил гадаа тоглох дуртай, грашын дээгүүр хөвгүүдтэй уралдаж гүйдэг хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Охин маань 9 одоо настай. Жин нэмчихээд хөдөлгөөн удаан, техникүүдээ хийж чадахгүй болсон үед хүмүүс муухайгаар хэлж, өөрийгөө голж спортоо орхидог ч юм билүү гэж боддог өдрүүд байсан. Тэр үед сагсан бөмбөгийн гэр бүл маань надад итгэж, урам өгч байсны хүчинд би эргээд эрч хүчээ олж авсан. Охин маань одоо ээж шигээ шигшээ багийн сагсчин болно гэж ярьдаг (инээв).

Манай улсад 3x3 сагсан бөмбөгийн төрөл эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ энэ хөгжил нь сайн тамирчид, чадварлаг дасгалжуулагчид, ачаалал сорилтыг маш сайн зохицуулдаг менежер, олон жил тууштай баримталсан урт хугацааны төлөвлөгөөтэй 3x3 холбооны хамт олны нийт хөдөлмөрийн үр дүн гэж боддог.


М.Цэрэнлхам: “Хятад тамирчид өвдөг дээрээ гараа тулаад зогсож байхдаа ч надаас өндөр байсан”

Хүүхэд нас маань Баянхонгор аймагт маань өнгөрсөн. Дунд ангид хоёр дүү маань нялх, гэрт туслах ажил олон байсан ч надад сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцох, улмаар сагсан бөмбөгийн секцэд орох боломжийг аав ээж хоёр маань надад олгосон юм. Би бас ээжтэйгээ адил воллейболоор хичээллэж, улсын тэмцээнүүдэд ч ордог байсан.

3x3-ийн хамгийн анхны тэмцээнээрээ Хятад улс руу явж байсан юм. Тэгтэл тэр багийнхан их өндөр, өвдөг дээрээ гараа тулаад зогсож байгаа хүүхэд ч миний дээгүүр татаж байсан. Тэгсэн ч өрсөлдөгчөө ялах, бусад багаас илүү байх хүсэл маань улам бүр бадарсан (инээв).

Мэдээж хэрэг ялалт гэдэг үргэлж тохиодог зүйл биш. Тэмцээнээс, ялангуяа олон улсын хэмжээний тэмцээнд ялагдал хүлээж гэртээ ирэхэд хэцүү байдаг. Гэхдээ иймхэн зүйлд шантрах бол энэ замыг яах гэж сонгосон юм бэ гэж өөртөө хэлж, бэлтгэлдээ шамддаг. Одоо сагсан бөмбөг, 3x3 төрлийг сонирхдог хүүхэд залуус олон болсон болохоор үлгэр жишээ мундаг тамирчин байхыг үргэлж хичээдэг.


О.Хулан: “Хурдтай тоглолт шаарддаг 3x3 сагсан бөмбөг Монголчуудын хэв маягт их тохирдог”

Би багаасаа л ахтайгаа хамт гадаа тоглодог, их дотно өссөн. Ах маань их сургуульд ороод шигшээ багтаа амжилт үзүүлж, бүр ахлагч нь болсон юм. Ер нь ахынхаа тэмцээнүүдийг зурагтаар үзэж сагсан бөмбөгийн спортыг их шимтдэг болсон. Тэгээд оюутан болоод сагсан бөмбөгөөр тууштай хичээллэж эхэлсэн дээ.

Миний хувьд сагсан бөмбөгийг зугаа болгож биш мэргэжлийн түвшинд хичээллэж эхлээд өөртөө илүү итгэлтэй, нийтэч, хүмүүстэй хамтарч ажиллаж чаддаг хүн болсон юм шиг санагддаг. Энэ спортын ачаар олон сайн хүнтэй нөхөрлөж, сайн хүмүүсийн сургааль зөвөлгөөг авч, улмаар хэзээ ч төсөөлж байгаагүй олимпийн эрхийг багаараа авч чадсандаа өөрийгөө азтайд тооцдог.

3x3 сагсан бөмбөгийн онцлог нь довтолгоо, хамгаалалт гээд бүх зүйл 12 секундэд болж өнгөрдөгт бий. Хурд, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг богино хугацаанд ихээр шаарддаг энэ онцлог нь Монгол хүмүүсийн онцлог, Монголын сагсан бөмбөгийн стильд их нийцдэг юм шиг санагддаг.


Э.Чимэддолгор: “Урд шөнө нь унтаж ч чадалгүй догдолж байсан тоглолтдоо ялагдах мөч гэдэг...”

Сагсан бөмбөг тоглодог хамгийн гоё мэдрэмж нь “шийдэнд” бөмбөг орох мөч. Хүмүүсийн уран техникийг харах, өөрөө түүнийг гүйцэтгэх бас их сайхан.

Гэхдээ энэ спорт хүнд хэцүү үедээ өршөөлгүй. 2017 онд Монголд болсон Азийн аваргын тэмцээнд бид шилдэг 8-д үлдэж байсан юм. Маргааш нь болох байсан чухал тоглолтынхоо өмнө догдлоод унтаж ч чаддаггүй... Маргааш нь ялагдаад тэсгэлгүй уйлж байснаа их тод санадаг юм. Гэхдээ энэ тэмцээнээр бидэнд боломж их байгаа юм байна гэдгийг олж харсандаа баярладаг.

Ялагдсаны дараа бид дутуу хийж байгаа, хангалтгүй гүйцэтгэж байгаа зүйлсээ маш сайн бэлддэг. Ингээд л тоглолт эхлэх болоход “Одоо л хий, одоо л харуул” гэж өөрийгөө зоригжуулдаг. Яагаад гэвэл чухал үед алдахаас айх, өөртөө эргэлзвэл бүх зүйл буруугаар эргэж, дараа нь хийгээгүй зүйлдээ харамсах болдог. Харин одоо Олимпийн тэмцээнд орж байгаа нь бид Монгол улсын 3 сая хүнийг, Монголчуудын багийн ажиллагааг, Монгол эмэгтэйчүүдийг дэлхий дахинд харуулж байгаа маш чухал, нэр төртэй, хариуцлагатай мөч ирээд байна.

Та бүхэн 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг болон Монгол улсын нийт баг тамирчдыг дэмжиж Олимпийн наадмын тэмцээнүүдийг LookTV-ээс үзээрэй!

#Спорт #Сагсанбөмбөг #3X3