Зун дуусахаас өмнө заавал үзэх таван К-ДРАМА


Зуны амралтын хамгийн гоё хэсэг бол цаг хугацааг үл хамааран кино үзэх шүү дээ. Тэр дундаа Өмнөд Солонгосын цувралыг шимтэн үзсээр үүр цайлгадаг уншигчид ч олон байгаа байх.

Тэгвэл зун дуусахаас өмнө заавал үзэх кинонуудыг санал болгож байна. 2021 онд үзэгчдийн хүртээл болсон сэтгэл догдлуулам таван бүтээлтэй танилцацгаая!

1. DOOM AT YOUR SERVICE

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.3/10

Ерөнхий үйл явдал: Зурагт номын компанийн ажилтан Tak Dong Kyung өөрийгөө тархины хорт хавдартайг олж мэднэ. Амьдрал түүнд утгагүй санагдаж хорвоо ертөнцийг сүйрээсэй хэмээн хүсэх үед “сүйрэл” хаалгыг нь жинхэнээсээ тогшдог. “Сүйрэл” гэх нэртэй ч хүйтэн төрхтэй, царайлаг залуу түүнтэй амьдралынх нь үлдсэн хугацаанд буюу 100 хоногт хамт байх гэрээ байгуулж хоёр сонголт санал болгоно. Ямар сонголтууд санал болгосныг цувралаасаа үзээрэй.

Үзэх шалтгаан: Хэрэв та уран зөгнөлт, хайр дурлалын төрлийн кино үзэх дуртай бол энэхүү цувралыг онцгойлон санал болгоё. Хорвоо дэлхийг жинхэнээсээ сүйрүүлэх боломж олдвол та энэ ертөнцийг мөхөл рүү нь хөтөлж чадах уу?

Сонирхолтой баримт: Гол дүрүүдийн хоршлын тухай уг цувралын найруулагч Kwon Young Il “Seo In Guk-ийн хүйтэн хөндий харизм, Park Bo Young-ы гэрэл цацруулсан инээмсэглэлийн хослолоос өөр юу ч энэ цувралыг амилуулж чадахгүй. Тэр хоёрын сэтгэл хөдөлгөм харилцаа зураг авалтын үеэр бүх хүнийг догдлуулж чаддаг байсан. Үзэгч та үүнийг мэдрэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.

2. MR.QUEEN

Нийт ангийн тоо: 20

Киноны IMDb үнэлгээ: 8.9/10

Ерөнхий үйл явдал: Хөх Ордны ахлах тогооч Jang Bong Hwan бол эмэгтэйчүүдийн дунд алдартай нэгэн. Гэтэл нэгэн өдөр тэр гарцаагүй байдалд орж, цагдаа нараас зугтааж яваад өндрөөс унана. Хамгийн сонирхолтой нь тэр ухаан орохдоо Чусоны үеийн хатны биед сэрдэг.

Үзэх шалтгаан: Нууцаар дүүрэн хатны биед сэргэсэн орчин үеийн залуу... Тэр Солонгосын түүхэнд ямар өөрчлөлт авчирсныг та киноноосоо үзээрэй.

Сонирхолтой баримт: Инээдмийн, хайр дурлалын, уран зөгнөлт төрлийн уг цуврал нь гарсан даруйдаа түүхийг гуйвуулсан хэмээн олны шүүмжлэлийг багагүй хүртсэн юм. Гэвч үзэгчдийн хувь буурахгүй явсаар төгсгөлийн ангийн үзүүлэлт улс даяар 17.3 хувьд хүрч чадсан билээ.

3. MOUSE

Нийт ангийн тоо: 20

Киноны IMDb үнэлгээ: 8.8/10

Ерөнхий үйл явдал: Jung Ba Reum хэмээх сайхан сэтгэлт цагдаагийн ажилтан болон багадаа харамсалтайгаар эцэг эхээ алуурчны гарт алдсан мөрдөгч Go Moo Chi нар психопат алуурчныг барихаар хамтардаг. Гэвч эцсийн дүнд тэдний хэн нь ч алуурчныг тийм ойрхон байсныг төсөөлж чадаагүй юм.

Үзэх шалтгаан: Хэн ч, юу ч төсөөлсөн шиг биш. Уншигч та уг цувралаас хором ч холдож чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн психопат алуурчны тухай илүү ихийг мэдэж авах болно.

Сонирхолтой баримт: Жүжигчин Lee Seung Gi “Миний өмнө нь хэзээ ч бүтээж байгаагүй дүр байсан. Нэг талаараа олон нийтийн намайг хардаг эерэг өнцөг энэхүү дүрийг бүтээхэд илүү тусалсан гэж бодож байна” хэмээн хэлжээ.

4. LAW SCHOOL

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.2/10

Ерөнхий үйл явдал: Хуулийн сургуулийн профессорын үхлийн нууцыг тайлахаар хичээх оюутнууд, өөрийн гэм буруугүйг нотлох гэсэн багш... Тэд хэргийг мөрдөж байхдаа илүү том асуудалтай тулгарна. Чин үнэн ба шударга ёс зөвхөн хуулиар тогтоогдох ёстой .

Үзэх шалтгаан: Өдөр бүр хичээн суралцаж буй хуулийн сургуулийн оюутнууд болон хэзээд тэднийг хамгаалж, арыг нь дааж чадах Yang багшийн тухай үйл явдлууд таны сэтгэлийг хөдөлгөх болно. Уг бүтээлийг үзсэний дараа та хуулийн чиглэлээр суралцахаар шийдэж ч магадгүй юм.

Сонирхолтой баримт: Цувралын Yang профессорын дүрийг бүтээсэн жүжигчин Kim Myung Min хэлэхдээ “Хичээлийн лекц, оюутнуудын мэтгэлцээн, загвар шүүх хурал зэргээс кино баг бүх зүйл дээр хэчнээн нарийвчлан ажилласныг та харах болно. Хууль, шударга ёс гэж яг юу юм бэ гэдгийг энэ кино үзүүлж чадах учраас би Yang багшийн дүрд тоглохоор шийдсэн” хэмээжээ.

5. MY ROOMMATE IS GUMIHO

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.3/10

Ерөнхий үйл явдал: 999 настай есөн сүүлт үнэг Shin Woo Yeo нь 1000 нас хүрэхээсээ өмнө хүн болж чадахгүй бол муу ёрын чөтгөр болж хувирна. Гэвч тэрээр хүний энергиэр хооллосон ч өдийг хүртэл хүн болж чадахгүй хэвээр л байлаа. Нэгэн өдөр түүхийн ангийн оюутан Lee Dam-тай таарч санаандгүй байдлаар үнэгний шүрээ алддаг. Уг шалтгаанаар тэд хамт амьдарч эхэлснээр цувралын үйл явдал өрнөх болно.

Үзэх шалтгаан: Есөн сүүлт үнэгний талаар олон кино хийгдсэн ч тэднийг хүн болсон тухай нэг ч цувралд гардаггүй билээ. Тэгвэл есөн сүүлт үнэг энэхүү бүтээлд жирийн хүн болон хувирч чадах болов уу? 

Сонирхолтой баримт: Гол дүрийн жүжигчин Lee Hye Ri нь 2015 онд “Reply 1988” цувралд хамтран тоглосон Ryoo Joon Yeol жүжигчинтэй үерхдэг бөгөөд “My Roommate Is Gumiho” киноны зураг авалтын үеэр тэр үргэлж дэргэд нь байж, жүжиглэлтэд нь тусалдаг байжээ. Үүнийг онцолсон шалтгаан нь сүүлийн үед олон жүжигчин, алдартан хосууд завгүй цагийн хуваариас болж салж байгаа шүү дээ.

#Кино урлаг #Драма #Зун