“Токио-2020” зуны олимпийн тухай таны мэдэх ёстой НАЙМАН зүйл


Эв нэгдэл, энх тайвныг бэлгэдэн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг зуны олимп болоход хэдхэн хоног үлджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр Япон Улсын Токио хотноо эхлэх гэж байна.

Тэгвэл “Токио-2020” зуны олимп юугаараа онцлог байх вэ?

1. ТОКИО ХОТОД ХОЁР ДАХЬ УДААГАА...

Зуны олимп нь 1964 онд Токио хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ нь Ази тивд хийгдсэн анхны олимп гэдгээрээ онцлогтой юм. Мөн онд Монгол Улс анхны олимпийн наадамдаа оролцож байжээ.

2. ХЭДЭН УЛС ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ?

Энэ удаагийн олимпод дэлхийн 205 орон нэгдэж байна. Хойд Солонгосын хувьд энэ жил цар тахлын улмаас оролцох боломжгүй гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ.

3. ОЛИМПИЙН НААДАМ ҮЗЭГЧТЭЙ БАЙХ УУ?

“Ковид-19” цар тахлын улмаас цэнгэлдэх хүрээлэнд бусад орны үзэгчдийг хүлээн авахгүй бөгөөд зөвхөн дотоодын арван мянган иргэдийг оруулах аж.

4. РОБОТУУДТАЙ УУЛЗАХАД БЭЛДЭЭРЭЙ!

Япон Улсын роботын хөгжил аль түвшинд явааг энэ удаагийн олимпоор харах боломжтой. Роботууд үзэгчдийг суудалд нь хүргэж өгөх, хөтөлбөрийн тухай мэдээлэл танилцуулах, хоол хүнс болон эд зүйлсийг нь зөөх үүрэгтэй аж.

Мөн дэлхийн олимпийн түүхэнд анх удаа царай таних технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээнд оролцох тамирчин, дасгалжуулагчдаас эхлээд хэвлэл мэдээллийн ажилчдын царайг хүртэл бүртгэн авч аюулгүй байдлаа хангаж байгаа юм.

5. ШИНЭ ТӨРЛҮҮД

Энэ удаагийн наадамд 33 төрлийн 339 тэмцээн зохион байгуулагдаж байгаагаас бэйсбол, софтбол, каратэ, скэйтборд, сөрфинг, спорт авиралт зэрэг шинэ төрлүүд нэмэгджээ.

6. ДАХИН БОЛОВСРУУЛСАН МЕДАЛИУД

Олимпод ашиглах 5,000 ширхэг медалийг дахин боловсруулсан материалаар хийсэн ба үүнд Япон Улсын иргэд өөрсдийн зүгээс 78 тонн орчим электрон төхөөрөмжийг сайн дураараа хандивласан аж.

Медалийн загварын хувьд нэг талд нь 1928 онд Италийн уран бүтээлч Gossoioli-гийн урласан ялалтын охин тэнгэр байх бол эсрэг талд нь “Токио-2020” олимпийн тэмдэг байхаар бүтээжээ.

7. БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ

Олимпийн наадмын өдрүүдээр Япон Улс даяар цахилгаан хэмнэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах аргаар агаарын бохирдлыг бууруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах юм.

Ингэснээр 720 мянган тонн утаанаас сэргийлэх боломжтой нь урьдчилсан тооцоогоор тогтоогджээ.

8. “ТОКИО-2021” ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ

Олимпийн наадмыг зохион байгуулж буй улс бүр өөрийн онцлог, ёс заншил, үнэт зүйл зэргийнхээ илэрхийлэл болгон олимпийн сахиус буюу бэлгэ тэмдгийг танилцуулдаг. Тэгвэл Япон Улсын олимпийн бэлгэ тэмдэг нь “Ирээдүй болон мөнх байдал” гэсэн утгатай Мирайтова юм.

Сонирхолтой баримтаас дурдахад олимпийн сахиусыг 1968 оноос хийж эхэлжээ.

Эх сурвалж: Turkish Airlines Blog, Wikipedia, Money Control

#Сонин хачин #Олимп #Токио