Найруулагч Tim Burton гэж хэн бэ?


 

“Хэн нэгний солиорол бол өөр нэгний бодит байдал” -Tim Burton-   

 “Edward Scissorhands” (1990), “Corpse Bride” (2005), “Alice in Wonderland” (2010) зэрэг бүтээлүүдийн найруулагч Tim Burton-ыг танилцуулъя. Сонирхолтой зохиол, өвөрмөц найруулга, нууцлаг өгүүлэмжийг та түүний бүтээл бүрээс үзэх боломжтой.

TIM BURTON ГЭЖ ХЭН БЭ?

Түүний жинхэнэ нэрийг Timothy Walter Burton гэдэг бөгөөд 1958 онд Калифорни мужийн Бурбанк хотод төржээ. 13 настайгаасаа гэрийнхээ арын хашаанд богино хэмжээний кино хийснээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм. Оюутан байх үедээ хийсэн богино хэмжээний кино нь “Walt Disney” продакшны анхаарлыг татаж түүнийг ажилд урьсан гэдэг. Түүний хийсэн анхны бүрэн хэмжээний кино бол “Pee-Wee’s Big Adventure” (1985) ба найман сая ам.доллараар бүтэж, 40 сая ам.долларын ашиг орлого олж байжээ.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

1.     “Walt Disney” компаниас халагдсан шалтгаан

Тэрээр нэг жил орчим “Walt Disney” компанид ажилласан бөгөөд 1984 онд хийсэн “Frankenweenie” богино хэмжээний киноноос болж ажлаасаа халагдаж байсан юм. Учир нь түүний бүтээлийг бага насны хүүхдүүд үзэхэд хэтэрхий тохиромжгүй гэж үзсэн боловч уг анимэйшнийг 2012 онд шинэчлэн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Мэдээж “Walt Disney” компанитай хамтран бүтээсэн.

2.     Тэр яг үнэндээ “The Nightmare Before Christmas” анимэйшнийг найруулаагүй

Хэдийгээр энэхүү анимэйшн нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг ч гэлээ тэр найруулагчаар нь ажиллаагүй юм. Tim Burton нь “Walt Disney”-д ажиллаж байх үедээ аймшгийн баярын чимэглэлийг зул сарын чимэглэлээр сольж буй ажилчдыг хараад зохиолын санааг гарган, шүлгийг нь бичсэн түүхтэй. Харин тус бүтээлийн найруулагчаар “Coraline” (2009) анимэйшний Henry Selick ажиллажээ.

3.     Batman ба Tim Burton

Тэрээр 1989 онд “Batman” нэрт супер баатрын киног найруулсан бөгөөд нээлтээ хийснээс арван хоногийн хугацаанд 100 сая ам.долларын ашиг орлого олжээ. Тухайн үед тэр “Намайг хэзээ ч зурагт ном унших хүн биш гэдгийг бүгд мэднэ” гэж хэлсэн юм.

4.     “Санаа”

Хаана ч явсан тэр биедээ харандаа, дэвтэр авч явдаг. Учир нь бүтээлийн санаагаа тэр дор нь буулгах хэрэгтэй шүү дээ. Хэрэв түүнд дэвтэр байхгүй бол хуурай салфетка, амны цаас, хана зэрэг зурж болох бүхнийг ашигладаг аж.

5.     Хамтрагчид

Та жүжигчин Johnny Depp-ийн бүтээсэн дүрүүдэд дуртай юу? Тэгвэл найруулагч Tim Burton болон жүжигчин Johnny Depp нь найман бүтээлд хамтран ажилласан юм. Мөн Johnny бол түүний хоёр хүүхдийн загалмайлсан эцэг нь билээ.

6.     Жигтэй хосууд

“Alice in Wonderland” (2010) киноны улаан хатны дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Helena Bonham Carter нь Tim Burton-тай 13 жил хосуудын харилцаатай байсан бөгөөд тэд бие биенийхээ хувийн орон зайд хэт халдахгүйн тулд тусдаа байшинд амьдардаг байжээ. Мөн тэр “Corpse Bride” анимэйшний дүрийг Helena-д зориулан бүтээсэн.

7.     Онцгой аймшгийн баяр

2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Обама түүнээс Цагаан ордонд аймшгийн баяр зохион байгуулахад туслахыг хүссэн аж. Харин тэрээр Цагаан ордны нэг өрөөг  “Alice in Wonderland” кинон дээрх цайны ёслолын хэсгийг дуурайлган засаж чимэглэн, малгайчин болон Алисаг ч авчирсан юм.

 

8.     Тэр Miley Cyrus-ыг анх жүжигчин болгосон

Hannah Montana-гийн дүрээр алдартай болохоосоо өмнө тэрээр хамгийн анх “Big Fish” (2003) кинонд дүр бүтээж байсан юм. Мэдээж найруулагчаар нь Tim Burton ажилласан билээ.

9.     Аймшгийн кино ба Tim Burton

Тэр багаасаа л аймшгийн киноноос айдаггүй харин ч биширч үздэг байжээ. Мөн түүний багадаа зурж байсан зургууд нь одоогийн “Edward Scissorshands” киноны Edward, “The Nightmare Before Christmas” анимэйшний Jack зэрэг дүрүүдийг бүтээсэн аж.

10.  Шалтгаан

Түүнийг кино урлаг руу хөтлөх болсон хамгийн том шалтгаан бол киноны тусгай эффект бүтээгч Ray Harryhausen юм. Тэрээр “Хэрвээ тэр байгаагүй бол би энэ салбарт тийм багаасаа дурлахгүй байсан байх” гэж хэлж байсны зэрэгцээ тэр Super 8 камераар анхны бүтээлүүдээ гэрийнхээ арын хашаанд туурвиж байсан гэдэг.

ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

Уншигч та бүхэнд түүний уран бүтээлүүдээс онцлох таван киног санал болгож байна.

  • Edward Scissorhands (1990)
  • Batman (1989)
  • Miss Peregrine's Home for Peculiar Children (2016)
  • Sweeney Todd: The Demon Barber Of Fleet Street (2007)
  • Corpse Bride (2005)

Эх сурвалж: Wikipedia, Screenrant, Ranker, Fascinate

#Кино урлаг #Найруулагч #Tim Burton