Захидал: Дурсамжиндаа биш дэргэдээ байлгаж хайрламаар байна


ССҮТөв | YOLO.MN
2021-07-05

mailYOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. 

 

АСУУДАЛ: Шинэ сургуульд очоод шоовдор хүүхэд болчих вий гэж санаа зовоод байна.

Сайн байна уу? Би одоо 16 настай. Айлын ганц охин. Арван жилийн турш нэг ч удаа сургуулиа сольж үзээгүй юм л даа. Одоо ингээд 11-р ангид орох жилдээ гэнэт хувийн өндөр төлбөртэй сургууль руу шилжих болсон юм. Шинэ сургуульдаа очоод шоовдор хүүхэд болчих вий, бусад сурагчид намайг ялгаварладаг, дээрэлхдэг болчих вий гэхээс үнэхээр айдаг. Нядалгааны газар луу явж байгаа хурга шиг л санагдаж байна.  Ихэнх сурагчид шинээр шилжиж ирдэг сурагчдад тийм ч таатай хандаад байдаггүй (ангийн соёлыг мэдэхгүй учраас ангийн уур амьсгалыг эвдэнэ гэж үздэг). Мөн фракц дундаа шинэ хүүхэд оруулаад байхыг нээх их хүсдэггүй юм л даа. Шинэ сургуульдаа очоод хэрхэн байр сууриа бэхжүүлж (амжилттай суралцах) шинэ найз нөхөдтэй болох вэ? Зүгээр л тэр ангид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй суралцах ёстой юу? Мөн өндөр төлбөртэй сургуульд муу сураад эцэг эхийнхээ урмыг хугалмааргүй байна. Бас хичээл орох хүртэл хуучин ангийнхандаа шилжсэн тухай хэлж болохгүй юм л даа. Намайг шилжээд явсны дараа надтай найзалдаг хэвээр байх болов уу? Эсвэл зүгээр л намайг хаячих болов уу? Ганцаараа үлдмээргүй safezone-оосоо гармааргүй байна. Би яавал үүнийг илүү хялбар даван туулж чадах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Нэгэнт шилжих бол өнгөрснийг бодож санаашрахгүй, ирээдүйг бодож хэт түгших хэрэггүй.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Шинэ хүмүүс, шинэ анги хамт олон дунд орох мэдээж амар биш. Танихгүй хүмүүсийн дэргэд бие барих, сандрах, түгших нь хүн бүрд тохиолддог. Шинэ сургуульд шилжих үед хүн бүрд дасан зохицох хугацаа шаардлагатай байдаг. Судалгаагаар шинэ орчинд дасах дундаж хугацааг 6-7 сар гэж үздэг. Шинэ ангид дасах, өөрийгөө тэдэнд таниулах тэднийг таньж мэдэх гээд олон үе шатыг дамжина. Шууд шинэ ангийнхаа нэг хэсэг болох нь хугацааны хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч хэцүү зүйлүүд тохиолдоно. Тиймээс эхлээд “Би ямар ч нөхцөл байдалтай тулгарч болно. Үүнийг би даван туулж чадна” гэж өөртөө сануулаарай. Мөн нэгэнт шилжих бол өнгөрснийг бодож санаашрахгүй, ирээдүйг бодож хэт түгших хэрэггүй. Шинэчлэлт бүр дан сөрөг байдаггүй шүү дээ. Ирээдүйд олон танилтай, шинэ найз нөхөдтэй болох болно. Энэхүү шинэчлэлт нь өөрийн хүрээллийг л тэлж байгаа үйл явдал гэж ойлгоорой.

Мөн өөрийнхөө хандлагыг бага зэрэг өөрчлөөрэй. Хүмүүс шинэ хүнийг хүлээж авах дургүй биш тэдэнд ч мөн ялгаагүй цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хүмүүсийн санаачилгыг хүлээх биш өөрөө санаачилгатай байгаарай. Өөрөө эхэлж шинэ ангийнхантайгаа нөхөрсөг эелдэг харилцаарай. Яриа өдөж чадахгүй бол зүгээр инээмсэглэж, мэнд мэдэж эхлээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач М.Анир

АСУУДАЛ Яаж чимээгүй, ичимхий байдлаасаа салж, өөртөө итгэлтэй, яриа хөөрөөтэй болох вэ?

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Энэ жил 7-р ангид орно. Ний нуугүй хэлэхэд би үнэхээр чимээгүй, дуугүй хүүхэд. Олон нийтийн газар, ялангуяа сургууль дээр энэ чимээгүй байдал минь надад их саад учруулдаг.

Миний ширээний хүүхэд маань ангийнхныг цаг үргэлж хөгжөөдөг, хамгийн яриа хөөрөөтэй, нөхөрсөг, хөгжилтэй хүүхэд. Түүний хажууд би өөрийгөө харьцуулахад байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй, асар том гунигт автсан нэгэн шиг л байдаг.

Бас багш нар хичээлийнхээ үеэр асуулт тавиад, хариулах хүүхэд байна уу гэдэг. Би үнэндээ хариултыг нь мэдэж байгаа ч гэсэн, гараа өргөж, босож зогсоод, хариултыг нь хэлнэ гэдэг бол миний хувьд маш урт удаан хугацаа. Гэхдээ би өмнө нь зориг гаргаж үзсэн. Би дөнгөж гараа өргөхөд л ангийн бүх хүүхдүүдийн харц над дээр тусч байсан. (Би арай л хэтрүүлж бодсон юм болов уу?) Тэгээд тэр үед сандраад хариултаа арай гэж хэлсэн.

Бас нэг удаа би ангийн дарга болох гэж байхад багш бодлоо өөрчилж, өөр хүүхдийг сонгосон. Тэгээд багш хэлсэн л дээ. "Чи хэтэрхий дуу муутай хүүхэд учраас чамайг сонгоогүй юм" гэсэн юм. Миний оронд сонгогдсон хүүхэд намайг "номын царайт" гэж хэлж цөөнгүй хэлж байсан. Би гомдож эсвэл уурлаагүй л дээ. Хэрвээ тэгвэл эвгүй байдалд орно. Зүгээр л дуугүй өнгөрөөнө.

Урлагийн үзлэг, ямар нэгэн тэмцээн уралдаан болоход ч идэвхгүй байдаг. Цаанаас минь л нэг зүйл зулгаагаад.  Ингээд л хааяа өөртөө дургүй хүрдэг юм. Яаж ч хичээсэн хүмүүстэй чөлөөтэй ярилцаж, нөхөрсөг байж чаддаггүй. Хэрвээ арай гэж ярилцлаа гэвэл би өөрөө л эвгүй байдалд гацаж дуусдаг.

Би өөрийнхөө гадаад үзэмждээ санаа зовдоггүй, харин ч сэтгэл хангалуун байдаг. Сурлага маань ч дажгүй, 85-аас доош үнэлгээ авч байсан удаагүй. Харин яаж энэ чимээгүй, ичимхий байдлаасаа салж, өөртөө итгэлтэй, яриа хөөрөөтэй цоглог нэгэн болох вэ? Хэтэрхий урт зүйл биччихэв үү дээ. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Сурагч бүр ондоо, өөрийн чадварыг батлан харуулахын тулд заавал дуу шуутай байх алба байхгүй ээ.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ерөнхий мэдээлэл хүргэе. Хүмүүсийг дотогшоо чиглэсэн буюу интроверт, гадагшаа чиглэсэн буюу экстраверт гэж ангилдаг. Мөн энэ хоёр хэв шинжийн дундах амбоверт гэсэн хэв шинж бий гэж сүүлийн үед үзэх болсон. Эдгээр хэв шинжүүдэд сайн муу гэсэн зүйл байхгүй бөгөөд тус тусдаа өөрсдийн онцлох шинжүүдтэй. Интровертууд дотогшоо чиглэсэн тул дуу цөөнтэй, өөрийн бодлоо тэр бүр хэлдэггүй, олон хүрээлэлтэй болоход хэцүү байдаг ч нэг найзалж, нөхөрлөсөн хүмүүстэйгээ урт хугацааны харилцааг бий болгож чаддаг гэх мэт олон онцлогтой байдаг. Үүнийг цааш нь дэлгэрүүлж судалж үзэж болно шүү.

Нийгэмд олон төрлийн онцлогтой хүүхдүүд бий бөгөөд эдгээр онцлогуудыг шингээсэн олон төрлийн сургалтын хөтөлбөртэй болох нь манай улсад тулгарч байгаа асуудлуудын нэг юм. Тиймээс өөрийгөө зэмлэх хэрэггүй. Сурагч бүр ондоо, өөрийн чадварыг батлан харуулахын тулд заавал дуу шуутай байх алба байхгүй ээ. Дотогшоо чиглэсэн хэв шинжтэй байлаа гээд өөрийгөө илэрхийлэх чадваргүй байна гэсэн үг биш. Өөрийн онцлогт тохируулаад бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж сурах нь чухал. Үүнийг чи хийж чадна. Өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрөөд аливаа зүйлийг хийхдээ урьдчилан бэлдвэл өөрт чинь амар байж магадгүй юм. Өөрийгөө хэт шүүмжлэхгүй, удаан хөдөлгөөнтэй гэж бодолгүйгээр бага багаар харилцааны алхмуудаа хийсээр байгаарай. Харилцаа бол чадвар, давтамж их байх тусам чадвар сайжирдаг.  Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач М.Анир

 

АСУУДАЛ: Би өөрийнхөө биеийн галбирт сэтгэл дундуур байдаг.

Сайн байна уу, би 17 настай энэ жил төгсөж байна. Бараг 5-р ангиасаа хойш өөрийнхөө биед сэтгэл дутуу л явж байна. Гуя шилбээрээ бүдүүн язраад  муухай болчихсон гэдэс гэж жирэмсэн хүн шиг. Уг нь гайгүй байсан боловч сүүлийн жил гарангийн хугацаанд сууж хичээл хийснээс болоод бүдүүрээд л... Хааяа өөртөө итгэлтэй гоё байдаг ч хааяа бүр сэтгэлээр унаад байна өө. Зөндөө олон удаа туръя гээд дасгал хийж хоол сойж үзсэн. Нэг удаа бүр эрэгтэй найзаасаа ирээдүйд тураарай гэсэн цаас авсан. Тэр үнэхээр хүнд туссан.

ЗӨВЛӨГӨӨ: Дан ганц биеийн галбир чинь өөрийг чинь бүрэн тодорхойлохгүй юм шүү.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн биеийн нэг хэсэг эсвэл галбирт сэтгэл хангалуун бус байгааг ойлголоо. Хэт өөрийгөө битгий шүүмжлээрэй. Дан ганц биеийн галбир чинь өөрийг чинь бүрэн тодорхойлохгүй юм шүү.

Одоогоор сэтгэл санааг чинь тавгүй болгож байгаа зүйл бол жин нэмсэн явдал гэж ойлголоо. Зөв үү? Сэтгэл санааг чинь тухгүй болгож байгаа шалтгаанаа мэдэж байгаа бол үүнийг засаж болно. Өөрчлөлтөд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд үр дүнд биш үйл явцдаа илүү анхаараарай. Шууд үр дүнг хүлээснээс болж бид идэвхгүй болох, бухимдах тохиолдол олон гардаг. Одоо байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөөд үүнээс гарах арга замаа бодож, төлөвлөгөө гаргаарай. Дасгал хөдөлгөөнөө тогтмол хийх гэх мэт өөрийн зүгээс хийж чадах зүйлсээ хийсээр л байгаарай. Өсвөр насны хүүхэд тул хоолоо сойхгүй байхыг хүсэж байна. Ойр дотнын хүмүүсээсээ тусламж аваарай. Мөн хоол зүйчээс хэрхэн эрүүлээр турах талаар мэдээлэл аваарай. Эрүүл аргаар турах нь хамгийн чухал бөгөөд эрүүл мэндээрээ хохирохгүй юм шүү. Дахин хэлэхэд үр дүнд хүрэхийн тулд тодорхой хугацаа болон тууштай байдал шаардлагатай шүү. Амжилт хүсье.

“Хүний бие махбод тогтмол биш хувьсамтгай. Хүн жин нэмэх, хасах нь амьдралын ямар ч үед тохиолдож болно. Тиймээс муулах биш нөхцөл байдлыг нь мэдсэн бол зөвөөр тусалж, урмын үг хэлж байгаарай.”

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач М.Анир

 

АСУУДАЛ: Түүнийгээ дурсамжиндаа биш дэргэдээ байлгаж хайрламаар байна.

Одоогоос 5 жилийн өмнө ОХУ-ын сургуулиа төгсөж чадаагүйдээ харамсаж ,халаглаж, найз нэртэй хэсэг бүлэг хүмүүстэй хөл алдан бор дарсанд орсон. Нэгэн насны минь амьдралын чимэг болсон нандин эрдэнийг гомдоож , түүнээс илүү онцгой нэгэн үгүйг ойлгосон миний бие.

     Санхүүгийн хувьд асуудалтай, түүндээ хүссэн зүйлсийн авч өгөх юу ч үгүй,  хэн ч биш намайг хүчирхэг нэгэн болгох гэж өдөр шөнөгүй тэмцсэн тэр нэгэнд хөөр баяраас илүүтэй зовлон, шаналлыг амсуулж байсан гэдгээ, өдөр хоног өнгөрөх тусам одоо л ухаарах юм. Санаагаар болдог бол сайхан дурсамжаа , түшигтэй тэр нэгэн гүнжээ одоо л хажуудаа байлгаж хайр халамж, хөөр баярыг амсуулмаар байна. Цаг хугацаа хэдийнээ улиран одож, сургамжтай, хатуужилтай 3 жилийг ардаа үджээ. Түүний төлөө л би өөрчлөгдөж , хэн ч бишээс хэн нэгэн болж, бор дарсанд орсон хүрээллээ орхиж, санхүүгийн хувьд хэнээс ч харьяат бус болж, өөрийн мөрөөдлийн төлөө чадна, ядан тэмцэж явна.

     Түүндээ би одоо ч хайртай , хоног өдөр өнгөрөх тусам хэн нэгэнд алдчих вий гэж дотроо л шаналж, бэтгэрч суух юм. Одоо надад зөвхөн тэр минь л хэрэгтэй, хүрд эргүүлэх боломж байвал хэрхэн яаж түүнийгээ буцааж өөрийн болгох вэ?  Юуг хаанаас, яаж эхлэх вэ ?

Сайхан зөвлөгөө өгөөч !!!   Түүнийгээ дурсамжиндаа биш дэргэдээ хайрламаар байна ....

ЗӨВЛӨГӨӨ: Одоо цаг болон ирээдүйд чиглэсэн зоригтой үйлдэл хийгээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидал илгээхдээ өөрийн нас болон хүйсийг илгээх нь захидалд хариулахад тусалдаг учир дахин захидал илгээхдээ тэдгээрийг дурдаарай. Хайртай эмэгтэйгээ санаж байгааг нь ойлголоо. Мөн өөрийгөө ялан дийлсэн юм шиг санагдлаа. Энэ нь маш сайн байна. Тэгвэл дараах асуултуудад хариулж хариу захидал илгээгээрэй. Ингэснээр асуудлыг илүү тодруулахад туслах боломжтой. Ямар учраас хайртай эмэгтэйтэйгээ одоо хамт байхгүй байна вэ? Та хоёрын харилцаанд асуудал үүссэн гэж ойлголоо, зөв үү? Хэрэв тийм бол та хоёрын дунд ямар асуудал үүссэн бэ?

Захидлаас өөрийгөө буруутгаж байгаа хэсгүүд нэлээн ажиглагдлаа. Бид харамссан үедээ болж өнгөрсөн үйл явдлын бурууг өөртөө оноох гээд байдаг талтай. Мөн өөрийн бурууг дөвийлгөж зөвхөн үүнээс үүдэж, надаас болж ийм зүйл боллоо гэх мэт байдлаар бодлын алдаа гаргах гээд байдаг талтай. Өөртөө зөөлөн хандаарай.

Мөн чамайг өөрийг нь санаж байгаа талаар тэр эмэгтэй мэдэж байгаа юу? Түүнд хайртай, бас санаж байгаагаа хэлсэн үү? Мэдрэмжээ илэрхийлэх ямар нэгэн үйлдэл хийсэн болов уу? Хэрэв тийм бол тэр эмэгтэй ямар хариу үзүүлсэн бэ? Хэрэв үгүй бол ямар учраас мэдрэмжээ илэрхийлэхгүй байна вэ? Мэдрэмжээ илэрхийлэхэд чинь юу саад болж байна вэ? Хэрвээ гомдоосон гэж бодож байгаа бол заавал уучлалт гуйгаарай. Бид өөрт төрж буй бодол, мэдрэмжээ бусдад илэрхийлэхгүй л бол бусад хүмүүс түүнийг мэдэх боломжгүй. Тиймээс бодол мэдрэмжээ аль болох илэрхийлж байхыг хичээгээрэй. Мөн цаг хугацааг өнгөрсөн рүү ухраах боломжгүй боловч одоо цагт өөрт төрж байгаа мэдрэмжээ илэрхийлж хэлэх боломжтой. Тиймээс өнгөрсөнд харамсаж, дурсамждаа хорогдохоос илүү одоо цаг болон ирээдүйд чиглэгдсэн зорилготой үйлдэл хийхийг хичээгээрэй. Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв

Туслах сэтгэл судлаач Д. Намуун

АСУУДАЛБи эрэгтэй хүнтэй огт харьцаж чаддаггүй

Би 20 настай эмэгтэй. Надад нэг асуудал болоод байгаа зүйл маань эрэгтэй хүнтэй огт харьцаж чаддаггүй, харц тулгарч ч чаддаггүй, бүүр гудмаар зөрөхдөө их холоор тойрч зөрдөг болчихсон байсан. Эрэгтэй хүн болгоныг өөрөөсөө дандаа түлхээд байдаг үүнээс болоод нэг ч удаа үерхэж байгаагүй гэж боддог юм л даа. Чатаар хүн сайн уу гээд явуулахад хүртэл хариу бичихгүй, найзын хүсэлт явуулахад хүртэл авдаггүй.Ууг нь хамаатан садан аав ах дүү нартайгаа хэвийн зүгээр байдаг мөртлөө бусад хүнийг дандаа түлхээд байдаг.эрэгтэй хүний талаарх муухай дурсамж гэвэл 16 тай байхдаа замын хажууд алхаж байхад машинтай эрэгтэй хүүхдүүд машиндаа суулгах гээд араас дагаад яваад байсан тийм дурсамж их тод үлдсэн үүнээс болно гэж байхуу би бас цаашид яах хэрэгтэй вэ надад зөвлөөч баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь өнгөрснөөс үүдсэн trauma буюу сэтгэл зүйн гэмтэлтэй болсон байх магадлалтай байна.

Сайн уу?  Захидал илгээсэнд баярлалаа.Эрэгтэй хүнтэй харилцаж , харц тулгарч чаддаггүй гэж бичсэн байна. Энэ байдал нь 16-тай байх үед нь болсон явдлаас хойш илэрсэн гэж ойлгож болох уу?Хэрэв тийм бол энэ нь өнгөрснөөс үүдсэн trauma буюу сэтгэл зүйн гэмтэл болсон байх магадлалтай байна. Ихэнхдээ маш их стресстэй, айдас түгшүүртэй үйл явдлыг туулах үед  үүссэн байх магадлалтай байдаг. Мөн аль ч насанд тохиолдож болох бөгөөд хүн бүр өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг тул  үр дагаврыг нь  хурдан эсвэл удаан хугацаанд анзаардаг.

Тиймээс эхлээд өөрт мэдрэгдэж буй шинж тэмдгүүдээ тодорхойлж, ойлгох хэрэгтэй юм.  Жишээлбэл, эрэгтэй хүнтэй тааралдах юм уу чат бичих үедээ өөрийн бодол санаагаа анзаарах; Магадгүй өнгөрсөн үеийн дурсамж нь дахин орж ирсэн байж болох юм. Ингэхдээ яг юу бодогдож байгаагаа  бичиж тэмдэглэвэл үр дүнтэй байдаг. Дараагаар нь тухайн бодол чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг анзаарах;  Айсан, түгшсэн гэх мэт сэтгэл хөдлөлөө мөн л  тэмдэглэж авахыг хичээгээрэй.  Сэтгэл хөдлөлөө тодорхойлсны дараагаар энэ нь чиний үйлдэлд хэрхэн нөлөөлж байгааг ажиглах;  Гудмаар зөрөхдөө их холуур тойрч зөрдөг гэж бичсэн байна. Холуур тойрох гэдэг нь өөрөө зайлсхийсэн зан үйл бөгөөд энэ үйлдлээ олон дахин давтаад л байвал зан үйлийн хэв маяг болон бэхэждэг өөрөөр хэлбэл дадал хэвшил болно гэсэн үг юм.  Энэ үйлдэл нь эргээд чиний бодол, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг учир юун түрүүнд энэ гурвын уялдаа холбоог ойлгох нь чухал юм шүү. Өөрийнхөө бодол, мэдрэмж, үйлдлээ ажиглаад үзээрэй.

Хэрвээ хүсвэл дахин захидал бичээрэй. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач Б.Доржнамбар

АСУУДАЛ: Ээж ааваас бүх юмаа нууж, юм асуухаас ч айдаг болсон.

Сайн байна уу? Би 12 настай. Би ямар ч хүсэл эрмэлзэлгүй болоод, ганцаараа байхыг маш их хүсдэг болсон. Хэн нэгнийг хармааргүй мэдрэмж төрж, сэтгэл минь хоосорчихсон. Аав ээж 2-ыг намайг ойлгож хайрлаасай гэж би маш их хүсдэг. Гэвч хэн ч миний талд байдаггүй. Ээж намайг хайрлаж, анхаарал тавихаа больсон. Дандаа намайг загнаж, хүнтэй харьцуулдаг. Аав минь хэнийг ч хайрладаггүй хүйтэн сэтгэлтэй хүн. Аав маань уурлахаараа дандаа хүнийг зоддог. Багаасаа аавын хайр мэдрээгүй, дутуу хайртай өссөн. Том болоод юмны учрыг ойлгож эхэлсэн. Бас бүх зүйлийг ганцаараа хийх хэрэгтэй болсон. Ээж ааваас бүх юмаа нууж, юм асуухаас ч айдаг болсон. Тэгээд дотогшоо болчихсон. Өөрийгөө голж, үзэн яддаг болсон. Хүнд амархан итгэдэггүй, муухай ааштай, хүйтэн хөндий, хүсэл эрмэлзэлгүй хүн болчихсон. Өөртэйгөө ярьж, тэмдэглэл бичдэг болсон. Хэчнээн хичээгээд юу ч өөрчлөгдөхгүй байна. Яах гэж төрсөн юм бол гэсэн бодол төрж, үхмээр санагддаг болсон.

ЗӨВЛӨГӨӨ: Тайван орчинд мөн сэтгэл зүйн хувьд тайван байх үедээ гэрийнхэнтэйгээ ярилцахыг хичээгээрэй

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас харахад аав, ээждээ гомдсон бололтой. Аав ээж нь чамайг ойлгохгүй байгаа юм шиг санагдаж таагүй мэдрэмж авч байгаад харамсалтай байна. Чамд ямар хэцүү мэдрэмж төрж байгааг төсөөлж байна. Ээждээ гомдож байгаагаа хэлсэн үү? Чамайг ойлгохгүй байгаа шиг санагдаж байгаагаа хэлсэн үү? Өөрөөр хэлбэл өөрт төрсөн мэдрэмжээ, бодлоо хуваалцсан уу?  Чи л хэлэхгүй бол чамайг юу бодож мэдэрч байгааг бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тиймээс ээжтэйгээ өөрт төрж буй мэдрэмжийнхээ талаар ярилцахыг хичээгээрэй. Эсвэл захидал бичээд өгсөн ч болох юм.

Мөн яагаад ээжийгээ чамайг хайрлаж анхаарал тавихаа больсон гэж бодож байна вэ? Ээжийнхээ ямар үг, үйлдлээс мэдэрсэн бэ? Ээж нь чамайг хайрлахаа больсон гэдэг нь бодит байдал уу? Эсвэл чиний л бодол мэдрэмж үү? Ээжээсээ юу хүсэж байна вэ? Ээж нь яавал чамайг хайрлаж чамд санаа тавьж байна гэж мэдрэх вэ? Гэдгээ нарийн тодорхойлоорой. Ээж нь чамайг ойлгоосой, санаа тавиасай гэж хүсэж байна гэж бодъё. Тэгвэл яг юу хийвэл, юунаас чамайг ойлгосон, чамд санаа тавьж байна гэж мэдрэх вэ?

Тайван орчинд мөн сэтгэл зүйн хувьд тайван байх үедээ ярилцахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг

АСУУДАЛ: Миний сарын тэмдэг хэвийн бус байна.

Миний сарын тэмдэг 6 сарын 13нд ирээд 6сарын 18нд дууссан гэтэл 6сарын 23нд  дахиж сарын тэмдэг ирсэн  яагаад ингэж ирж байгаа юм бол?

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чамд тохиолдож байгаа асуудлыг нарийн тодорхойлж мэргэжлийн зөвлөгөө өгөх юм шүү.

Сайн уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээхдээ заавал насаа бичиж байгаарай. Хэрвээ өсвөр насны хүүхэд бол сарын тэмдэг тогтмол бус ирэх нь хэвийн гэж үздэг. Чиний хамгийн анхны сарын тэмдгийн мөчлөгөөс хойш 2 жилийн хугацаанд тогтдог. Сард 2 удаа ирэх байдал хэдэн удаа тохиолдсон бэ? Хэрвээ 2,3 аас дээш удаа гэж байгаа бол мэргэжлийн эмчээс асууж зөвлөгөө аваарай. Мөн сарын тэмдгийн өмнөх болон дараах сэтгэл зүйн хямрал гэж байдаг. Сарын тэмдгийн эхний хямрал нь эмэгтэй хүнд илүү хүчтэй бий болдог. Тиймдээ ч тухайн сарын хугацаанд сэтгэл санааны тогтворгүй байдалд орох нь элбэг байдаг. Үүнээс болж мөн сарын тэмдэг тасалдаж ирэх тохиолдлууд байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чамд тохиолдож байгаа асуудлыг нарийн тодорхойлж мэргэжлийн зөвлөгөө өгөх юм шүү.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter