YALE-ийн Их Сургуулийн хамгийн эрэлттэй 11 цахим хичээлийг ЭНДээс үз


Дэлхийн томоохон их дээд сургуулиудын тоонд багтдаг Yale-ийн их сургууль нь цар тахлын үед гэрээсээ суралцах боломжийг бүрдүүлж 11 сургалтаа үнэ төлбөргүй цахимд байршуулжээ. Энэхүү цахим сургалт нь үзэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд санхүүгийн зан төлөв судлалаас эхлээд аз жаргалын шинжлэх ухааны онол зэрэг олон сонирхолтой хичээлүүд багтжээ. Хэрэв та тус цахим сургалтад хамрагдахыг хүсвэл дараах сургалтуудын тайлбарыг сайтар уншин, өөрт тохирохоо сонгоорой. Сурах үйлсэд хэзээ ч бүү цагаа харамла гэдэг шүү дээ.

АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ШИНЖЛЭХ УХААН

Хичээл үргэлжлэх хугацаа: 19 цаг

Тус хичээл нь Yale-ийн их сургуулийн түүхэн дэх хамгийн эрэлттэй сургалтын агуулга дээр үндэслэн боловсруулсан гэдгээрээ онцлог юм. Та энэ хичээлийг үзсэнээр эерэг сэтгэлзүйг зан үйлийн шинжлэх ухаантай хослуулан, хэрхэн аз жаргалтай бөгөөд үр бүтээмжтэй ажиллах дадал хэвшүүлдэг талаар мэдэж авах боломжтой. 2020 онд гэхэд л энэхүү хичээлд нийт 3,4 сая хүн хамрагдсан ба хичээлийн агуулгыг маш сонирхолтой, ойлгоход хялбар байсан талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Хичээл үргэлжлэх хугацаа: 27 цаг

Эдийн засгийн профессор Роберт Шиллерийн боловсруулсан энэхүү хичээлийн агуулга нь менежментийн эрсдэл болон санхүүгийн зан үйлийн зарчмуудын талаар түлхүү оруулсан ба дэлхийн банкны аж үйлдвэрлэл болон даатгал, хамгаалалтын талаар суралцах боломжтой юм.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС

Хичээл үргэлжлэх хугацаа: 15 цаг

Yale-ийн энэхүү сургалтууд нь цахим сургалтын платформ Coursera дээр бүгд давхар тавигдсан гэдгийг дуулгахад таатай байна. Тус сургалтаар суралцагчид бодол санаа, зан төлөвийн  шинжлэх ухааны талаар цогц ойлголттой болох төдийгүй харилцаа холбоо, санах ой, сурах, шийдвэр гаргах талаар дэлгэрэнгүй судлах юм.

ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ЧАДВАР

 

Хичээл үргэлжлэх хугацаа: 31 цаг

Энэхүү хичээлд сууснаар бизнес болон амьдралын нийтлэг нөхцөл байдалд суурилсан кейс судалгааг ашиглан бусад оюутнуудтай хэлэлцээр хийх бодит боломжийг бүрдүүлдэг байна.

УЛС ТӨРИЙН ЁС СУРТАХУУНЫ ҮНДЭС СУУРЬ

Хичээл үргэлжлэх хугацаа: 45 цаг

Улс төрийн чиглэлээр суралцахаар сонирхож буй бол танд энэ хичээл яг тохирно. Оюутнууд тус хичээлээр улс төрийн үндсэн томоохон онол болон яагаад соён гэгээрлийн улс төрийн сэтгэлгээнээс орчин үед татгалзаж буй талаар заах ажээ.

ӨДӨР ТУТАМДАА ЭЦЭГ ЭХ БОЛОХОД БЭЛТГЭХ НЬ

Хичээл үргэлжлэх хугацаа: 21 цаг

Хүн бүр л аав, ээж болдог шүү дээ. Тиймээс уг хичээлд сууснаар та бага насныхан болоод өсвөр насны хүүхдүүдийн зан төлөвийн талаарх хийсэн сонирхолтой судалгаан дээр үндэслэн хүүхэд өсгөн хүмүүжүүлэх арга барилд суралцах юм. Мөн эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа, үр ашиггүй стратегүүдийг ч бас судалдаг.

ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Хичээл үргэлжлэх хугацаа: 16 цаг

Хуулиар сурахаар бэлдэж буй ахлах ангийн сурагчид болоод хуульч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан тус сургалтаар хууль зүйн академичдын ашигладаг нэр томъёо, үзэл баримтлал, онолын талаарх ойлголтыг эзэмших юм.

ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛ

Хичээл үргэлжлэх хугацаа: 64 цаг

Маш олон сонирхолтой сэдвүүдийг багтаасан уг хичээлийн хөтөлбөрийг АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Timothy F. Geithner болон Yale-ийн их сургуулийн профессор Andrew Metrick нар боловсруулжээ. Тэд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын шалтгаан, тухайн үеийн бодлого, үр дагаврыг судалж ирээдүйд гарч болзошгүй хямралуудыг судалсан байна. Хөтөлбөрт орон сууцны зээл, аюулгүй хөрөнгө оруулалт, дэлхийн хуримтлалын хомстол зэргийг хамруулжээ.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ЁС СУРТАХУУН

 

Хичээл үргэлжлэх хугацаа: 24 цаг

Энэ сэдвийг бид байнга л сонсдог хэрнээ яг гол үндэс суурийг нь ухаж ойлгох нь бараг ховор байдаг шүү дээ. Тэгвэл та тус хичээлээр ёс суртахууны амьдралын сэтгэлзүйн үндэс суурийг судлан бидэнд тулгарч буй үйл явдал ёс суртахууны зан төлөвт хэрхэн нөлөөлдөг талаар энэ хичээлээс мэдэж авах боломжтой.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Хичээл үргэлжлэх хугацаа: 70 цаг

Бидэнд энэ цаг үед хамгийн чухал анхаарах ёстой эрхэм зүйл бол эрүүл мэнд. Ер нь ямар ч цаг үед чухал байсаар ирсэн билээ. Яг л үүнийг ойлгуулахыг хүссэн мэт тус хичээлийг Yale-ийн их сургууль үнэ төлбөргүй болгожээ. Хичээлийн агуулгад хүн яагаад өвддөг, яагаад тийм нөхцөл байдалд ордог, ямар хүмүүс хамгийн их өртдөг, бид яагаад үүнийг анхаарах ёстой болон асуудлыг шийдвэрлэхийн тулд бид юу хийж чадах вэ гэсэн асуултуудын хариултыг багтаажээ. Судлаад үзэхэд хэрэгтэй л хичээл байна даа.

ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ БА ЭРҮҮЛ МЭНД

Хичээл үргэлжлэх хугацаа: 15

Зөвхөн цаг уурчдад зориулсан хичээл гэж бүү бодоорой. Бид эх дэлхийдээ амьдарч буй цаг дор цаг уурын өөрчлөлтийн талаар мэдэж байх хэрэгтэй. Уг сургалт нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой чухал мэдээллийг эрүүл мэнд, хүрээлэн буй орчны мэргэжилтэн, судлаачдад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг олгох юм.

Сургалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс уншина уу. 

Эх сурвалж: Business Insider

 

#Боловсрол #Их Сургууль #Сургалт