Ed Sheeran BTS хамтлагт зориулж дуу бичжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-29

Их Британийн алдарт дуучин, продюсер, дуу зохиогч Ed Sheeran "Most Requested Live" радио нэвтрүүлэгт оролцохдоо BTS хамтлагийн шинэ цомогт зориулж дуу бичиж өгсөн тухайгаа цухас дурджээ. Ийнхүү түүний ярилцлага олон шүтэн бишрэгчдийг баярлуулсан хэдий ч Big Hit энтертайнментаас ямар нэг албан ёсны тайлбар өгөөгүй байгаа аж. 

Харин зургадугаар сарын 28-ны өдөр, Ed Sheeran Инстаграм хаягаараа дамжуулан шүтэн бишрэгчдийнхээ зарим асуултад хариу өгсөн бөгөөд мөн л BTS хамтлагийн талаар дурджээ. Тодруулбал, Ed Sheeran BTS хамтлагт дуу зохиож өгсөн гэдгээ дахин баталгаажуулж "Тийм ээ. Тун удахгүй шинэ уран бүтээл гарна" гэжээ. Өөр нэг шүтэн бишрэгч нь түүнээс "BTS хамтлагийн дуунуудаас хамгийн дуртай дуу чинь юу вэ?" гэж асуухад "Тэдний шинээр гаргах "Permission to Dance" гэдэг дуу" гэжээ.  

Түүнийг ингэж хэлсний дараа Твиттерт #Permissiontodanceiscoming хэмээх хаштаг тренд болжээ. Түүнчлэн, нэгэн шүтэн бишрэгч нь түүнээс BTS хамтлагийн хамгийн дажгүй гишүүнийг нэрлээч гэхэд тэрээр:

"Тэд бүгдээрээ догь. Би хэзээ ч хэн нэгнийг бусдаасаа илүү гэж ярихгүй. Бүгдээрээ мундаг" гэжээ.

Ed Sheeran өмнө нь BTS хамтлагийн "Map of Soul: Persona" цомогт багтсан "Make it Right" дууг бичилцэж байжээ. 

#Дуу хөгжим #BTS #Ed Sheeran