Бямба гарагт МАРАФОН ГҮЙЛТ, олон төрлийн СПОРТ ТЭМЦЭЭНД оролцоорой!


Сондор | YOLO.MN
2016-10-05

Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг аравдугаар сарын 8-ны Бямба гарагт болно.

Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

    -5 км (ЕБС-ийн сурагчид оролцох төрөл)
    -10 км,
    -21 км,
    -42 км-ийн марафон гүйлт болох бол Чингисийн талбайд иргэдийн дунд арав гаруй төрлийн спорт тэмцээн болох юм.

МАРАФОНЫ ОРЛОГЫГ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХАД ЗОРИУЛНА

Үндэсний бүх нийтийн гүйлт нь 2017 онд зохиогдох Дэлхийн марафон гүйлтийг угтаж байгаагаараа онцлог. Гүйлтээс орсон орлогыг улсын хэмжээний олон улсын сургууль байгуулахад зориулах юм байна.

Марафон гүйлтэд энэ төрлөөр хичээллэдэг гадаад, дотоодын иргэн, их дээд сургуулийн оюутнууд, сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, иргэд оролцох юм.

Гүйлт бямба гарагийн 08.30 цагаас эхэлнэ. Тэмцээн дөрвөн төрлөөр явагдана. Үүнд:

   1. Бүтэн марафон: 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгсэд оролцоно. Мөн насанд хүрсэн сонирхогчид оролцох боломжтой. Зай 42195 метр.
   2. Хагас марафон: 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгсдийн дунд хагас марафон буюу 21095 метрийн гүйлтийг зохион байгуулна. Мөн насанд хүрсэн сонирхогчид оролцох боломжтой.
   3. Насанд хүрэгчдийн гүйлт: 18-аас дээш настай насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй сонирхогчид оролцоно.
   4. Ерөнхий боловсролын сурагчдын гүйлт: Сурагчид 5 км зайнд гүйнэ.

ҮНДЭСНИЙ БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ШАГНАЛ 35-300 МЯНГАН ТӨГРӨГ

Марафон гүйлтэд 1-3 байр эзэлсэн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлал мөнгөн шагналын эзэн болохоос гадна 4-10-р байрныхан ч мөнгөн шагнал авах юм байна.
 


Гүйлтэд оролцох иргэдийг энэ сарын 6-ны 17.00 цаг хүртэл бүртгэнэ. Өөрийн биеэр болон worldmarathonmongolia.edu.mn хаягаар бүртгүүлэх боломжтой.

СУРГУУЛИАРАА МАРАФОНД ОРОЛЦООД ЯРИАНЫ ГАДААД БАГШТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ

Энэ удаагийн марафоныг Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байна.

Ингэснээр ерөнхий боловсролын сурагчдад англи хэлний мэдлэгээ сайжруулах боломж гарч байна. Учир нь сурагчдын буюу 5 км-ийн гүйлтэд сургуулиараа бүртгүүлж, оролцвол тухайн сургуульд ярианы мэргэжлийн гадаад багш, мэргэжилтнийг урьж ажиллах тал дээр түлхүү анхаарах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Мөн багш, оюутан, сурагчид идэвхтэй оролцоод зуны англи хэлний багш, сурагч солилцоо хөтөлбөр болон зуны ярианы англи хэлний сургалтад хөнгөлөлттэй үнээр сурах эрхийн бичиг авч болох юм байна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ЗОЧИЛЖ, ТЭМЦЭЭНД ОРОЛЦООРОЙ

Энэ өдөр төв талбайд олон төрлийн үйл ажиллагаа болно. Есөн дүүрэг спортын үйл ажиллагаагаа танилцуулж, фитнес, спортын клубууд танилцуулга хийж, хөнгөлөлттэй хичээллэх эрхийн бичиг тарааж мөн зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах аж.

Иргэдийн дунд олон төрлийн сонирхолтой тэмцээн, уралдаан ч болно. Үүнд:

    - Хөл бөмбөг,
    - Сагсан бөмбөг,
    - Олс таталт,
    - Софт теннис,
    - Ширээний теннис,
    - Шагай няслах, шүүрэх, морь уралдах,
    - Шатрын тоглолт, тэмцээн болох юм.

Мөн экстрим дугуйн үзүүлэх тоглолт, талбайн болон софт теннис, хийн дасгал, ахмадын аэробик, спорт болон уран сайхны гимнастикийн үзүүлбэрүүдийг сонирхуулна.

#Freetime #marathon #sport