"BLACKPINK The Movie" наймдугаар сараас кино театруудаар гарна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-25

BLACKPINK хамтлаг таван жилийнхээ ойг тохиолдуулан "BLACKPINK The Movie" хэмээх киног дэлгэцнээ гаргахаар болжээ. 

"BLACKPINK The Movie" кино наймдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын кино театруудаар гарах бөгөөд зургадугаар сарын 30-ны өдрөөс тасалбар захиалга нь эхлэх аж. 

Тус киногоор BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүний (Jisoo, Jennie, Rose, Lisa) таван жилийн хөдөлмөр, дурсамжийг харуулж, тэдний шүтэн бишрэгчдэдээ хэлэхийг хүсдэг үгсийг дамжуулах юм байна. Мөн зөвхөн Өмнөд Солонгост бус дэлхийн 100 гаруй улс орны шүтэн бишрэгчдэдээ үзүүлэх бөгөөд үүнд Монгол улс ч багтсан байгаа аж. 

BLACKPINK хамтлагийн хувьд өмнө нь Netflix медиа компанитай хамтран "BLACKPINK: Light Up the Sky" (2020) нэртэй баримтат киногоо цацсан бөгөөд уг кинонд өөр өөр зан төрхтэй охид хэрхэн нэг хамтлаг болж амжилтад хүрсэн тухай өгүүлдэг аж. Түүнчлэн, урлагийн ертөнцөд амжилтад хүрэхийн тулд хүнд хэцүү цагийг хэрхэн даван туулж буйг харуулжээ. 

BLACKPINK хамтлаг 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр анхны уран бүтээлээ гаргаж өдгөө дэлхийд цуутай охидын хамтлаг болсон юм. YG энтертайнментаас BLACKPINK хамтлагийг урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаас эхлэн "BLACKPINK: Light Up the Sky" (2020) баримтат киног гаргахаар бэлдэж байсан гэдэг. 

"BLACKPINK The Movie" киноны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

 

Эх сурвалж: Billboard

 

#Энтертайнмент #Кино урлаг #BLACKPINK #The Movie