Халдвар авсан сурагчдаас ЭЕШ-ыг хэрхэн авах нь тодорхойгүй байна


О.Хандмаа | YOLO.MN
2021-06-17

Ковид-19-ийн халдвар авсан хүүхдүүдийн тоо өссөөр байгаа талаар ЭМЯ-наас анхааруулж буй. ЭЕШ ирэх сарын 1-4-ний өдрүүдэд болно.

Халдвар авсан, ойрын хавьтал болсон тусгаарлалтад буй сурагчдыг хэрхэн бүртгэлжүүлж, шалгалт өгөх нөхцөлийг хангах талаар иргэний асуулт манай редакцад ирсэн юм. Цар тахлын үед ЭЕШ-ыг эрсдэлгүй зохион байгуулах үүргийг УОК-ын 20 дугаар хуралдаанаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон.

Тэгвэл халдвар авсан хүүхдүүдийг хэрхэн шалгалтад хамруулах, энэ талаар ямар журмыг баримтлах зэрэг нь одоо ч тодорхойгүй байна. Цар тахлын улмаас ЭЕШ өгч чадахгүй бол тухайн сурагч бүтэн жил хүлээх шаардлага үүсэх эрсдэлтэй юм.

Үүний дагуу Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

Халдвар авсан, тусгаарлалтад буй сурагчид хэрхэн ЭЕШ-д хамрагдах вэ. Энэ талаар ямар зөвлөмж, журам хэрэгжих бол?

-ЭЕШ-ыг зохион байгуулах байранд эмч ажиллана. Хүүхдүүдээс асуумж авч, биеийн байдлыг нь үнэлэн шалгалтад оруулна. Зарим хүүхдэд халдварын шинж тэмдэг илэрвэл шалгалтын байруудад тусгайлан бэлдсэн тусгаарлах байранд оруулж, шалгалтыг зохион байгуулна. Шалгалт дууссаны дараа холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандах юм.

Харин ковид-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эдгэрсэн бичгээ авч, үзүүлээд шалгалтад орно.

Халдвар авсан, ойрын хавьтал болсон, тусгаарлалтад байгаа сурагчдаас хэрхэн шалгалт авах, ямар зохицуулалт хийх тухай одоохондоо албан шийдвэр гараагүй байна. ЭМЯ-наас энэ талаарх зөвлөмж, чиглэлийг ойрын хугацаанд өгөх юм.

Сурагчдыг вакцинжуулах явц хэдэн хувьтай байна вэ?

- Сургууль бүрээс мэдээллийг нь аваад нэгтгэх ажлыг хийнэ. Зургаадугаар сарын 8-ны байдлаар шалгалт өгөх сурагчдын 55 хувь нь 1-р тундаа хамрагдсан байсан. Одоо бол ихэнх хүүхэд вакциндаа хамрагдсан байх гэсэн таамаг байна.

Шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хэр шатанд үргэлжилж байна вэ?

-Бэлтгэл ажлыг үндсэндээ бүрэн хангасан гэж үзэж байна. Хүний нөөцийг бэлтгэх ажил үлдээд буй. Шалгалтыг авахад тусгай комисс ажиллана. Уг комиссынхонд сургалт зохион байгуулах ажил зургадугаар сарын 24-29-ний хооронд болно. Засагч багш нарын сургалт өнөөдрөөс эхэлсэн. Энэ мэтчилэн сургалтуудыг шат, дараатай зохион байгуулах юм.

#Боловсрол #ЭЕШ #Коронавирус