ЗАХИДАЛ: Боловсролгүй гэж доромжлуулж, гэр бүлийнхэндээ дарамтлуулдаг


ССҮТөв | YOLO.MN
2021-06-07

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Надаас болж хэн ч битгий шаналаасай

Сайн байна уу? Би 16 настай. Ахлах ангийн сурагч. Мэргэжил сонголтоос болоод амьдралд арай нухацтай хандах үе ирээд байна уу даа гэж бодогдож эхэллээ. Өөрийгөө чухам хэн бэ гэдгийг олохын хажуугаар гэр бүлийнхэндээ өөрийгөө ойлгуулж, амар тайван байх тухай асуудал санааг минь чилээж байна. Би "аав ээждээ ингээд хэлчихвэл санаа нь зовох байх даа" гэж бодоод хийх үйлдэл, хэлэх үг бүрээ дотроо бодоод хэлж зүрхлэхгүй байгаа юм. Надаас болоод хэн нэг нь битгий шаналаасай, үргэлж баяртай, жаргалтай байгаасай гэж хүсдэг ч бусдыг хайхрах тэр үед би өөрийгөө гээчхээд байна л даа.

Тэгээд бас зүгээр л уйтгарлаж сууж байгаад л уйлчихдаг. Яг яагаад гэдгээ ч мэдэхгүй уйлж байснаа тайвшраад эргээд хэвийн болчихдог. Хааяа энэ дэлхийн бүх зүйл дэндүү хэцүү, зовлонтой юм шиг санагддаг. Тэгсэн хэрнээ заримдаа энэ хорвоо ямар гайхалтай, сайхан байгааг мэдэрдэг. Хэн нэгэнтэй ярих гэсэн ч намайг тоож ярих ч хүн олдохгүй, бүгд л завгүй гэцгээдэг. Сүүлдээ ганцаараа ярьдаг болчихсон. Тэгээд бас өөрөө өөрийгөө өрөвдөлтэй мэтээр мэдрэх огт дургүй. Хүчгүй, сул дорой байгаадаа ундууцсаар өөрийгөө жаргалтай, сайн байгаа гэж бусдад ойлгуулж байгаа ч дотроо зүгээр биш гэдгээ сайн мэдэж байна.

Учир нь олдохгүй төөрдөг байшинд гацчихсан ч туслах хүн нэг ч байхгүй юм шиг санагдах эдгээр үеүдэд би яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт мэдрэгдэж буй бүх сэтгэл хөдлөлийг гадагшлуулаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг хадгалах гэсэн хүсэл эрмэлзэл чинь сайн байна. Хүн бүрт сэтгэл хөдлөл болоод мэдрэмжээ гаргах хэрэгцээ бий. Сэтгэл хөдлөл дандаа эерэг байдаггүй. Өөрөөр хэлбэл нөгөө талд сөрөг сэтгэл хөдлөл бий. Тэгвэл хүн өөрт мэдрэгдэж байгаа бүхий л сэтгэл хөдлөлийг гадагшлуулах шаардлагатай байдаг.

Хүмүүс эерэг сэтгэл хөдлөлөө санаа зовохгүйгээр ил гаргаж чаддаг хэдий ч сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргахаа мэддэггүй. Бид гэнэт байж байгаад, зүгээр сууж байгаад уйлдаггүй. Өөрт чинь удаан хугацаанд хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөл бий болсон болохоор уйлж байгаа юм. Гэхдээ зүгээр дээ. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ бол хэвийн зүйл. Уйлж байгаа чинь сайн хэрэг.

Сөрөг сэтгэл хөдлөлийг эсэргүүцэх биш хүлээн зөвшөөрч байгаарай. Гуниг, ичгүүр, гомдол, бухимдал гэх мэдрэмжүүдийг дотроо хадгалах, нуух, зогсоох гэж оролдох нь дотор чинь улам бүр бугших аюултай. Сул дорой байх нь хүн байгааг маань л илтгэж байгаа хэрэг. Үүнд санаа зовох хэрэггүй дээ. Цаг тутамд аз жаргалтай, мундаг, хүчтэй нэгэн байх боломжгүй шүү дээ.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Энэ их асуудлыг яаж давах ёстой минь ойлгуулах хүн байдаг ч болоосой

Сайн байна уу? Би 25 настай. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 3-р курсийн оюутан. Нэг хүний эхнэр, хүүхдийн ээж. 

Дээр дурдсан шиг 25 настай байж 3-р курс гэхээр гайхаж байгаа байх. Товчхондоо бол өөрийгөө олоогүйгээс болж, өсвөр насны хайр дурлалаас болж цаг их алдсан юм. Гэхдээ бууж өгөхгүйгээр өмнөхөөсөө ч ихээр хичээж байгаа. Маш их гэж хэлж чадахгүй ч юмсыг өөрөөр хардаг болсон гэх үү дээ. Гэсэн ч асуудал надаас салсангүй. Байр байдал минь өмнөхөөсөө дордсон ч гэж хэлж болох юм. Учир нь хүний эхнэр, хүүхдийн ээж байх амаргүй байна. Нэгдүгээрт их сургуулиа төгсөөгүй болохоор санхүүгийн асуудалтай. Мөн боловсролгүй гэх доромжлол сонсож, гэр бүлийнхэндээ ч дарамтлуулж байна. Хоёрдугаарт, гэр бүлийнхээ бүх хүнээс зэмлэл сонсдог. Өмнө нь сурч чадаагүй байж одоо юу хийх юм, мөнгөний гарз, эх хүн болсон юм байж бодлогогүй гэх мэт. Гуравдугаарт, хоёр гэрийн хооронд хоёр жил явж байгаа нь маш тухгүй. Дөрөвдүгээрт, нөхөр маань хамгийн гол нь байгаа юм. Намайг тийм ч их дэмждэггүй, ойлгодоггүй, дорд үздэг. Энэ харилцаа нэг жил л болсон байхад намайг ажлынхаа хүүхэнтэй хуурсан. Энэ нь надад их хүнд байдаг. Өмнөх үерхэл маань яг тийм байсан юм. Их хуурдаг. Маш их сэтгэлийн шарх мэдэрч байсан ч алдаа маань дахин давтагдсанд их гайхаж байна. Энэ их асуудлаа яаж, юу хийж давах ёстойг минь ойлгуулах хүн байдаг ч болоосой.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө шүүмжлэх бус хайрлах сонголтыг сонгоорой

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрт тулгараад байгаа асуудлаа нэг нэгэнгүй бичсэнд баярлалаа. Бусад хүнийг өөртэйгөө харьцуулах, өөрт байхгүй зүйл бусдад байгаа гэдэгт ач холбогдол өгөх нь өөрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөнд юу болсон, өнгөрсөн амьдралаасаа ямар мэдрэмж авснаас үл хамааран одоо байгаа өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө шүүмжлэх сонголтыг биш өөрийгөө хайрлахыг сонгоорой.

Эргэн тойрноос их хэмжээгээр шүүмж ирэх үед бид өөрсдийн үнэ цэнээ мартаж эхэлдэг. Бусад хүмүүс өөрийг чинь шүүмжиллээ гээд өөрийн чинь үнэ цэнэ буурахгүй юм шүү. Гэр бүлийнхэндээ өөрийн сурах хүсэл эрмэлзлээ хэлэхээс битгий цааргалаарай. Охиндоо итгээрэй гэдгээ ээждээ хэлээрэй. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэй хүмүүсийг халамжит эх хүн гэж хардагтай адил нийгэмд баялаг бүтээгч гэсэн нүдээр хараасай. Тэд бол баялаг бүтээх чадвартай хүмүүс юм шүү. 

Гэр бүлийн гишүүн болох нөхрөөсөө их том цочрол авсан бололтой. Хэрэв урт хугацаанд бие биенээ гомдоож байсан бол хосын сэтгэл зүйн зөвлөгөөнд орохыг хүсэж байна. Хосын зөвлөгөөнд явахад анхаарах чухал зүйл бол хос хоёр аль аль нь өөрсдийнхөө асуудал дээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай байдаг. Мэдээж албан шахалтаар явах нь үр дүнгүй. Нөхөр чинь бие даасан хүн тул түүнийг хүссэнээрээ засах боломжгүй. Өөрийн хүслээс ангид зүйлийг засах гэж оролдох нь өөрт чинь л хэцүү. Нөгөө хүнээ засаад өөрчилчихвөл бүх асуудал шийдэгдэх юм шиг санагдаж магадгүй юм. Гэхдээ амьдралд тань үүссэн нөхцөл байдал таны сэтгэл зүйд яаж нөлөөлсөн, юу мэдэрсэн гэдэг чухал бөгөөд үүнийгээ илэрхийлж гадагшлуулах хэрэгтэй юм шүү. Тиймээс итгэж болох хүнтэйгээ ярилцах эсвэл сэтгэл зүйчтэй биечлэн уулзаж мэдрэмжээ гадагшлуулаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter