Англи хэлний ДУНД шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой 5 YouTube суваг


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-05-31

Цахим орчноос хүссэн мэдээллээ авдаг болсон өнөө цагт англи хэлийг бие даан сурах боломж хэн бүхэнд нээлттэй болжээ. Бид энэхүү нийтлэлээрээ англи хэлний дунд шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой таван YouTube сувгийг танилцуулж байна. 

ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ

Хичээлээ үзэж эхлэхээсээ ч өмнө буюу хамгийн түрүүнд хийх шаардлагатай зүйл бол түвшингээ тодорхойлох. Тиймээс ЭНД дарж англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, өөрийгөө чухам хаана явааг мэдэж аваарай. 

1. ENGLISH CLASS 101

Англи хэл суралцагчдын дунд ихээхэн алдартай энэ сувагт ярих, унших, сонсох чадваруудаа нэгэн зэрэг, системтэйгээр хөгжүүлэх боломжийг олгох видео хичээлүүд цувралаар байршдаг. Гурван минутын түргэвчилсэн хичээлээс эхлээд 1-2 цагийн урттай гүнзгийрүүлсэн хичээлүүд ч байх бөгөөд өөрийгөө сорих тест байдаг нь авууштай.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

2. SOZO-X

Өмнөх сувгаас ялгаатай нь “Sozo-X” зөвхөн ярианы англи хэлд зориулсан богино хичээлүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Хоорондоо ижил дуудлагатай үгсийн утгын ялгааг тайлбарласан бичлэгүүд, уншихад хэцүү үгсийн дуудлагыг олон давтамжтай удаашруулан хэлсэн хичээлүүд энд байршдаг. Хичээлүүд нь ердөө 1-2 минут үргэлжлэх тул өдөрт өөртөө хэдхэн минут зарцуулан богино хугацаанд олон үгсийг цээжлээрэй.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

3. LEARN ENGLISH WITH TV SERIES

Олон хүмүүс киногоор дамжуулан англи хэлээ сайжруулах нь үр дүнтэй гэж ярьдаг. Гэвч киноныхоо үйл явдалд анхаараад зорилгоо мартах тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Тэгвэл энэ суваг нь киноны хэсгээс түүвэрлэн, тухайн хэсэгт ашиглагдаж буй хэлц үгсийн хэрэглээ, дуудлага, үгсийн утга дээр гээд бүхий л төрлийн задланг хийдэг. Ийнхүү киноны хэсэгт задлан хийснээр англи хэл сурах нь сонирхолтой болохоос гадна дараа нь санахад амар байдгаараа давуу талтай.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

4. ON THE GO WITH EF

EF International Language Campuses-YouTube сувгаас эрхлэн гаргадаг уг хөтөлбөрийн хичээлүүд нь англи хэлийг аяллаар дамжуулан заадгаараа онцлогтой. Өөр өөр газрын соёлтой танилцах сонирхолтой аяллын влогийг үзэнгээ сэтгэл хөдлөлөө хэрхэн, ямар үг хэллэгээр илэрхийлж буйг ажиглан англи хэлээр илүү чөлөөтэй ярьж сураарай.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

5. VOA LEARNING ENGLISH

Voice Of America олон улсын сувгаас эрхлэн гаргадаг тус сувагт дүрмийн, сонсголын, харилцан ярианы гээд бүхий л төрлийн хичээлүүд байршдаг. Тэгвэл тус сувгийн онцлох цуврал хичээл нь “мэдээний тойм ” билээ. Эрүүл мэнд, эдийн засаг, хөдөө аж ахуй гэсэн гурван ерөнхий сэдвийн хүрээнд бэлтгэсэн мэдээнүүдийн тусламжтайгаар англи хэлний “мэргэжлийн” үгсийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Гадаад хэл #Англи хэл