ҮЗЭЭД ҮЗ: Чадварлаг жүжигчдийн бүрдэл “Mine”


Бид өмнөх нийтлэлдээ онц сонирхолтой “Doom at Your Service” (2021) цувралыг танилцуулсан бол энэ удаа tvN телевизийн ээлжит бүтээл “Mine” киног санал болгож байна. Мэдээж нийтлэлдээ ямар ч спойлер агуулаагүй шүү.

“MINE” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү цуврал нь энэ сарын 8-нд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд нийт 16 ангитай. Орон даяар 7.3 хувийн үзүүлэлттэй уг цувралын зохиолчоор “Strong Woman Do Bong Soon” (2017) киноны Baek Mi Kyeong, найруулагчаар “Fight For My Way” (2017) цувралын Lee Na Jeong нар тус тус ажилласан юм. 

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Бид амьдралын олон асуудлаас болоод жинхэнэ өөрийгөө гээснээ ч анзааралгүй дүр эсгэн амьдарч байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү бүтээлээс та өөрийн мөн чанараа эргэн олж авахыг хүсэж буй эмэгтэйчүүдийн түүхийг үзэх болно.

1. ЗОХИОЛЧИЙН СЭТГЭГДЭЛ

Зохиолч Baek Mi Kyeong бүтээлийнхээ тухай сэтгэгдлээ хуваалцжээ.

- “Зохиолч хүнийхээ хувьд юун түрүүнд Lee Bo Young, Kim Seo Hyung зэрэг чадварлаг жүжигчидтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Тэд дүрдээ үнэхээр сайн тохирч, дүрээ ойлгож, мэдрэх тал дээр ямар ч асуудалгүй байсан. Тэгэхэд л тэднийг сонгосондоо хамгийн их талархсан” хэмээн ярьсан юм.

Тэрээр “This is My Love” (2015), “Lady in Dignity” (2017), “Melting Me Softly” (2019) зэрэг цувралын зохиолыг бичсэн туршлагатай билээ. 

2. НАЙРУУЛАГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Найруулагч Lee Na Jeong нь “Oh My Venus” (2016), “Love Alarm” (2019) цувралуудыг найруулсан туршлагатай. Тэгвэл энэ удаагийн цувралынхаа тухай “Энэ бүтээл өмнө нь ажиллаж байсан кино төслүүдээс маань ихээхэн онцлогтой. Анх зохиолоо уншиж байхдаа зохиолчийнхоо хэлэх гэсэн санааг дэлгэцэнд буулгаж чадах болов уу гэдэгтээ санаа зовж байсан шүү. Кино багийн зүгээс үзэгчдийн нүд, чихийг баясгах бүтээлийг хийхэд маш их анхаарсан. Тиймдээ ч киноны хөгжим, жүжигчдийн гадаад төрх, хувцаслалт, амьдралын хэв маяг зэргийг нарийн харуулахыг хичээсэн” хэмээн ярьжээ.

3. ЖҮЖИГЧИН LEE BO YOUNG

Бүтээсэн олон дүрээрээ та бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Lee Bo Young нь тус цувралд Seo Hee Soo-гийн дүрийг бүтээж байгаа бөгөөд “Миний дүр бол үзэл бодолдоо үнэнч, үргэлж өөрийнхөөрөө байдаг гэгээлэг нэгэн. Анх зохиолоо уншаад ийм гэнэн цайлган, эгдүүтэй гэмээр төрхийг яаж илэрхийлэх тухайгаа маш их бодсон. Гэвч миний дүр киноны эхний хагасаас өөрчлөгдөх бөгөөд үзэгч та бүхэн түүний шинэ төрхийг заавал үзээрэй” хэмээн ярьжээ. 

Түүний тухай сонирхолтой баримтаас дурдахад тэрээр жүжигчин Ji Sung-той 2013 онд гэрлэсэн билээ. Одоогоор тэд хоёр хүүхэдтэй.

4. “SKY CASTLE” (2019) ЦУВРАЛААС ЯЛГААТАЙ НЬ...

Та бидний сайн мэдэх “Tempetation of Wife” (2008) буюу “Эхнэрийн урхи” киноны Shin Ae Ri-гийн дүрээрээ алдартай жүжигчин Kim Seo Hyung нь тус цувралд Jung Seo Hyun-ы дүрийг бүтээж байгаа юм. Тэрээр уг киноны тухай “2019 онд дүр бүтээж байсан “Sky Castle” цувралаас ялгаатай нь энэ удаа би өөрөө баян айлын эзэгтэйн дүрд тоглосон. Тиймээс явсан газар бүртээ бусдаар хаалгаа нээлгүүлж, энгийн хүмүүсийн байнга ороод байдаггүй дээд зэрэглэлийн газруудаар үйлчлүүлэхээс эхлээд тухгүй санагдах зүйл цөөнгүй байсан шүү” хэмээн ярьсан юм.

5. ЖҮЖИГЧИН OK JA YEON 

Зохиолч Baek Mi Kyeong-оос өндөр үнэлгээ авсан жүжигчин Ok Ja Yeon нь 2016 онд “Age of Shadows” кинонд туслах дүр бүтээснээр жүжигчний гараагаа эхэлсэн юм. Харин түүний талаар “Mine” цувралын зохиолч ийнхүү ярьжээ:

- “Анх хараад л түүний хүчирхэг байдлыг мэдэрсэн. Энерги, харц нь үнэхээр тоглоом биш байсан шүү. Ялангуяа түүний харц нь дүрийг үнэхээр сайн амилуулж чаддаг. Ирээдүйд Ok Ja Yeon-ий бүтээх дүрүүдийг тэсэн ядан хүлээж байна” хэмээсэн юм.

Түүний чадварлаг жүжиглэлтийг “The Uncanny Counter” (2020) цувралаас мөн харах боломжтой.

6. ДУУЧИН, ЖҮЖИГЧИН “N”

Vixx хамтлагийн дуучин N буюу Cha Hak Yeon нь 2014 оноос жүжигчний гараагаа эхэлсэн билээ. Тэрээр энэхүү цувралын тухай “Кино зохиол маань маш сонирхолтой санагдсан. Бүх дүр нь амьдралд ойр мэдрэмж өгсөн л дөө. Мөн чадварлаг жүжигчидтэй хамтран ажиллах болсондоо маш их олзуурхсан учир киноны саналаас татгалзах ямар ч шалтгаан байгаагүй. Би дүрээ бүрэн илэрхийлэхийн тулд гадаад төрх, бие, хувцаслалт зэрэг дээрээ ихээхэн анхаарсан” хэмээн ярьжээ.

Сонирхолтой баримтаас дурдахад жүжигчин Seo Ji Sub зураг авалтын талбай руу кофены машин явуулж түүнд амжилт хүссэн юм. Тэд нэг агентлагийн жүжигчид билээ.

7. ЦУВРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ САНАА

Жүжигчин Lee Bo Young-ы хэлж буйгаар “Дайсан чинь эцсээ хүртэл муу нэгэн биш байж ч болно. Яг үүн шиг сайхан сэтгэлтэй хүмүүс үүрд тийм хэвээрээ байна гэсэн үг биш. Манай цувралаас та бүхэн хүн гэгч амьтны олон янзын араншинг маш тодоор харах бөгөөд өнөөдрийн дайсан маргаашийн найз чинь байж болно гэдгийг ойлгоно гэж найдаж байна” хэмээжээ.

Эмэгтэй хүний биеэ даасан, хүчирхэг байдлыг харуулах “Mine” цувралаа та яг одоо эхлүүлээрэй. Киноны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж Soompi

#Кино урлаг #Үзээд үз #Mine