Kendall Jenner: Цахим хэрэглээ маань ХЯНАЛТААС гарсан


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-05-27

Vogue сэтгүүлээс эрхлэн гаргаж буй “Open Minded” цувралд загвар өмсөгч Kendall Jenner оролцсон бөгөөд цахим хэрэглээнийхээ тухай илэн далангүй ярьжээ.

Тэрээр цахим орчинд хамгийн нөлөөтэй алдартнуудын нэг бөгөөд Инстаграмд л гэхэд 165 сая дагагчтай. Гэсэн хэдий ч түүний хувьд цахим орчны хэрэглээ хяналтаас гарсан төдийгүй сэтгэл түгших эмгэгийнх нь нэг шалтгаан болдог тухай ярьжээ. Тэрээр:

- “Сэтгэл түгших эмгэгт маань хамгийн их нөлөөлсөн зүйл бол цахим орчинд үзэж буй сөрөг зүйлс байсан. Би дэлгэц ширтэж суух бүрдээ бодит байдлыг анзаарахаа больж байгаагаа мэдэрдэг. Яг одоогоор бол би цахим сүлжээнд бага зэрэг донтчихсон байна. Үүгээрээ бахархаж байгаа юм биш шүү. Харин бидний дунд түгээмэл ажиглагдаж байгаа зүйл гэж бодож байна” хэмээн ярьжээ. Мөн үргэлжлүүлэн:

- “Миний хамгийн дургүй зүйл бол хүмүүс түүхийг бүтнээр нь мэдэхгүй байж цахим орчин дахь өчүүхэн нийтлэлд маш их ач холбогдол өгч, өөрсдийнхөөрөө дүгнэдэг явдал. Интернет жижигхэн зүйлийг ч ямар ч агуулгагүйгээр хүргэдэг. Тиймдээ ч хүмүүс үйл явдлыг нь бүрэн гүйцэд мэдэхгүй байж нэгнийгээ жижигхэн зүйлээр шүүж эхэлдэг” хэмээв.

Ийнхүү тус цувралд оролцож буй эмч Partida Kendall Jenner-т хандаж бодит байдал болон цахим орчин дахь хэрэглээгээ тэнцвэртэй байлгахыг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, цахим орчныг шууд орхихоос илүүтэй яагаад үүнийг ашиглаж буйгаа ойлгож, юунд зориулж ашиглахаа төлөвлөхийг санал болгосон байна.

Kendall “Open Minded” цувралын өмнөх дугаарт сэтгэл түгших эмгэгийнхээ талаар ярьсан бөгөөд түүний эмгэгийн дийлэнх нь цахим орчноос үүдэлтэйг ч хүлээн зөвшөөрсөн аж. 

Эх сурвалж: Teen Vogue

#Оддын тухай #Kendall Jenner #Хувь хүний хөгжил