Ганцаардлыг даван туулахад тань ТУСЛАХ гурван зөвлөмж


Миау | YOLO.MN
2021-05-18

Энэхүү нийтлэлээрээ бид ганцаараа байх болон ганцаардах хоёрын ялгааг тайлбарлаж, ганцаардлыг даван туулахын тулд хийх алхмуудыг танилцуулах болно.

Ганцаардсан мэдрэмж ихэвчлэн хайртай хүнээсээ салсны дараа, шинэ орчинд орж ирсний дараа, эсвэл өвчин, цар тахал зэрэг бусад хүчин зүйлсээс шалтгаалан хэт удаан хугацааг зөвхөн өөртэйгөө өнгөрүүлсний дараа мэдрэгддэг. Гэхдээ дүүрэн хүнтэй өрөөнд байхдаа хүртэл ганцаардах нь бий. Магадгүй чи ч бас ийм нөхцөл байдалд орж байсан л байх.

Угтаа бол ийм мэдрэмж төрөх нь хэвийн. Ганцаардлыг салахгүй дагаж явдаг уйтгар гуниг гэдэг мэдрэмж нь ч бас хэвийн. Өөрөөр бол хүн бүр амьдралдаа ганцаардлыг туулж үзсэн байдаг. Үлгэр дуурайл авдаг, биширдэг хүн чинь ч бас үүнийг давж гарсан л байгаа гэсэн үг.

Энэ үед бидний хийдэг хамгийн том алдаа бол энэ мэдрэмжээс зугтаах. Өөрийгөө гадаад хүчин зүйлсээр сатааруулах гэж оролдох. Ингээд л завгүй харагдах гэж оролдох, олон нийтийн үйл ажиллагаанд явахаас татгалзаж оройжин утсаа оролдож хэвтэх зэрэг хачирхалтай үйлдлүүд хийдэг. Үр дүнд нь чи ямар ч урам зориг, аз жаргалгүй, бусадтай харьцах хүсэлгүй болно. Ганцаардлын хамгийн том сөрөг үр дагавар бол өөрийгөө бусдаас улам л тусгаарламаар санагдах мэдрэмж юм.

Ингээд ганцаардах мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ ганцаараа байхдаа ч амар амгаланг олоход чинь туслах гурван зөвлөгөөг дор жагсаая.

1. ГАНЦААРДЛЫГ ОЙЛГОХ НЬ

Ганцаардлыг туулах энэ “ажиллагаа”-г тоглоомын нэг үеийг давахтай зүйрлэж болох юм. Тоглоомын энэ үеийн замын тал нь ердөө л ганцаардал гэж юу болох, энэ нь ганцаараа байхаас юугаараа ялгаатайг ойлгох даалгавартай байна.

Тиймээс юун түрүүнд танд ганцаардсан мэдрэмж төрж, яахаа мэдэхгүй байгаа бол утсаа аваад гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл сэтгэлзүйчид хандаарай. Өөрт төрж буй мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваалцах нь ганцаардлын эсрэг хийж буй анхны алхам чинь юм шүү. Ганцаардсан мэдрэмжийг үгүйсгэж, өөрөөсөө түлхэх тусам тухайн мэдрэмжийн цаана ямар асуудал нуугдаж буйг олж мэдэхэд хэцүү болно. Мэдээж үүнийг олж мэдэхгүй бол ганцаардал хэмээх хоосон мэдрэмж улам бүр мэдрэгдсээр байх юм.

2. ГАНЦААРДАЛ VS. ГАНЦААРАА БАЙХ

Тэгвэл ганцаардах мэдрэмж болон ганцаараа байх хоёрыг хэрхэн ялгах вэ? Энгийнээр тайлбарлавал ганцаардах мэдрэмж бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг бол ганцаараа байх нь одоо цагт төвлөрч, өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, үр бүтээлтэй байхад тусалдаг.

Зарим хүмүүс гэр, сургууль, олон нийтийн газар ганцаараа байхад шууд л гуниглаад эхэлдэг. Гэхдээ ховор олдох энэ цаг хугацааг зөв төлөвлөж чадвал харин ч үүнд дурлаад ирнэ гэхэд хилсдэхгүй. Тиймээс ганцаараа байхдаа бясалгалыг биеийн хүчний дасгал болон өөрийгөө хөгжүүлэх ажилтай хослуулан хийж чадвал болох нь тэр.

3. ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ АЛХАМ

Ганцаардлын сөрөг нөлөөг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол бясалгал хийх. Бясалгалыг хийх тусам эерэг үр дагавар нь мэдрэгдэх нь их байдаг. Тиймээс ганц хоёр удаа хийсний дараа нэг л болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрвөл битгий шантраарай. Тархины мэс засалч Vivek Murthy хэлэхдээ:

- "Хүмүүс ганцаардахтай зэрэгцээд өөрөөсөө их ичдэг. Магадгүй ганцаардаж байна гэвэл бусад хүмүүс өөрийг нь онцгүй, хачин гээд ойлгочихно гэж боддогоос болдог байх. Гэхдээ энэ нь өлсөх, цангахтай л ижил зүйл. Биед хоол тэжээл хэрэгтэй үед өлссөн мэдрэмж төрдөг шиг хүн хоорондын харилцаа хэрэгтэй үед ганцаардсан мэдрэмж төрнө".

Тэгвэл бясалгал хийх нь бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндийн аль алинд нь эерэг нөлөө үзүүлдэг гэдэг нь Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн судлаачдын 2012 онд хийсэн нэгэн судалгаагаар тогтоогдсон байна. Судлаачид ахмад настнуудыг найман долоо хоногийн хугацаатай бясалгалын курсэд хамруулжээ. Үр дүнд нь тэдний ганцаардах мэдрэмж буураад зогсохгүй зүрхний хэмнэлд нь эерэгээр нөлөөлсөн байв. Бясалгал хийх нь үр дүнтэйг баталсан үүнтэй адил өч төчнөөн судалгааны үр дүн байдаг. 

Эх сурвалж: Headspace

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил #Ганцаардал #Headspace