Кпопын эргэн тойронд: GOT7 хамтлагийн JB олон нийтээс УУЧЛАЛТ гуйлаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-05-17

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

GOT7 ХАМТЛАГИЙН JB ОЛОН НИЙТЭЭС УУЧЛАЛТ ГУЙЛАА

GOT7 хамтлагийн гишүүн JB цахим хаягаараа шууд дамжуулалт хийсэн бөгөөд түүний арын ханан дээрх “нүцгэн” зургууд шуугиан тарьжээ. 

Тэрээр шууд дамжуулалт хийхдээ тун удахгүй гаргах цомог болон дуунуудынхаа тухай шүтэн бишрэгчдэдээ мэдээлэл өгсөн байна. Гэсэн хэдий ч түүний ханан дээрх зургийг олон хүмүүс шүүмжилжээ. Энэ үйл явдлын дараа H1GHR MUSIC агентлагаас:

- “Сайн байна уу? JB-гийн харьяалагддаг H1GHR MUSIC агентлаг байна. Юун түрүүнд, шүтэн бишрэгчдээс нь уучлалт хүсье. JB гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, мэргэжлийн гэрэл зурагчид шиг зураг дарж сурсныг шүтэн бишрэгчид нь мэдэж байгаа байх. Тэрээр дуу хөгжмөөс гадна гэрэл зураг, уран зураг сонирхож урлагийн олон салбарт авьяас чадвараа харуулж байгаа” гэжээ.

Харин JB өөрийн Инстаграм хаягийнхаа стори хэсэгт:

- “Миний хийсэн шууд дамжуулалтыг үзсэн та бүхэндээ таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ харамсаж байна. Би таалагдсан бүтээлээ ханандаа өлгөх дуртай хэдий ч намайг бүх насны хүмүүс үзэж байхад тэдгээр зургийг харуулсандаа гэмшиж байна. Цаашид та бүхэнд таагүй мэдрэмж төрүүлэхгүй байхын тулд илүү анхааралтай байх болно. Намайг уучлаарай” гэсэн байна.

DARA YG ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ СУНГАХГҮЙ

2NE1 хамтлагийн гишүүн асан Dara 17 жилийн турш хамтран ажилласан YG энтертайнментаа орхихоор болжээ.

Энэ тухай YG энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “17 жилийн турш бидэнд итгэж, бидэнтэй хамт байсан Dara-даа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бидний зүгээс Dara-гийн шинэ эхлэлийг бүх талаас нь дэмжиж ажиллах болно.

Бид 2004 онд Dara-тай уулзаж, 2009 онд тэрээр 2NE1 хамтлагийн гишүүн болж кпоп ертөнцөд хөл тавьсан билээ. Ийнхүү дуу хөгжмөөс гадна кино урлаг, нэвтрүүлэг, гоо сайхан, загварын чиглэлээр хичээнгүйлэн ажиллажээ.

Та бүхэн түүнийг улам гэрэлтэхэд нь тусалж эерэг хандлагаар дэмжээрэй. Энэ бүх хугацаанд YG энтертайнментийн уран бүтээлч Dara-г хайрласанд баярлалаа” гэжээ. 

RED VELVET ХАМТЛАГИЙН JOY ЦОМОГ ГАРГАНА

SM энтертайнментаас Red Velvet хамтлагийн гишүүн Joy анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.

Joy өнгөрсөн хугацаанд “Hospital Playlist”, “The Liar and His Lover” зэрэг алдартай кинонуудын дууг дуулсан бөгөөд SM энтертайнментаас Joy-ийн шинэ цомгийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Түүний цомог нь хуучны алдартай дуунуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчлэн дуулсан дуунуудаас бүрдэх бөгөөд ийм цомгийн хамгийн тод жишээ нь IU-гийн “A Flower Bookmark” юм. 

РЕППЭР JESSI ЭЭЖ БОЛОХЫГ ХҮСЭЖ БУЙГАА ХЭЛЭВ

SBS Power FM-ийн “Boom Boom Power” нэвтрүүлэгт оролцсон реппэр Jessi цаашид гэр бүл зохиож, ээж болохыг хүсэж буйгаа нуулгүй ярьсан байна.

Тэрээр танилуудынхаа хуримд очих бүрдээ “би ч бас нэг л өдөр ингээд хуримаа хийгээд зогсоно” хэмээн боддог гэжээ. Хэдийгээр Jessi ганц бие боловч ирээдүйд гэрлэж өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсэж байгаа аж. Jessi:

- “Би одоо 34 настай болохоор аль болох хурдан гэрлэх хэрэгтэй. Гэхдээ найз залуу байхгүй байна. Би хүүхдэд маш их хайртай. Хүүхэд өсгөж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. Мэдээж хэрэг шууд хүүхэдтэй болно гэж хэлээгүй шүү. Эхлээд сайн хүнтэй учрах ёстой” гэжээ.

BERRY GOOD ХАМТЛАГ ТАРЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

JTG энтертайнментаас Berry Good хамтлагийн шүтэн бишрэгчдэд хандан тус хамтлагийг тарж байгаа тухай мэдэгдлээ.

 - “Сайн байна уу? JTG энтертайнмент мэндчилж байна. 

JTG компаниас Star Weave энтертайнментийг албан ёсоор худалдаж авсан гэдгийг дуулгамаар байна. Иймээс бид Berry Good хамтлагийн гишүүдтэй энэ талаар маш удаан ярилцсаны эцэст нэгэн шийдэлд хүрлээ. Тус хамтлагийн гишүүн Johyun цаашид Star Weave энтертайнменттай гэрээ байгуулахаар шийдсэн бол Sehyung JTG энтертайнменттай хийсэн гэрээгээ сунгахгүй байх шийдвэр гаргалаа. Бид түүний шийдвэрийг хүндэтгэж байгаа тул гэрээгээ дуусгавар болголоо. Энэ хүнд цаг үед Berry Good хамтлагтай хамт байж, хичээнгүйлэн ажилласан Sehyung-д чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Ийнхүү Berry Good хамтлагийн үйл ажиллагаа энэ хүрээд дуусаж байна. Berry Good хамтлагийг дэмжиж, нандигнан хайрлаж байсан бүх шүтэн бишрэгчдэд нь баярлалаа. 

Berry Good хамтлагийн гишүүдийг тус тусын замаар явсан ч хайрлаж, дэмжинэ гэдэгт итгэж байна”.

Berry Good хамтлаг нь 2014 онд анхны уран бүтээлээ гаргаж долоон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм.

Эх сурвалж: Allkpop, Soompi, Koreaboo

#Кпопын эргэн тойронд