Гадаад паспортын хавтасны өнгө ЯМАР УЧИРТАЙ вэ?


Ж. Од-Эрдэм | YOLO.MN
2021-05-13

Гадаад паспорт бол олон улсад зорчих иргэний үнэмлэх л гэсэн үг. Хилийн дээс даваад таван тивийн иргэд дунд зорчиход бид янз бүрийн өнгөтэй паспортууд олж хардаг. Манай улсын алтлаг соёмбо бүхий паспорт улаан өнгөтэй байхад зарим орны паспортууд цэнхэр, ногоон зэрэг өөр өөр өнгийн хавтастай байдаг.

Тэгвэл энэхүү нийтлэлээр та бүхэнд паспортын хавтасны өнгийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Дэлхий дээр ердөө дөрвөн өнгийн паспорт байдаг аж. Хар, ногоон, хөх цэнхэр мөн улаан хүрэн. Доорх газрын зурагт улс орнуудыг паспортын хавтасны өнгөөр нь будсан байна.

Ингээд та бүхэнд ямар улс ямар өнгийн паспорттой байдаг талаар тайлбарлая. Юун түрүүнд мэдэх ёстой зүйл бол хавтасны өнгийг тухайн улсын Гадаад хэргийн яам шийдвэрлэдэг явдал. Тиймээс паспортыг ямар өнгөөр хэвлүүлэх нь тэр улсын л хэрэг.

1. Улаан хүрэн өнгийн паспорттой орнууд

Эрт урьдад, бас өдгөө коммунист дэглэмтэй орнууд паспортаа улаан хүрэн өнгөөр хэвлүүлдэг. Мөн Европын холбооны орнууд дундаас Хорватаас бусад бүх улсын паспорт ийм өнгийн хавтастай.

Сонирхуулахад, Европын холбоонд нэгдэх хүсэлтэй Албани, Македон, Турк зэрэг орнууд одоогоос хэдэн жилийн өмнө паспортын өнгөө улаан болгож өөрчилсөн байна. Манай орны хувьд 1921-1990 он хүртэл коммунист дэглэмтэй байсан. Дээрээс нь төрийн далбааны гуравны хоёр нь ардчилсан хувьсгал, мандан бадрахыг бэлгэдсэн улаан өнгөтэй шүү дээ.

2. Хөх цэнхэр өнгийн паспорттой орнууд

Хөх цэнхэр өнгийн паспорт нь шинэ ертөнц гэсэн утгыг бэлгэддэг. Өмнөд болон Хойд Америкийн орнууд, Австрали, Казахстан, Беларусь, Украин, Хойд Солонгос зэрэг улсын иргэд ийм өнгийн паспорттой аж. АНУ-ын хувьд 1976 онд паспортын өнгөө хөх болгож өөрчилсөн түүхтэй.

3. Ногоон өнгийн паспорттой орнууд

Ерөнхийд нь харахад лалын шашинтай орнуудын дийлэнх нь ногоон өнгийн паспорттой байдаг. Нийтлэлийн эхэнд үзүүлсэн газрын зургаас харвал Ойрх Дорнод болон Африк тивийн орнууд ногоон өнгөөр будагдсан байна. Тэдгээр орнууд энэхүү өнгийг “Мухаммедын дуртай өнгө” болон “Эх дэлхий, амьдралын өнгө” хэмээн үзэж бэлгэддэг гэнэ. Нэмж дурдахад, хүүхэд залуусын дуртай БНСУ-ын паспорт мөн ногоон өнгийн хавтастай.

4. Хар өнгийн паспорттой орнууд

Тун цөөхөн орон хар өнгийн хавтастай паспорт ашигладаг. Жишээ авбал, Конго, Замби, Ботсван, Бурунди, Габон, Малави, Ангол, Чад байна. Дээрээс нь Шинэ Зеланд ийм өнгийн паспорттой байдаг нь тус улсын үндэсний өнгө хар байдагтай нь холбоотой. 

Даян дэлхийн асуудал шийдэгдэж хил нээгдэх цагт гадаад явахдаа бусад зорчигчдын гартаа атгаж буй паспортыг нь ажиглаад үзээрэй. Үүгээр ядаж л тивийг нь таамаглах баримжаатай боллоо шүү дээ.

#Сонин хачин #Гадаад пасспорт