Ellen DeGeneres: Шоугаа өндөрлөж буй минь “тэр” хэрэгтэй холбоогүй


Миау | YOLO.MN
2021-05-13

Дэлхийд алдартай хөтлөгч, комедиан Ellen DeGeneres өөрийн нэрийн хуудас болсон “The Ellen DeGeneres Show”-гаа өндөрлөх бодолтой байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ өнгөрсөн жилийн хэрэг түүнийг шоугаа өндөрлөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл биш ажээ. Тухайлбал, өнгөрсөн зун түүний шоуны арын албанд ажилладаг байсан зарим ажилчид Ellen-ийг бодит амьдрал дээр камерын өмнө байдгаасаа тэс өөр зан араншин, хандлагатай байдаг тухай мэдэгдлийг хийсэн нь олон нийтийг цочирдуулж байв. Бүр Ellen-тэй оффист тааралдах үедээ ямар нэгэн зүйл ярих оролдлого ч хийх ёсгүй байдаг хэмээж байлаа. Энэ тухай мэдэгдэл гарахад тус шоунд зочноор уригдаж байсан урлаг, соёлын алдартнууд ч мөн шоуны үеэр өөртөө тохиолдсон таагүй дурсамжуудаас хуваалцаж байсан юм.

Харин тэрээр “The Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бүтээлч салбарын нэгэн хэсэг байна гэдэг нь өөрийгөө үргэлж сорино гэсэн үг. Шоу маань хэдий хөгжилтэй, гайхалтай байсан ч миний хувьд сорилт шиг санагдахаа больжээ. Уг нь 16-р бүлгээр энэ шоугаа өндөрлөе гэж бодож байсан боловч телевизийн зүгээс дахин дөрвөн жилийн гэрээний санал тавьсан. Надад энэ хугацаа хэтэрхий урт санагдсан болохоор гурван жилийн гэрээ байгуулсан. Хэрвээ өнгөрсөн жилийн хэргээс болоод шоугаа орхих байсан бол одоо явж буй бүлгийг эхлүүлэх ч үгүй байсан” хэмээсэн байна. 

Өнгөрсөн оны байдлаар “The Ellen DeGeneres Show” тайз дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулдаг Emmy шагнал гардуулах ёслолоос 61 шагналыг авсан байна. 

Эх сурвалж: CNN

#Мэдээ #Үйл явдал #Ellen DeGeneres